Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд санал болгох нь
Манай орны авто замын сүлжээний барилга байгууламж улам хурдацтай хөгжиж, замын маань Сүлжээ нь зөвхөн дотоодын хэрэглэгчид биш олон улсын хэрэглээ болж, улс орны хөгжлийн гол чиглэл болсон уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үндсэн нөхцөл болох тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл болж буй өнөө үед авто замынхаа хуулийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага бий.
Замын маань ангилал, төрөл, бүтэц, ач холбогдол, үүрэгт ч зарчмын өөрчлөлт орж байна. Энэ бүхнээс урган авто зам, гүүрийн барилга угсралтын норм, норматив, ашиглагч, хамгаалах өмчлөгч, эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, төр, нийгмийн харьцааг нарийвчлан зохицуулсан баримт бичиг, төрийн хууль байх ёстой.
Ийм хууль ч байгаа, зарим нэмэлт өөрчлөлт ч хийгдэж байсан. Өнөөгийн цаг үеийн шаардлагын дагуу энэ хуулийнхаа шинэчилсэн найруулгад зарчмын зарим өөрчлөлт оруулахаар үзэл баримтлалынхаа төслийг боловсруулан хэлэлцэж байгаад санал болгох нь:
1. Бидний одоо мөрдөгдөж буй хууль маань “Монгол улсын авто замын тухай хууль” гэсэн нэртэй билээ. Харин бид яагаад “Монгол улсын авто зам, гүүрийн тухай хууль” гэж нэрлэн гаргаж болоогүй, бүх төрлийн гүүр нь замын байгууламж байна гээд хуулийнхаа замын нэр томъёо гэсэн зүйлд заасныг үндэслэн эцсийн шийдвэр болгосныг одоо улам бүр эргэлзэх боллоо. Гэтэл гүүрийн барилга байгууламжийн хайгуул зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх, эд ангиа үйлдвэрлэх, мөрдөх стандарт, техник технологийн горим нь авто зам барих нөхцлөөс зарчмын ялгаатай түүнийг угсрах, ашиглах засварлах нөхцөл нь ч хүртэл, харьцангуй эрсдэл ихтэй, түүнийгээ дагаж хэрэглэгч, хамгаалагч,. ашиглагч, эзэмшигч, иргэн, аж ахуйн нэгж, төр нийгмийн харьцаанд ч өвөрмөц зүйл их бий. Гүүрийн байгууламж бол шаардлагатай үед онцгой үүрэг чгүйцэтгэдэг улсын стратегийн обьект гэдгийг ч санах учиртай.
Ойрын хоёр жилд бүх аймгийн төвүүд нийслэлтэйгээ холбогдож, улмаар 10 гаруй мянган километр хатуу хучилттай замтай болж, хатуу хучилттай замын хэмжээ 2 гаруй дахин нэмэгдэнэ.
Манай улс 1960-аад оноос 1990 оныг хүртэл өргөн уудам нутгийнхаа харьцангуй намаг шавар багатай, хуурай хатуу хөрстэйг ашиглан, санхүүгийнхээ боломжид тулгуурлан эхний ээлжинд томоохон гол мөрөн дээрээ хэдэн арван төмөр бетон гүүр барих бодлого барин гүйцэтгэсэн нь өнөөдрийн авто замын сүлжээ улам бүрэн хурдацтай өргөжин хөгжих үндэс, нөхцөлийг бүрдүүлсэн юм. Уул нь гүүргүйгээр авто замыг төсөөлөхийн аргагүй, авто зам, гүүр гэсэн 2 байгууламж нь эн зэрэгцэн оршин байж нийгэмдээ бүрэн утгаараа харьцдагийг анхааран хуулийнхаа нэрнээс нь эхлээд гүүр гэдэг инженерийн нарийн байгууламжийг хуулиндаа авто замтайгаа хослон тусгаж, үйл ажиллагааг нь хуульчлах шаардлагатай санагдана. Ер нь олон улсын зам өргөжин хөгжих тутам гүүрийн байгууламжийн ач холбогдол, үүрэг, түүний бодит өгөгдөл, баталгаа, үйл ажиллагааны харьцааг аяндаа шаарддаг жамтай юм билээ.
