Д.Дамба: Шинэчлэлийн Засгийн газар мэргэжлийн холбоо, байгуулагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа
Дисковер Монголиа 2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Уул уурхайн мэргэжлийн институтын Ерөнхийлөгч Б.Дамбатай ярилцлаа.
-Жил, жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалт өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлогийн талаар яриагаа эхэлье?
-Уул уурхайн салбарын баримт бичгүүд нэлээд ээдрээтэй болчихсон байсныг өөрчилсний дараа болж байгаагаараа онцлог болж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуулганы эхэнд бодлогын гол гурван баримт бичгийн талаар ярьж, тодорхой мэдээлэл хийлээ. Монголын төр уул уурхайн салбарт аливаа шийдвэрийг гаргахдаа мэргэжлийн байгууллага, холбоодын саналыг тусгах, уул уурхайн салбарыг улс төрөөс ангид байлгах талаар тодорхой үр дүнд хүрсэн нь урьд өмнө байгаагүй шинэлэг зүйл.
Чуулганы эхэнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран тунхаг бичиг байгуулсан нь үүний нотолгоо болж байна.
-Хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авч байна?
-Хуралд ирсэн хүмүүс ерөнхийдөө гайгүй хүлээж авч байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулсан улсын хууль эрхзүйн орчин сайн, муу байх гэдгээс гадна тогтвортой байхыг хүсдэг. Тэгэхээр хууль өөрчилснөөр эерэг сөрөг мессэж аль аль нь очиж байгаа гэсэн үг. Өнөөдөр таатай сайхан болсон ч гэсэн маргааш өөрчилж болно гэсэн болгоомжлол нь арилахгүй байна л даа. Үүнд манай улс төрийн тогтолцоо хамгийн ихээр нөлөөлж байна.
Дөрвөн жилд нэг удаа сонгууль болдог, ялсан нам нь өмнөх намынхаа харьяалалтай бүх хүмүүсийг халж хаяад өөр хүмүүс томилчихдог. Хуулиа өөрчилдөг. Уг нь уул уурхай бол цэвэр эдийн засгийн салбар юм шүү дээ. Улс төртэй ямар ч хамаагүй. Гэтэл улс төрийн нөлөө орж ирээд байдаг. Бодит байдал ийм учраас хуульд хийсэн өөрчлөлт баталгаа болж чадахгүй байна. Дор хаяж хоёр сонгуулийн хугацаанд тогтвортой байж гэмээ нь хөрөнгө оруулагчдад итгэл төрнө.
Ашигт малтмалын үнэ өндөр байх үед авсан орлогын татвараас тодорхой хэсгийг санд байршуулаад үнэ унасан үед аж ахуйн нэгжүүдээ дэмждэг байж болно. Сангийн мөнгийг өөр бусад зүйлд оруулж өсгөж ч болно.
-Татварын тал дээр манайх дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хэр гар чангатай байдаг вэ. Хөрөнгө оруулагчид ямар санал бодолтой байдаг бол?
-Ажиглаад байхад дэлхийн улс орнуудад татвар тухайн компанийн ашгийн 20 хувиас хэтэрдэггүй. Манайх бол нэг их өндөрт ордоггүй. Бага ч биш. Би гадаад дотоодод хурал чуулганд оролцохдоо хөрөнгө оруулагчдад хэлдэг юм, “Манай татвар дундаж шүү” гэж. Тэд ч хүлээн зөвшөөрдөг, “өндөр биш ээ” гэдэг юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн, татвар их, бага байх нь хамаагүй, гол нь тогтовортой байх л чухал.
-МНН-ын дарга О.Бум-Ялагч гадаа жагсч байна. Ашигт малтмалаас олсон орлогоороо тусгай сан байгуулах ёстой гэсэн санаа дэвшүүлж байна?
-Би бол энэ санааг буруу биш гэж боддог. Ийм сан байгуулж дэд бүтэц, нийгмийн ажилд зарцуулах хэрэгтэй. Бас салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмждэг байх ёстой юм.
Гэхдээ одоо авч байгаа татварын тодорхой хувийг хуримтлуулах ёстой болохоос татвар авчихаад, дээр нь нэмж, санд төвлөрүүлэх мөнгө татаж болохгүй. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед авсан орлогын татвараас тодорхой хэсгийг санд байршуулаад үнэ унасан үед аж ахуйн нэгжүүдээ дэмждэг байж болно. Сангийн мөнгийг өөр бусад зүйлд оруулж өсгөж ч болно. Жишээлбэл тэр мөнгөөр том цэнгэлдэх бариад дэлхийн хэмжээний тэмцээн зохиож болно. Тэгээд орлогыг нь буцаагаад сандаа татдаг. Түүнээс биш 20 000 аар хуваагаад өгч болохгүй.
