Дээд боловсрол хотхоноор хөгжих гээд байна уу, эсвэл  хэн нэгний үзэл бодлоор хөгжих гээд байна уу
МУИС-ийн профессор Г.Алтанзаяа
2014.11.18

Дээд боловсрол хотхоноор хөгжих гээд байна уу, эсвэл хэн нэгний үзэл бодлоор хөгжих гээд байна уу

МУИС-ийн профессор Г.Алтанзаяатай боловсролын шинэчлэлээр ярилцлаа.

-Танд юуны өмнө Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Баярлалаа, ХҮДС нь Монгол улсад мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэж ирсэн анхны тулгын гурван чулууны нэг нь 1924 онд Хоршооны түр сургууль нэртэйгээр 25 оюутан 3 багштайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй юм байна лээ.

-ХҮДС олон жилийн түүхтэй сургууль. Ямар түүхийн он цагийг туулж, хичнээн боловсон хүчин бэлтгэв ээ?

90 жилийн түүхтэй энэ сургуулийн түүхэн хөгжлийн замналыг 2010 он хүртэл 9 үеэр “Мэргэжлийн боловсролын ууган сургууль” гэсэн номд дүрслэн харуулсан байгаа. 2010 оноос хойш энэ 4 жилд ХҮДС-аас МУИС-ийн Худалдаа үйлдвэрийн сургууль, Худалдааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн нэрүүдийг авлаа.

Энэ тухай саяын номд энэ сургуулийн ахмад төгсөгч, багш Ч.Онгоодой “Гиннесийн ном”-нд багтах болоод ... гэсэн егөөдөл оруулсан байсан. Утга нь уг нь ХҮДС-ийг сонгож элсэн орсон юм. Аавынхаа төгссөн сургууль гэж олзуурхсныг яана. Амраад 2-р курсдээ суралцахаар иртэл МУИС-ийн Худалдаа үйлдвэрийн сургууль болсон байлаа.

3-р курсдээ суралцахаар иртэл Худалдааны сургууль гэсэн хаалгаар орлоо. 4-р курсдээ суралцахаар иртэл МУИС-ийн Бизнесийн сургууль болчихож. Ингээд 4 жилийн хугацаанд 4 сургууль төгслөө гэсэн. Энэ бодитоор болсон л зүйл. Монголын дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд гарч буй бодит байдал, эндээс энэ шинэчлэлийн хэрэгжилт яаж явагдаж байгаа, ямар судалгаа, үндэслэлд хийгдэж буйг ямарч боловсролгүй хүн ойлгоно.
Энэ сургуульд 90 жилийн хугацаанд 43283 мэргэжилтэй боловсон бүхнийг бэлтгэсэн судалгааны тоо бий. 90 жилийн түүхтэй ууган сургуулийн хувьд өөрийн гэсэн сургалтын уламжлалт шаталсан сургалттай, сургалтад нэг цэгийн үйлчилгээ, цахим систем нэвтрүүлсэн, мэргэжлийн эрдэмтэн, багш нарын баг бүрдсэн байсан.   

-90 жилийн ойн хүрээнд ямар ямар ажлуудыг хийсэн бэ?

Энэ сургуулийн 90 жилийн ойг тэмдэглэх асуудлыг үе үеийн төгсөгч, ахмадууд маань сануулж байсан ба 2013 оны хавар Октябрь захирал тушаал гаргаж байсан. Гэвч Худалдааны сургуулийг Эдийн засгийн сургуультай нэгтгэснээр энэ ажил зогссон бөгөөд тэмдэглэх асуудлыг энэ оны 9-р сарын эцсээр л шийдсэн.
Ер нь ой тэмдэглэнэ гэдэг хийсэн бүтээснээ эргэн дүгнэж, хийж бүтээхийн эхлэлээ тавихад оршдог гэж боддог. Одоогоос 5 жилийн өмнө 85 жилийн ойг тэмдэглэж байснаа санаж байна. Хийж бүтээхээр 20 ажлын чиглэл гаргаж засвар хийх, олон сургалтын лабортари, эрдмийн өргөө, тестийн төв, түүхийн музей зэргийг байгуулж, тохижуулж байсан. Харамсалтай нь бүтцийн өөрчлөлтөөр устсан даа.