2. Сүүлийн жилүүдэд монголын авто замын сүлжээ эрчимтэй хөгжиж улмаар ойрын 2 жилд бүх аймгийн төвүүд нийслэлтэйгээ холбогдож, улмаар 10 гаруй мянган километр хатуу хучилттай замтай болж, хатуу хучилттай замын хэмжээ 2 дахин нэмэгдэнэ гэдгийг ойлгож байна. Энэ ажил амжилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Харин энэ их замын, энэ их хөрөнгө оруулсан бүтээн байгуулалтын ажлын үр ашиг яах бол гэж л санаа зовж байна. Өнөөдрийн байдлаар 2013 оноос өмнө барьж ашиглалтанд орсон, 9-н аймгийн төвийг нийслэлтэйгээ холбосон 3000 гаруй километр замын олон хэсэгт томоохон эвдрэл үүсч их засвар, шинэчлэлт хийсэн болж байна. Эдгээр замын хучилтын гадаргууд нэлэнхийдээ барзайлт үүсч улмаар хучилт нимгэрч даацгүй болж байна.
Хоёр жилийн дараа бүх аймгийн төв нийслэлтэйгээ хатуу хучилттай замаар холбогдлоо Гэтэл дээрх 9-н аймгийн замыг дахин бүрэн шинэчлэх зайлшгүй шаардлага гарах болов уу гэж бодном. Бид жилээс жилд нормативынхаа дагуу замын засвар, арчлалтын ажилд шаардагдах хөрөнгөө хуваарилуулан авч ажлаа явуулж чадаагүй нь энэ бодлын үндсэн нөхцөл болж байна.
Бид өнөөдөр хүртэл байгаа зам, гүүрийнхээ засвар арчлалтанд шаардагдах нормативт хөрөнгийн 30-аад хувийг авч санхүүжин, шаардлагат засвар, арчлалтын ажлын 30%-ийг гүйцэтгэж үлдсэн 60%-ийг хийж чаддаггүйгээс зам маань ийм байдалд ороод байгааг бүгд л мэдэж ойлгож байна. Харин үзэл баримтлалын төсөлд замын сангийн хөрөнгийг бүгдийг нь зам, гүүрийн засвар арчлалтын сан болгохоор тусгаж байгаад баярлаж байна, Гэхдээ манай засвар арчлалтын албаны зохион байгуулалт бодлогыг зөв боловсруулан тогтоож хэрэгжүүлэхгүй бол замын засвар арчлалтын ажилд ахиц олохгүй байхаа.
Өнөөдрийн байдлаар 2013 оноос өмнө барьж ашиглалтанд орсон, 9-н аймгийн төвийг нийслэлтэйгээ холбосон 3000 гаруй километр замын олон хэсэгт томоохон эвдрэл үүсч их засвар, шинэчлэлт хийсэн болж байна.
Саяхан энэ оны 6-р сарын эцсээр МУ-ын ерөнхий сайд маань төрийн өмчийн АА-н нэгжүүдийн өмчлөлийн тухай тодорхой ярьж, авто зам мэтийн аймгийн төвүүдэд байгаа төрийн өмчит АА-н нэгжүүдийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай ярьсныг санаж байна. Үзэл баримтлалын төслийн 1-ийн 2-т үндсэн хуулийн заалтыг ишлэл болгон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын харьяалалд аймгуудын АЗЗА-ын байгууллагуудыг орон нутгийн өмчид шилжүүлэх санаа агуулагдсан юмуу гэж ойлголоо. Гэтэл аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч буй олон улсын болон улсын чанартай зам гүүрийг эмчлэгч нь ямар байгууллага байх, түүний засвар, арчлал, ашиглалт, хамгаалалт, бусадтай үүсэх харьцааг яаж хуулинд тусгах тухай үзэл баримтлалын баримтанд тодорхой тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Бид социализмын үеэс эхлээд л замынхаа засвар, арчлалтыг орон нутагт буй замын засвар арчлалтын ажлыг төрийн өмчит 20 гаруй байгууллагаар гүйцэтгүүлээд амжилт олоогүй л дээ.
