Азийн сантай хамтран ажиллана
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, НУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг нар
2015.01.09

Азийн сантай хамтран ажиллана

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг, тус сангийн Байгаль орчны төслийн менежер Жонатан Стэеси, Байгаль орчны хөтөлбөрийн ахлах зөвлөх П.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Азийн сан байгаль орчны чиглэлээр анхаарч, 2007 оноос хариуцлагатай уул уурхайн чиглэлээр ажиллаж иржээ.Улмаар 2010-2013 онд Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх төслийн нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлсэн байна. Уг төслийн гол зорилго орон нутагт талуудын буюу уул уурхайн комипаниуд, нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэхэд оршжээ.

Уг төслийн хоёр дахь үе шат 2014 оноос эхэлж, төслийн хүрээнд бичил уурхайд тохирсон нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулсан байна. Тухайн орон нутгийн байгаль орчинд нийцсэн уг аргачлалыг найман сумын 73 га газарт туршиж үзсэн нь үр дүнгээ өгсөн тухай Байгаль орчны төслийн менежер Жонатан Стэеси Д.Оюунхорол сайдтай уулзах үедээ онцоллоо.

Гол нь уг ажлын үр дүнд бичил уурхайн талбайд нөхөн сэргээлт хийх боломжтойг харуулжээ.Цаашид уг аргачлал дээр үндэслээд бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг орон нутгийн засаг захиргаатай хамтарч хийхээр төлөвлөсөн байна.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн Азийн сангийнханд талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр мөн эдийн засаг хямарсан энэ үед уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа. Гэхдээ байгаль орчноо хайрлах ард иргэдийн уламжлалт сэтгэхүйтэй уялдсан үйл ажиллагаа явуулахгүй бол уул уурхайн компаниуд, иргэд хоорондын  зөрчил, тэмцэл байсаар байна хэмээн хэллээ.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажлыг бодитой болгох,  нөхөн сэргээлт хийх орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулахаар ажиллахаа сайд мөн хэлсэн. Түүнчлэн мод тарих зэрэг байгалийн өөрийнх нь эко системийг дэмжсэн ажлыг иргэдийн оролцоотой хийх зэргээр байгаль хамгааллын олон талт, үндэсний тогтолцоог бий болгох шаардлагатайг мөн онцолсон юм.

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр иргэний нийгмийн олон байгууллага бий ч нутгийн иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан нь цөөн. Тиймээс иргэдийн үүсгэл санаачлагын холбоодыг дэмжих хэрэгтэйг Д.Оюунхорол сайд онцлов.


Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдберг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын байр суурь Азийн сангийн баримталж буй зарчимтай нийцэж байгааг онцоллоо.Хоёр тал БОНХАЖЯ, Азийн сан хооронд өмнө байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулж, үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.