Мөн дотоод болон гадаадтай хамтран эрдэм шинжилгээний хурал гээд олон зүйлийг дурьдаж болно. 90 жилийн ойгоор хийсэн зүйлийг 85 жилийнхтэй харьцуулах аргагүй. Гэхдээ бид ямарч байсан хойч үеийнхэнд үлдээх ном, сэтгүүл гаргасан, Зүүн хойд азийн профессоруудын холбооны эрдэм шинжилгээний хурал хийсэн. ХҮДС нь Монгол улсыг төлөөлсөн энэ холбооны гишүүн байсан.

-Боловсролын шинэчлэлийн талаар ямар бодолтой явдаг вэ

Сүүлийн жилүүдэд шинэчлэл, ухаалаг гэсэн үгүүд их яригдах болжээ. Монгол улсын дээд боловсролд шинэчлэл хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн гол нь Монгол улсын төрд дээд боловсролын хар хайрцагны бодлого байна уу, түүнийгээ хэрэгжүүлэх уламжлалт төрийн бодлого байна уу гэдэг тун хэцүү байна л даа.

Өмнөх Засгийн газар Их дээд сургуулиудын хотхон гэдгийг ярьж их хөрөнгө зарсан, бас хөтөлбөр, төлөвлөгөө ч хийсэн, зураг төсөл ч гарсан. Гэтэл дараагийн Засгийн газар нь үүнийг үргэлжлүүлэх бус ямар ч судалгаа, үндэслэлгүйгээр механик нэгдэлт хийсэн нь одоо ч зүг чигээ олохгүй, хүчээр л тулгасан менежмент явагдаад байна. Одоо гарах Засгийн газар яахыг бүү мэд.

Бид нэг Засгаас нөгөө Засгийн хооронд л хувь заяа маань янз бүр болж хувираад байх болж.
Орчин үед “Инноваци” /innovation/ гэсэн ойлголт ерөнхий утгаараа “шинэчлэх” гэсэн утга санааг илэрхийлээд байна уу даа. Инновацийг хэмжих үндсэн шалгуур нь Шинжлэх ухаан, технологийн хувьд шинэлэг, Практикт хэрэгжихүйц, Зах зээлд өрсөлдөхүйц шинжтэй байх гэж ойлгож байгаа.

Энэ бүх чанараараа суралцагч, ажил олгогчийн тодорхой эрэлт хэрэгцээг хангаж байж чадахуйц байхад оршино. Шинэ санаа байж болно, түүнийг шинэчлэл болгон хэрэгжүүлэх асуудал тийм амар биш гэдэг нь харагдаж байна.

Монгол улсын дээд боловсрол хотхоноор хөгжих гээд байна уу, эсвэл албан тушаалд очсон хэн нэгний үзэл бодлоор хөгжих гээд байна уу гэдэгт төөрөлдчихөөд л явна даа. Намын нөлөөгөөр хэн нэгэн албан тушаалтны бодлоор асуудлыг шийдэх нь хөгжилт бус, харин болж байснаа устгаж буй дүр төрх Худалдааны сургуулийн жишээгээр тодорхой харагдаж байгаа.

-Худалдааны сургууль одоо Бизнесийн сургууль болсон. Энэ хэр зөв алхам болсон бэ. Хэрхэн өөрчилж, сайжруулах ёстой юм бол

МУИС-ийн ЭЗС бол эдийн засгийн суурьтай макро түвшинд мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Харин Худалдааны сургууль үйлчилгээний салбарын мэргэжилтэнг бэлтгэж ирсэн түүхтэй. Аль аль нь өөрийн гэсэн арга барилтай сургууль.

Үүнийг нэгтгээд Бизнес гэсэн малгай дор орууллаа л даа. Энэ шийдвэр буруу гэдгийг олон хүн хэлдэг, мэддэг. Худалдааны сургуулийн 90 жилийн ойн баримтат кинонд олон хүн өөрийн үзэл бодлоо хэлсэн. ЭЗС-ийн нэг ахмад багш МУИС нь 90 жилийн түүхтэй сургуультай нэгдэн уусаад байна уу даа. Түүхийн цаг тооллыг ухрааж болохгүй дээ гэж байсан.  

