Д.Дамба: Би улстөрчдийн биш уурхайчдын өмнөөс ярьдаг
Одоо Геологи, уул уурхайн мэргэжлийн инситутын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
2014.11.14

Д.Дамба: Би улстөрчдийн биш уурхайчдын өмнөөс ярьдаг

Монголчууд нүүрсээ БНХАУ-д нарийн царигийн төмөр замаар зөөх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэл авчирч магадгүйг илэрхийлсэн нэвтрүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр цацагдав. Цахим ертөнцөөр ч гэсэн хүчтэй тарж байна. Харин энэ нэвтрүүлгийн эсрэг дүрийн баатар нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба байлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчийн албаа өгсөн гэв үү. Ямар шалтгаанаар тэр вэ?

-Дөрвөн жилийнх нь хугацаа дууссан. Яахав, энэ албанд ажиллахдаа уул уурхайн салбарынхны итгэлийг дааж ажиллахыг хичээсэн. Хичээл зүтгэл маань ч гэсэн талаар болоогүй болов уу. Салбарынхаа төлөө явсан учраас Хятадын урвагчаар дуудуулах шиг боллоо. Одоо Геологи, уул уурхайн мэргэжлийн инситутын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

-Амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр гарсан “100 чухал сэдэв” нэврүүлгийн талаар асууж тодруулах зүйл олон байна. Ингэхэд та хэний “бууны нохой” болчихов оо?

-Хэний бууны нохой болсноо ч ойлгоогүй. Би бол жирийн нэгэн уул уурхайн инженер хүн. Насаараа л энэ салбарт ажилласан. Улстөрч биш, улс төрд далд байдлаар ч гэсэн оролцдог хүн биш. Го.Бадарч гэдэг сэтгүүлч сарын өмнө нарийн царигийн төмөр замын талаар ярилцлага авъя гэхээр нь очсон. Тэгсэн Х.Баттулга гишүүнийг давхар дуудчихсан байсан. Бид хоёрын хувьд үзэл бодлын зөрүүтэй санал байсан учраас бага зэрэг маргалдсан. Гэтэл нэвтрүүлгээр юу, юу гэж ярьсныг гаргалгүйгээр зөвхөн намайг доромжилсон хэсгийг нь монтажлаад оруулчихсан байна лээ.

Ёстой нөгөө эх орноосоо урвасан, дайсны тал юм шиг харагдуулсан байна

Намайг олон түмний өмнө дэндүү их доромжилж, дайсан мэт болгож харууллаа. Ёстой нөгөө эх орноосоо урвасан, дайсны тал юм шиг харагдуулсан байна. Тэгвэл бодит зүйлийг хэлье. Юу ярьсан гэхээр Монголд нарийн царигийн төмөр зам хэрэгтэй. Нүүрсээ борлуулахад өртөг зардал нь бага гэдэг утгаараа нарийн төмөр зам эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж л ярьсан. Үүнийг би ганцаараа яриад байгаа юм биш. Уул уурхайн салбарынхан бүгд л ярьж байгаа.

Мэргэжлийн бус болоод энэ талын нарийн мэдээлэлгүй хүн бол Д.Дамба ёстой нэг урвагч юм байна гэж ойлгох байх даа. Мэдээлэлгүй хүнд сөрөг байдлаар ойлгуулж толгойг нь угаах ажиллагаа боллоо гэж бодож байна. Үүнд харамсч байна. Уг нь Го.Бадарч гэдэг сэтгүүлчийг шударга, ардчиллын төлөө явдаг гэж бодож байсан юм. Гэтэл нөгөө өөрсдийнх нь хэлдгээр өөрөө бууны нохой юм биш үү. Ярьсан зүйлийг нь гаргалгүй элдэв монтаж хийгээд сөрөг дүрд тоглуулчихсаныг нь хараад тэгж хэлэх байна. Миний хувьд хохироод байгаа юм алга. Гэхдээ хүний нэр хүндийг ингэж зохион байгуулалтаар унагаж болохгүй.

-Хуулийн байгууллагад хандах уу?

