С.Ганбаатар: ”Оюутолгой” компанийн ТУЗ-ийнхан ажлаа хийхгүй байна
УИХ-ын бие даагч гишүүд
2014.12.15

С.Ганбаатар: ”Оюутолгой” компанийн ТУЗ-ийнхан ажлаа хийхгүй байна

УИХ-ын бие даагчдын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр тэд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар ярилцсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ярихдаа “Энэ долоо хоногт хэлэлцэх хамгийн гол асуудал бол 2014 оны төсвийн тодотголын тухай асуудал юм. Энэ удаагийн тодотголын гол агуулга нь Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудалтай холбоотойгоор хийх ёстой. Уг хуулийн төслийг ерөнхийд нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Мөн ойн тухай хуулийн төсөл УИХ-д орж ирсэн. Энэ хуулийн төслийг нэлээд нухацтай хэлэлцэх ёстой гэж бие даагчид үзлээ. Ойн нөөцийн ихэнхийг бүрдүүлдэг газруудад мод бэлтгэх асуудлыг дэмжих хэрэгтэй. Малчин хүн малын хашаа , саравчаа нэг удаа ямар ч асуудалгүйгээр янзлах  ёстой. Ойн хуулийг УИХ дээр хэлэлцэгдэх үед дээрх байр суурийг илэрхийлнэ” гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой”-той холбоотой зарим мэдээллийг сэтгүүчдэд өгсөн юм. Тэрээр “Оюутолгойн талаар бидний эсрэг ойрын өдрүүдэд довтлогоо ихэснэ. Тэд 34 хувиа зараад улс орноо худалдахад бэлэн болчихоод байна. Энэ асуудлаар бид "Оюутолгой" компанийн ерөнхий захирал Sam Walsh гэдэг хүнд хүртэл захидал  явуулсан. Доогуур чинь ийм аюултай юм болж байгааг мэдэж байна уу гэсэн утгатай. Энэ олон захидал бүр үндэслэлтэй, тооцоотой судалгаатай байдаг.

“Оюутолгой” компани яагаад алдагдалтай байгаа юм бэ? энэ дотор нь  ажиллаж байгаа ТУЗ-ын гишүүд яагаад юу ч хийхгүй байгаа вэ гэдгийг л асуусан.

Г.Батсүх гэдэг "Оюутолгойн" ТУЗ-ын дарга бидний явуулсан захидалд хариу ирүүлж. Түүн дээрээ хэн ч ойлгохгүй зүйл бичсэн байх юм. Жишээлбэл НӨОДТХНГ  гэсэн товчлолыг явуулжээ. Үүнийг ойлгох нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Ингэж илбэ үзүүлэх маягаар биднийг хуурч байна. Тэр үг нь “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосонхувь нийлүүлэгчдийн гэрээ” гэсэн утгатай гэнэ. Гэтэл энэ бичигт нь бидний явуулсан нэг ч асуултад хариулаагүй байна. 

Бие даагчид тэднээс “Оюутолгой” компани яагаад алдагдалтай байгаа юм бэ? энэ дотор нь  ажиллаж байгаа ТУЗ-ын гишүүд яагаад юу ч хийхгүй байгаа вэ гэдгийг л асуусан. Харин өөдөөс ийм байдалтай хариу ирүүллээ. ТУЗ-ын дарга Г.Батсүхтэй дахин уулзаж энэ талаар лавлана. Тус компани 2014 оны нэгдүгээр улиралд нь 280 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байх юм” гэсэн юм..