Харшийн сүлд модны наадамд оролцож, бэлэг гардууллаа
Монголын Хүүхдийн ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг оролцлоо.
Ерөнхий сайд харшийн сүлд модны наадмыг нээж хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдад олон шинэ жил, сүлд модны наадмын урилга ирсэн. Өнөөдөр анхны наадамдаа оролцож байна. Хүүхдүүд та нар шиг байхдаа Олон улсын “Найрамдал” төв, Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадамд оролцдог байсан. Тиймээс нүүрэнд нь инээмсэглэл тодорч, аз жаргал цацарсан хүүхдүүд та нарынхаа наадмыг зорьж ирлээ” гээд шинэ жилийн мэнд хүргэлээ.
2014 онд сурлагаараа, амжилтаараа, авъяасаараа үеийнхнээ манлайлсан шилдэг хүүхдүүдэд Монголын Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, Хүүхдийн ордны дарга П.Анхтуяа нар бэлэг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.