Энэ нь эдгээр компаниудын чадавхи, санхүүгийн хүртэмжээс гадна, бие биетэйгээ ямарч ажлын уялдаагүй, зохицуулалт байхгүй, аймагтаа өчүүхэн монополь эрхтэй, төвлөрсөн хуваарьт өчүүхэн санхүүжилттэй, өрсөлдөх ямар ч боломжгүй, дэндүү хязгаардмал аж ахуй байсан юм. Иймд энэ аж ахуйнуудын нэгдсэн удирдлагын зохион байгуулалт, үйл ажиллагааны бодлогыг оновчтой өөрчлөхгүйгээр үр ашгаа өгөхгүй биз ээ.
Бид эхлээд баригдсан замынхаа ашиглагдах хугацааг уртасгах, хэвийн үйлчлэх тийм боломжоор хангахад чиглэсэн замд үйлчлэх зөв зохион байгуулалт, бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ажихад хөгжилтэй улс орнуудад аж ахуйг өмчийн хэлбэрээс үл хамааран зөвхөн замынхаа чиглэлийг даган замдаа үйлчилдэг, тэр нь нэгдсэн зохион байгуулалттай, ажлын зохицуулалттай байх нөхцөлийг бүрдүүлсэн орон нутагтаа “хаан” суусан биш, замаа л дагаж ажиллаж амьдардаг байхаар шийдвэрлэдэг бололтой. Бид авто зам, гүүрийн тухай хуулиа хэлэлцэхийн өмнө яаралтайхан замынхаа бэлэн байдлыг хангах эзнээ, зохион байгуулалтын систем, бодлого үр дүнг нь урьдчилан тохироод түүнийгээ үндэслэн нийгмийн харьцаанд орох жаягийг нь шийдэх юмсан. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэн зөв хэрэгжүүлэхийг нэг талаас замын бодит байдал, түүний өсөлт өрнөлт, нөгөө талаас нийгэм эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл байдал шаардаж байна даа.
Зам дагаж суурин, тосгонжилт зүй ёсоор өсөж байна. Хөдөлгөөний аюулгүй байдал, авто хөсгийн хорт утаа, дуу шуугиан, хог хаягдал, тоосжилт, агаарын өөрчлөлт гээд олон эсрэг үйлдпүүд бий болж байна. Энд юуны өмнө суурин тосгонжилтын байрлах зайг хуулиндаа хатуу тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай. Өнөөдрийн улсын чанартай замын дагуу байрласан нийтийн худалдаа үйлчилгээний газрууд нь замаасаа 20 метр ч хүрэхгүй зайнд байрласан, замын хөвөөн дээр айраг, сүүгээ тавьчихсан худалдаж байгаа нь дэндүү эрсдэлтэй юм даа.
Ер нь замын дагуу байрлах объектуудын зайн хязгаарыг хатуу тогтоож, хуульчлан нэг мөр болгохгүй бол яваандаа замаа нүүлгэх хэрэг ч гарах бололтой. Одоогоос 2 жилийн өмнө Кяхтаас Улан-Уде орож үзлээ. Улан-Уде-ээс Гусенозерск хүртэл 53-р зам гэж 4 урсгалтай, 13 метрийн өргөнтэй зам тавьж байгаа нь Замын дагуу орших тосгонуудаа дайрсан хуучин замаа орхиж, тосгоноосоо 1 км орчим тойруулан замаа тавьсан байлаа. Мөн Кяхтын хилийн боомтоос эхэлсэн хурдны зам нь хилээсээ шууд тосгоныхоо баруун талаар 2 км орчим зайд тойруулан хэд хэдэн уул толгодыг дамжуулан тавьсан нь зам бүтээх гайхамшгийг харуулсан байлаа. Ер нь замыг зөвхөн эдийн засгийн үр ашгийн талаас биш, нийгмийн үр ашгийн талаас нь бодож гүйцэтгэх хандлага чухал бөгөөд ийм харьцааг нь ч олж хуульчлах ёстой болов уу.