-Хандаад ч яах билээ. Эмзэглээд байгаа юм алга. Би худал яриагүй, булхай хийгээгүй. Үнэн зүйл ярьсан. Эдийн засаг, техникийн талаасаа нарийн царигийн төмөр зам хэрэгтэй  гэж ярьсан. Түүнээс биш ОХУ-ын төмөр замыг үгүйсгээд байгаа юм алга. Засгийн газраас УИХ-д нарийн царигийн төмөр зам барих төсөл өргөн барьсан юм билээ. Түүнийг нь эсэргүүцсэн нэвтрүүлэг хийх гэсэндээ надаар туг тахиж гаргав уу гэж харж байна.

Эцсийн дүндээ Д.Дамба гэдэг хүн улстөрч, эрх мэдэлтэн биш. Нарийн цариг төмөр тавина гэж шийддэг удирдлага нь  ч биш.  Ямар ч  уул уурхайгүй,  зөвхөн мэргэжилтний хувьд нарийн царигийн төмөр замын гарах зардал бага гэсэн тооцоо байгааг л ярьсан. Ийм байтал тэр улс төрч эрхэм яагаад надтай тэмцэлдээд, элдвээр доромжлоод байгааг нь ойлгохгүй юм.

-Та хэн нэгний өмнөөс ярьдаг юм биш биз дээ?

-Би хүний өмнөөс ярьдаг. Гэхдээ Монголын уурхайчдын өмнөөс ярьдаг. Хэн нэгэн улстөрчийн өмнөөс ярьдаггүй.

-Нэвтрүүлгээс харахад найман аймгаар дамжаад нүүрсээ цөлмөөд дуусах юм биш шүү. Хятадын бодлого нь тийм юм гэж харагдаж байна лээ?

-Мушгиж гуйвуулсан учраас тэгж ойлгогдох нь аргагүй. Ер нь Монгол Улс зөвхөн Хятад руу нүүрсээ нийлүүлэх гэж байгаа юм биш. Хятадаар дамжаад далай руу гармаар байна. Хоёр том гүрний дунд хавчуулагдчихаад тэдэнтэй л харилцана гэж таарахгүй. Нөгөө талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Хэрэв тэр хүмүүс нь нарийн царигийн төмөр зам аюулгүй байдалд хортой гэж үзвэл болиулчих боломж нь байна.

Түүнээс биш нарийн цариг гээд цээжээ дэлдээд суугаад юм алга. Мэргэжлийн хүний хувьд ашигтай гэсэн саналтайгаас өөр цаашгүй. Яагаад гэхээр уул уурхайн бүтээгдэхүүн өөрөө заавал тээвэр шаарддаг. Үүнийг бага зардлаар хэрэглэгчид хүргэх арга нь далайд гарцгүй орны хувьд төмөр зам юм.

-Хэрэв нарийн царигийн төмөр зам тавьчихвал нүүрсээ шавхаад дуусах юм биш биз. Манай улсын нүүрсний нөөц хэр баялаг юм бэ?

-Монгол бол асар их нөөцтэй. Геологчидын урьдчилсан таамагласан нөөцөөр 170 гаруй тэрбум тонн нөөцтэй. “Тавантолгой”-г барьж идэхгүй нүүрстэй  гэдэг. Тэр нь ердөө зургаан тэрбум нөөц шүү дээ. Түүний хажууд 170 тэрбум тонн нөөц гэхээр их байгаа биз. Өнөөдөр дэлхий дахинаа нүүрс хэрэглэж эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа.  Гэхдээ удалгүй үүнээс татгалзаж эхлэхээр байна. Бүр татгалзаад ч эхэлчихэж.

Магадгүй нүүрсийг түлшний зориулалтаар хэрэглэдэгийг 20 жилийн дараа болихыг үгүйсгэх арга алга. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн хандлага нь тийм байна. Тэр хүртэлх хугацаанд жаахан нүүрс гаргаад мөнгөтэй болж улс орны эдийн засгаа яагаад  дээшлүүлж болохгүй гэж. Хэрэв шинжлэх ухаан хөгжөөд ирэхээр 20 жилийн дараа бидний нүүрсийг хэн ч авахгүй  байж магад.

