НҮБ –ын Хүүхдийн сан хүүхдийн төлөөх шинэ санаачлагыг онцолж байна
Шинийг санаачлах ажлын хүрээнд салбар салбарын мэргэжилтнүүдийн оролцсон “Activate talks” арга хэмжээ боллоо.
2014.11.13

НҮБ –ын Хүүхдийн сан хүүхдийн төлөөх шинэ санаачлагыг онцолж байна

Энэ жил Хүүхдийн Эрхийн Конвенцийн 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангаас 2014 оныг Хүүхдийн төлөөх шинэлэг санаачлагын жил болгон зарласан юм.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр Дэлхийн улс орнууд олон бүтээлч санаа болон ахиц дэвшлүүдийг гаргаж чадсан хэдий ч өнөөдөр эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхэд олон байгаа юм. Тиймээс тэдгээр хүүхдүүдэд хэрхэн хүрч ажиллах тал дээр шинэ санаа, шинэлэг санал санаачлага, сэтгэлгээ шаардлагатай байна.

Шинийг санаачлах ажлын хүрээнд салбар салбарын мэргэжилтнүүдийн оролцсон “Activate talks” /Идэвхжүүлэх ярианууд/ арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн олон оронд төрөл бүрийн сэдэв дор цувралаар зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээгээр дамжуулан тухай орон өөрсдийн хэрэгжүүлж байгаа хүүхдийн төлөөх шинэ санал санаачлага, үйл ажиллагааг бусадтайгаа хуваалцах, туршлага солилцох, харилцан суралцах боломжтой болох юм. 

Улс орнуудад хийгдсэн “Activate Talk” арга хэмжээнээс дурьдвал:

• Судан улсад: Хүүхдийн боловсрол, хамгаалал дахь инновац

• Зүүн Карибийн орнуудад: Хүүхдийн төлөөх бодлогын нөлөөлөлд техникийг ашиглах 

• Франц улсад: Хүүхдийн төлөө хамтран ажиллая

• Малайз улсад: Охидын боловсролыг дэмжин, тэднийг чадавхжуулах

• Коста Рика улсад: Боловсролын салбарт тулгарч буй саад бэрхшээл

• Монтеногро улсад: Бага боловсролын чанарыг дээшлүүлэхэд инновац хийх 

• Жеоржиа улсад: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн байна

• Армениа улсад: Боловсролд бүх хүүхдийг тэгш хамруулах

• Нью Йорк хотод: Хүүхдийн эрхийг сурталчлах нөлөөллийн шинэ арга барил

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа

• Замбиа улсад: Хүүхдийн нөхцөл байдлыг сайжруулахад орон нутгийн санаачлага

Монгол улсад хийж байгаа “Activate talks” арга хэмжээ “Хүүхдийн тусламжийн утас” сэдвээр болж өндөрллөө.

Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан Мобиком корпораци, Дэлхийн Зөн Монгол байгууллагууд хамтран Хүүхдийн тусламжийн утас 108-ыг ажиллуулах төслийг хамтран хэрэгжүүлж 2014 оны 6 сарын 1-ний өдрөөс эхлэн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаартайгаар үнэ төлбөргүй 24 цагаар ажиллаж байна. Хүүхдийн тусламжийн утас 108-д 11 сарын 10-ны байдлаар нийтдээ 58013 дуудлага ирсэнээс 29013 зорилтот, 29000 нь зорилтот бус дуудлага ирсэн байна.

Хүүхдийн тусламжийн утас төсөл нь дэвшилтэт технологи ашигласан , төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон шинэ санаачлага тул үүнийг “Activate talks” арга хэмжээ онцолж байна. Уг төслийн үр дүнд хүүхэд хамгааллын илрүүлэх, мэдээллэх, хариу арга хэмжээ авах, хянах механизм сайжрах юм.

Өнөөдөр дээрх байгууллагын төлөөлөл хүүхдийн тусламжийн утас төсөл хэрэгжүүлэх болсон хэрэгцээ, шаардлага, технологийн шийдэл тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр илтгэл тавьлаа.
Илтгэлийг:

1. С.Дорждэрэм, Мобиком корпорацийн Маркетинг, судалгааны албаны дарга

2. Б.Жавзанхүү, ХТҮГ-ын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга

3. Т.Өлзийханд, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн

4. Т.Цэндсүрэн, Боловсролын их сургуулийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч

Тус арга хэмжээнд Их дээд сургуулийн Нийгмийн ажилтны ангийн оюутнууд, төр болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож илтгэгчдээс сонирхосон асуултуудаа асууж хүүхдүүдийн мэдээллийг онлайнаар авах, гэр бүлээс нь тусгаарлах шаардлагатай хүүхдүүдийг түр байраар хангах, хамтарсан багийн зохицуулалт, хүүхдийн мэдээллийг хэрхэн нууцлах зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.

Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан