УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ухаалаг шийдэл”-тэй нэгдэнэ
Улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түүчээлэн манлайлахаар зорьж яваа “Улс төрд шинэ манлайлагч” төслийн залуус өнөөдөр “Үндэсний мэдээллийн төвд” хэвлэлийн хурал зарлаж өөрсдийн хэрэгжүүлж буй “Ухаалаг шийдэл” төслөө танилцууллаа.
Эрүүл мэндэд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, алсын хараа бүхий “Ухаалаг шийдэл” төсөл нь дотороо гурван дэд хөтөлбөртэй. Манлайлагч залуус төслийнхөө хүрээнд “Эко аялал” хийх, “Мод тарих үндэсний өдөр”-ийн талаар ерөнхийлөгчид санал хүргүүлж ажиллах, Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд үндэслэсэн хэлэлцүүлэг хийх бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, СХД-ийн ЗДТГ тус хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.
“Ухаалаг шийдэл” төсөл ирэх Даваа гарагт эко аялалаар эхэлж, ухаалаг хэрэглээ хэлэлцүүлгээр өрнөж, гэр хорооллын 160.000 өрх айлыг нэг нэг мод тариулснаар өндөрлөх гэнэ.
Хэвлэлийн хурлын үеэр төсөл санаачлагчид МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн ЗДТГ-ын түшмэлүүдэд “дэмжээд өгөөрэй” гэх хүсэлээ дайж байлаа. Мөн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүний зөвлөх М.Зоригтбаатар “Гишүүн маань өөрөө эко хүн.
Тэрбээр машин унадаггүй. Байнга алхдаг. Тэр ч утгаараа “Улс төрд шинэ манлайлагч” төслийн залуусын эко төслийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн” гэлээ.