-Барууны орнууд ОХУ, БНХАУ-аас хөндийрч байгаа нь энэ хоёр улсын дунд байдаг манай улсад нөлөөгөө үзүүлж байна. Хөрөнгө оруулалт буурч байгаа нь үүний нэг хэлбэр гэсэн санаа хэлэх хүн байна?
-Би бол тэгж бодохгүй байна. Монгол Улс бол газар нутгийн байршлын хувьд маш ашигтай. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр улс манай хоёр талд байна. Тэдэнд манай баялаг хэрэгтэй байна. Хэнээс ч гуйх шаардлага байхгүй. Хэн ч энэ хоёр хүчирхэг гүрнийг даваад манайх руу дайрч чадахгүй.
-“100 чухал сэдэв” нэвтрүүлэгт таныг нарийн царигийг дэмжиж үндэсний эрх ашгаасаа урвасан мэтээр харуулсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Өргөн царигийг дэмждэг хүн үзэл бодлоо илэрхийлж байна л гэж бодсон. Хувь хүний үзэл бодол. Түүнээс Монголын төр тийм бодлого баримталдаггүй шүү дээ.
-Та Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын ажлаа өгчээ дээ. Одоо ямар байгууллагад ажиллаж байна вэ?
-Уул уурхайн мэргэжлийн институт гэж байгуулагдсан юм. Энэ байгууллагын ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа. Энэ бол зүгээр сонгуульт ажил. МУУҮА жишээ нь, уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалж ажилладаг. УУМИ бол тийм биш, Монголын уул уурхайн стандартыг олон улсын жишигт хүргэх зорилготой.
Монголын уул уурхай нөөцийн ангилалтай байх ёстой. Дэлхийд түгээмэл хэд, хэдэн стандарт байна л даа. Австралийн ЖОРК гэх мэт. Бид үүнтэй маш дөхөж очихуйц өөрсдийн гэсэн Монгол стандартыг бий болгож байгаа. Энэ стандартуудыг бүртгэж баталгаажуулдаг олон улсын байгууллагад элсэх бэлтгэл ажлыг хийж байна.
Ингэснээр монгол инженерүүд нөөцийн тайлангаа дэлхийн жишгээр өгөх боломжтой болох юм. Уул уурхай өндөр хөгжсөн Австрали, ОХУ, Канад зэрэг 20 гаруй улс энэ байгууллагад элссэн байдаг. Миний хувьд УУМИ-ийг хөл дээр нь босгож өгөөд боллоо. Бид бас уул уурхайн мэргэшсэн инженерүүдийг ёс зүйтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Нөөцийг үнэн зөв, байгаагаар нь тогтоолгүй ашиг сонирхол оруулахаас сэргийлж, хариуцлагын тогтолцоо бий болгож байгаа юм.
-Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Салбараас зайлж, баяртай болно гэсэн үг.
-Манайх ашигт малтмалаас олох орлогыг нэмэгдүүлэх гол арга зам бол боловсруулалт хийх, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх гэж үздэг. Тэгвэл ашигт малтмалдаа судалгаа шинжилгээ сайн хийж, үзүүлэлтийг нарийн гаргаснаар ашгаа нэмэгдүүлэх бас нэг гарц байгаа юм шиг. Нүүрснээс л гэхэд 30 гаруй төрлийн бодис гаргадаг гэх юм билээ?
-Юунд ашиглах вэ гэдгээс шалтгаалах асуудал. Түлж, эрчим хүч гаргах зорилгоор авч байгаа компани бол олон үзүүлэлт шаардахгүй шүү дээ. Илчлэг, үнслэг, хүхэрлэг, чиглэг, дэгдэмхий гэсэн таван үзүүлэлтийг л шаардана. Харин чиний хэлсэн шиг нарийн юм гаргаж авах гэж байгаа компани бол илүү нарийн үзүүлэлт шаардана, тэгвэл бид түүнийг нь гаргаж өгөх үүрэгтэй болно л доо.
-Төрөөс уул уурхайн салбарт сүүлийн үед хийж байгаа ажлын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь бол Уул уурхайн яам, Шинэчлэлийн Засгийн газар урьд, урьдын Засгийн газруудаас ялгаатай нь ил тод, салбарын байгууллагуудтай хамтарч ажиллаж чадаж байна. Өмнө нь бол хэн дуртай УИХ-ын гишүүн нь уул уурхайн салбарын хууль санаачилдаг байлаа шүү дээ. Бараг л шөнө зүүдэлж босч ирчихээд хуулийн төсөл болгоод барьж гүйдэг байсан гэхэд хилсдэхгүй.
-Уул уурхайн яам мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг болсон гэлээ. Энэ чиглэлээр ямар ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Уул уурхайн мэргэжлийн зөвлөл гэж байдаг. Энэ байгууллагын үүргийг институтэд шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ шууд биш, үе шаттайгаар хийгдээд явах байх.