Түүнээс биш гялгар уутанд элс хийгээд гоожуулж байгаа мэт цөлмөөд дуусна гэж ойлгож болохгүй. Ийм арчаагүй аргаар илэрхийлж таарамгүй байгаа юм. Эцсийн дүндээ бид баялгаа борлуулж амьдрахгүйгээр өөр яаж амьдрах юм бэ. Үүнийг улстөржүүлэх нь онцгүй байна.

-Үнэхээр найман газраар нүүрсээ тээвэрлэхээр байгаа юм уу?

-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд тийм найман чиглэл байхгүй. Говь-Алтай, Ховд аймгаас нүүрс тээвэрлэнэ гэж бичээгүй байсан. Зөвхөн Гашуунсухайт, Бичигт, Замын-Үүд гэсэн хэд, хэдэн газрыг нэр заасан байна лээ.

Ийм байхад дэндүү гуйвуулах юм даа. Хэрэв манайх өргөн царигтай байгаад Хятадын хил дээр нүүрсээ буулгаад тээвэрлэе гэвэл байгаль орчин, эрүүл ахуйн хувьд дэндүү их эрсдэлтэй. Өнөөдөр Гашуунсухайтын наана байх “Цагаан хад” гэдэг газар нүүрсийг буулгаад эргүүлэн тээвэрлэж байна. Тэнд хүний эрүүл мэнд, байгаль экологи туйлдаж байгаа шүү дээ. Дээрээс нь нүүрсийг нэгээс дээш удаа ачиж буулгах юм бол чанарын алдагдалд ордог.

-Хэрэв нарийн царигаар нүүрсээ зөөлөө гэхэд Монголын эдийн засаг ямар хугацаанд эргээд сэргэх юм?

-Засгийн газар энэ жил 30 сая нүүрс гаргана гэж зарласан. Дараа жилээс эхлээд 50 сая гаргана гээд мөрийн хөтөлбөрт нь бий. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа ойрын 10 жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлнэ гэсэн гэрээ хэлэлцээр хийчихсэн.

Гэрээ хэлэлцээрээ биелүүлэхийн тулд тээврийн оновчтой систем хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас хяналтгүй нүүрс явчих юм шиг яриад байна. Монгол Улс хилийн цэрэг, гаалийн байгууллагатай. Бүгдийг жигнээд хянаад гаргана. Юу гэж усны урсгал шиг явуулах юм бэ. Асуудалд бодитой л хандмаар байгаа юм даа.

-Хамгийн гол нь хятадууд өөрсдөө нүүрсний асар их нөөцтэй гэдэг шүү дээ. Ийм байхад  манай улс нүүрсээ нийлүүлэх хэрэг байна уу. Эдийн засгаа бодоод нийлүүлэх шаардлага гарах ч дараа нь ямар нэгэн байдлаар хамааралтай болчих вий?

-БНХАУ нь манайхаас илүү их нөөцтэй нь үнэн. Асар их нөөцтэй. Гэхдээ жилд хэдэн тэрбумаар нүүрс хэрэглэдэг улс. Дэлхийд хамгийн их нүүрсний хэрэглээтэй орон. Хэрэгцээнийхээ 80 хувийг өөрсдөө хангадаг. Үлдсэн 20 орчим хувийг гаднаас авч байна. Ингэхдээ бас ганцхан манайхаас аваад байгаа юм биш.

Казахстан, Авсрали, ОХУ, Индонез гээд олон орноос авч байгаа. Үүнийг улстөржүүлэх ямар  ч шаардлагагүй л байхгүй юу. Ер нь нэвтрүүлгээс харахад зарим хүнийг юуны талаар ярьж байгааг нь хэлэлгүйгээр яриа авчихсан юм биш үү. Тэгж ажиглагдаж байна лээ. Б.Лхагвасүрэн гуай бид хоёр найз. Тэгэхэд мань хүн “Юу яриад байгаа юм бэ. Би заваан юм ярихгүй” гээд юуны талаар ярьж байгаа нь хүртэл бүрхэг юм билээ. Энэ мэтчилэн элдэв цуглуулгатай хярамцаг шиг нэвтрүүлгээр хүний нэр төрд халдаж таарамгүй гэдгийг онцлох байна.