“Залуучууд, боловсрол, эдийн засаг: ирээдүйн чиг хандлага” бага хурал болж байна
“Монгол-Германы харилцааны 40 жил. Залуучууд, Боловсрол, Эдийн засаг: Ирээдүйн чиг хандлага” сэдэвт бага хурал
2014.12.10

“Залуучууд, боловсрол, эдийн засаг: ирээдүйн чиг хандлага” бага хурал болж байна

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Монгол-Германы Чуулган нь Конрад-Аденуэрын сангийн дэмжлэгтэйгээр “Монгол-Германы харилцааны 40 жил. Залуучууд, Боловсрол, Эдийн засаг: Ирээдүйн чиг хандлага”  сэдэвт бага хурлыг 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж байна.

Ээлжит 12 дугаар бага хурлаа хийж буй тус чуулган нь хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд болон ардчилал, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлал, практик хийгээд хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцэн зөвлөмж гаргаж, түүнд  хоёр талын төр засгийн ба иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг хандуулах зорилго тавин ажилладаг юм.

Монгол-Германы Чуулган нь 1999 оны хоёрдугаар сарын 26-нд хоёр орны Ерөнхийлөгч нарын ивээл дор үүсэн байгуулагдсан бөгөөд тус байгууллагын тэргүүнээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ажиллаж байна.

Тус бага хуралд ирсэн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, парламент дахь ХАХ-ХНХ намын бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн тэргүүн Манфред Грунд, ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн хойд Азийн асуудал эрхэлсэн ажилтан Томислав Делинич, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдож буй Др.Даниел Шмюкинг, эдүгээ Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа Йоханнес Д.Рай, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Монгол-Германы Чуулганы Ерөнхийлөгч П.Очирбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герханрд Трийдеманн, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болд, МГЧ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд Л.Удвал, МГЧ-ны Тэргүүлэгч гишүүн, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Др.Х.Бэхбат болон бусад төлөөлөгчид оролцож байна.