Миний мэдэх ардчилал (2 дугаар байр эзэлсэн эссэ бичлэг)
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдийн дунд "Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдсан билээ.
Та бүхэндээ 2 дугаар байр эзэлсэн эссэ бичлэгийг толилуулж байна.
Миний мэдэх ардчилал
Миний мэдэх ардчилал бидний өвөө, эмээ, аав, ээжийн туулж өнгөрүүлсэн цаг хугацааны түүхтэй мандан бадарсан үеийн тогтолцоо
Миний мэдэх ардчилал ард түмний эрх чөлөө, эв нэгдэл, аливаа сайн сайхны төлөөх санал бодлын тэмцэлдээн
Миний мэдэх ардчилал ард түмнийхээ эрх чөлөөг дээдлэн тахиж шүтсэн эв найрамдлын өлгий
Миний мэдэх ардчилал агуу их удирдагч нарын сайн сайхны төлөөх санал бодлын тулалдаан л гэж би мэднэ.
Миний мэдэх 1990-ээд оны ардчилал. Их хөдөлгөөн, Их хувьсгал, болох ардчиллын арвин үйлсээр төрийн тогтолцоо өөрчлөгдөж, түмэн олон шударга ёс эрх чөлөөг олж авсан түүхтэй. Энэхүү ардчилал, эрх чөлөө хэмээх эхийн хэвлийгээс, эв нэгдэл хэмээх биеийг олж төрөхдөө Их Монгол орны минь хөрсөнд үр нь болж соёолсон мэт санагдана. Ардчилал өрнөн хөгжиж, өсөн өндийхдээ ард түмэндээ эрх чөлөөг бэлэглэж өгсөн гэдгийг би мэднэ. Бидэнд үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, аялан жуулчлах, мэдлэг боловсрол эзэмших, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгөтэй болж сайн сайхан амьдрах нөхцөл бүрдсэн гэж үздэг.
Аливаа нэг сайн зүйлийн эсрэг саар зүйл гэтэж ирдэг. Хар бараан бусармаг шуурга ардчиллыг бүү сэвтээгээсэй гэж бодном. Ардчиллын бидэнд олгосон боломжийг бүү хөсөрдүүлээсэй. Миний мэдсэн ардчилал ариун нандин эрхээ эдлэхдээ өөрийн эрхийг хэтэрсэн эрх чөлөө хэмээн ойлгодог хэсэг бүлэг хүн, олон хүнийг аймшигт зүйлд түлхсэн. Үүний тод жишээ: 7 дугаар сарын 01-ний өдрийн үймээн тэнгэр ниргэж, газар хагарах мэт бараан дурсамж...
Миний мэдсэн ардчилал эрх мэдлийн төлөөх тэмцэл, авилгалыг амьдралтайгаа холбосон аюулт өвчин, ёс суртахууныг уландаа гишгэсэн дайсан болсон мэт.
Энэ бол миний л мэдрэмж. Гэхдээ хүмүүс юу мэдэж буйг би мэдэхгүй ээ. Гэвч ардчиллыг ингэж хүсээгүй. Ардчиллын үр, хорт ургамлаар хордож устаж мөхөлгүй, утаанд угаарталгүй өсөн бойжиж, үр үндэс нь салаалан цэцэглэх аваас энэ монгол оронд минь ардчилал мандан бадарсан том гавьяа байх болно.
Ардчилалтай Монгол улс бусдын өмнө нүүр бардам дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж явааг би мэднэ. Ардчилал танд урт удаан нас, эрүүл энхийг хүсье!
Сүхбаатар дүүргийн 58-р дунд сургуулийн 11б ангийн сурагч Б.Тэмүүлэн