Олон улсын зарим конвенцид нэгдэн орох асуудлыг зөвшилцөв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2014.11.19/ хуралдаан 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Санжмятав танилцуулсан юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 1948 онд баталсан энэхүү конвенц нь хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн төрийн байгууллагуудын тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны нөхцөл шаардлага, тогтвортой байдал, мэргэжлийн ур чадварын шалгуур зэргийг тогтооход чиглэгджээ. Одоогоор уг конвенцид дэлхийн 89 орон нэгдээд байгаа аж.
Манай улсад хөдөлмөр эрхлэлтийн бүх шатны байгууллага 10 гаруй хуулийн хүрээнд төрийн бодлогыг хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа боловч хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүйгээс бодлогын нэгдмэл байдал хангагдахгүй байгаа нь үйлчилгээний үр дүнг бууруулж, улмаар хөдөлмөрийн насны хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг хангахад бэрхшээл учруулдаг байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
Иймээс уг конвенцид нэгдэн орж, түүний агуулгад нийцүүлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний стандарт, чанар, соёлыг олон улсын жишигт нийцүүлэх, хөдөлмөрийн ажилтнуудыг чадавхижуулах, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх зэргээр үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг илтгэгч хэллээ.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон улсын байгууллагуудаас үзүүлэх техникийн туслалцаа нэмэгдэх, хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн З.Энхболд саналаа хэлэв. Гишүүний асуултад Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Санжмятав өгсөн хариултдаа, одоогоор манай улс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр олон улсын 8 конвенцид нэгдэж ороод байгаа. Энэ конвенцид нэгдэж орсноор ямар нэг төлбөр хураамж төлөхгүй гэлээ.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар уг конвенцид нэгдэн орох тухай асуудлыг дэмжиж, энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Дараа нь ”Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөв.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын ажиллах боломж, нөхцөл, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хэм хэмжээг тогтоосон “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцийг 1997 онд баталсан бөгөөд одоогоор 28 улс нэгдэн ороод байгаа аж.
Манай улсад 2012 оноос хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллага болох хөдөлмөрийн хувийн биржүүд байгуулагдаж, энэ оны 8 сарын байдлаар 44 аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн төв биржийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, төрөөс санхүүжих замаар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна.
Түүнчлэн биржийн зэрэгцээ томоохон ажил олгогчийн захиалгат хүний нөөцийн компаниуд, онлайнаар ажлын байрны зар түгээж төлбөр авдаг байгууллагууд, зөвшөөрөлгүй боловч сайн дурын үндсэн дээр ажлын байрны зуучлалын үйлчилгээ эрхэлж ажил хайгч, ажил олгогчоос шууд болон шууд бусаар төлбөр авч санхүүждэг байгууллага, аж ахуйн нэгжүүд зэрэг хөдөлмөр зуучлалын олон хэлбэр бий болжээ.
Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгох эерэг талтай ч хууль эрх зүйн хувьд зохицуулах боломжгүй байгаа нь хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулж гадаад, дотоод зуучлалын үйлчилгээ авсан иргэдийн хөдөлмөрлөх эрхийн баталгаа хангагдахгүй, эрх ашиг нь хохирох, амь нас эрсдэх, хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл зэрэг хууль бус үйл ажиллагаанд өртөх олон сөрөг үр дагавар бий болох нөхцөл байдлыг үүсгэдэг байна.
Одоогоор манай улсад хөдөлмөрийн биржүүдийн зэрэгцээ хувийн хэвшлийн 44 жижиг нэгж иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа
Иймээс тус конвенцид нэгдэн орж, түүний агуулгад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын нэр томъёо, чиг үүрэг, хөдөлмөрийн зах зээл дэх үүрэг, оролцоо, хариуцлага зэрэг үйл ажиллагааны талаарх эрх зүйн нэгдсэн зохицуулалт, бүртгэл, төр, олон нийтийн хяналт, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээр үйлчлүүлэгч, зуучлуулагчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Энхболд энэ конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хувийн хэвшилд тулгуурлаж явуулах юм байна, энэ ажилд улсын байгууллага оролцох шаардлагагүй болох нь гэж ойлгож болох уу гэдгийг тодруулсан юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Санжмятав:-Одоогоор манай улсад хөдөлмөрийн биржүүдийн зэрэгцээ хувийн хэвшлийн 44 жижиг нэгж иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа.
Эдгээр хувийн жижиг биржүүд иргэдийг ажлын байрны мэдээллээр хангасан, ажилд зуучилж оруулсан, тухайн иргэн нь 6 сараас 1 жил хүртэл хугацаанд тогтвортой ажилласан эсэхийг харгалзан зохих урамшуулал олгодог. Бас “Оюутолгой” зэрэг зарим том компани дэргэдээ хөдөлмөрийн бирж байгуулж албан ёсны зөвшөөрөлгүй ажиллаж ирсэн.
Манай улсын тухайд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагууд дангаараа аваад явах боломж хараахан бүрдээгүй байна. Иймээс энэ конвенцид нэгдэж орсноор хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх алхам руу аажмаар шилжинэ, хууль эрх зүйн зарим зохицуулалтыг ч хийнэ гэсэн хариулт өгөв.
Харин УИХ-ын гишүүн З.Энхболд нэгэнт олон улсын ийм конвенц байдаг, түүнд нь манай улс нэгдэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол цаашдаа хөдөлмөрийн биржүүдийг улсын төсвөөр санхүүжүүлдэг байдлыг зогсоож зуучлуулсан байгууллагаасаа урамшуулал аваад явдаг тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар уг конвенцид нэгдэж орох нь зүйтэй гэж үзсэн тул энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар бусад асуудлын хүрээнд нууцын зэрэглэлтэй асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.