Ямар ч байсан худалдаа үйлчилгээ бол Монгол улсын дотоодын бүтээгдэхүүний голлох хувийг эзэлдэг, ард иргэдийн аюулгүй амьдрах баталгаа болсон хүнс, барааны эргэлтийн гол талбар. Энэ нь төрийн бодлогын гадна гарсан нь энгийн иргэн бид хүнсний зүйлээ худалдан авахад ямар баталгаа байна вэ? гэдэгт итгэлтэй байж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ухаалаг төрийн, ухаалаг түшээдээс ард түмэндээ, улс орондоо аюулгүй байдлыг хангах баталгаа болсон бодлого хэрэгжүүлж энэ байдлыг засна гэдэгт олон хүн итгэлтэй хүлээж байгаа.

-Шинэчлэлийн хүрээнд их, дээд сургуулиудыг идэвхтэй судалгааны төвүүд болгохоор тусгасан. Танай сургууль дээр хийгдэж байгаа юу?

Одоогоор хийгдсэн доривтойгоор багш, оюутанд хүрсэн зүйлийг хэлж мэдэхгүй байна. Нүүдэл хийх гэсэн ажил л энэ намраас нилээд яригдаж, өрөөнд суухгүй бол цаг бүртгэхгүй гэсэн ажлууд л мэдрэгдэж байна. Их дээд сургуулийн багш хүн хаана ч, ямар ч цагт хичээлийн бэлтгэлээ хангана. Маргааш хичээлтэй гэхэд шөнө нь суугаад нь материалаа бэлтгэнэ.    

-Төгсөгчдийн мэдлэг, чадвар хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцэхгүй байдгийн шалтгааныг юу гэж бодож байна?

Энэ бол харьцангуй ойлголт. Дээд боловсролын тогтолцооны ч асуудал бий, хувь хүний ч асуудал бий. Дээд боловсролын тогтолцооны гэдэгт их сургууль бол хуулиараа эрдэм шинжилгээ, судалгаанд сууриласан сургалт явуулах учиртай. Үүний тулд эрдэм шинжилгээ судалгаа хийх орчин, лабортари бүрдэх ёстой.

Төрийн болон бизнесийн салбарт шаардлагатай судалгааг захиалгаар хийдэг, түүгээрээ дамжаад багш, оюутан нь эрдэмжих буюу нийгэм, эдийн засагт тулаад байгаа асуудлаа шийдвэрлэдэг тогтолцоо гэсэн үг. Энэ тогтолцоог бий болгохоор Худалдааны сургууль лабортариуд байгуулж энтрепренёршипын төв байгуулахаар мастер төлөвлөгөөндөө тусган ажиллаж байсан.

Гол нь сургалтын бодлого онолын мэдлэгийг практикт хэрэглээ болгох, хүний хувьд нь түүний хүнтэй харьцах, ажил гүйцэтгэх олон чадварыг хөгжүүлэхэд чиглэх, түүнийгээ хэрэглээ болгох төрийн бодлогоор дэмжигдсэн байх гэж ойлгоод байгаа.

Өнөөгийн сургалт бол голдуу танин мэдүүлэхэд чиглэж байна. Практик дадлага болгох орчин бүрдээгүй байгаа нь жинхэнэ утгаар их сургуулийн сургалтын нөхцлийг хангаж чадахгүй байна л даа. Тиймээс ажил дээр гараад төгсөгч нарт практик мэдлэг дутагддаг тал бий.
Бас суралцагч нарт аргалж байгааг диплом аваад төгсөх зорилготой хүмүүс ч байдаг. Тийм хүн мэдээж ажил олгогчийн шаардлагыг хангах хангалттай мэдлэг, чадвар эзэмшихгүй.  
Энэ шинэчлэлийн үр дүн энэ байдлыг засахад л чиглэх учиртай л даа ...