Бүх технологийн хаан нь цөмийн технологи
Цөмийн энергийн газар
2014.10.30

Бүх технологийн хаан нь цөмийн технологи

Цацраг идэвхит бодис, уран, газрын ховор элементийн судалгаа, ашиглалт цөмийн технологийг энхийн зорилгоор хэрэглэх, нутагшуулах зорилгын үндсэн дээр үүсч хөгжсөн манай улсын цөмийн энергийн салбар 50-иад жилийн түүхтэй.

Энэ хугацаанд цөмийн технологийн энхийн хэрэглээ гэдэг зүйл дэлхий дахинд түгэн нэвтэрч, түүний аюулгүй байдлыг хөгжүүлэх том соёл дэлхий нийтэд нэгэнт бий болжээ. Тиймээс цөмийн технологийг зөвхөн уранаар төсөөлж болохгүй.

Манайх газрын баялгаараа дэлхийд гайхуулдаг улс орон. Бидний газрын хэвлийгээс гаргаж авсан баяжмал дотор алт, мөнгө, зэс зэрэг ховор элементүүд хэдий хэр хэмжээтэй байгааг цөмийн технологид суурилсан лабораторийн аргаар л судалж мэддэг юм.

Ингэж судалсны үндсэн дээр эдийн засагчид тооцооллоо хийж, үнэ тогтоож дэлхийн зах зээл дээр зарж байгаа юм. Баялагаас хуримтлагдсан мөнгө эргэж орж ирэхдээ Улсынхаа тодорхой төсвийг бүрдүүлдэг.

Цаашлаад, хорт хавдар болон бусад өвчний оношлогоо эмчилгээ, малын өвчний оношлогоо эмчилгээ, эм вакцин үйлдвэрлэл, хүнс болон үр тарианы шинэ сорт гаргах, авто зам болон барилгын салбарын чанарын хяналт, уул уурхайн салбарт хайгуулаас эхлэн ашиглалт хүртэл, боловсрол шинжлэх ухааны судалгаа,  гэмт хэргээс сэргийлэх, илрүүлэх, онцгой байдал болон терроризм зэргээс сэргийлэх гэх мэт улс орны бүхий л салбарт энэ технологийг хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл манай Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин цөмийн физикийн салбар бөгөөд бүх технологийн хаан нь цөмийн технологи юм.