Н.Тэгшбаяр: Уран ашиглах, эсэхийг ТЕГ, ҮАБЗ шийднэ
-Сүхбаатар аймагт олгосон ураны хайгуул хийх 19 тусгай зөвшөөрлийг орон нутгийн иргэд таатай хүлээж авахгүй байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
Лиценз, тусгай зөвшөөрлийг дан ганц Сүхбаатар аймгийн тухайд биш, улс орны хэмжээнд ярих ёстой. Ураны хайгуулын лиценз манай үйл ажиллагааны зөвхөн нэг хувийг эзэлдэг.
Манай агентлаг Олон улсын атомын энергийн агентлагаас тавьдаг шаардлагад нийцүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас баталсан дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
Тийм учраас бүх ажиллагаа хуулийн хүрээнд хэвийн явж байгаа. Сүхбаатар аймагт зөвхөн хайгуул хийж байгаа. “Кожеговь” компани өнгөрсөн хугацаанд хайгуулын зардалд 120 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан мэдээ байна.
-Хайгуул хийж байгаа тал энэ их хөрөнгийг ямар ч үр ашиггүй булна гэж байхгүй. Нөөцөө тогтооно, дараа нь олборлох, ашиглах тухай ярих нь тодорхой биш үү?
Эхлээд хайгуул хийж, ашигт малтмалын нөөцөө тогтоож, Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр баталгаажуулна. Үүнийг ашиглах, эсэхийг ТЕГ болон ҮАБЗ шийднэ.
Тус аймагт олгогдсон хайгуулын 19 тусгай зөвшөөрөл бүхий газраас ураны нөөц тогтоогдохгүй ч байж магадгүй. Тийм тохиолдолд хайгуулын зардлын эрсдэлээ энэ компани хариуцна. Сүүлийн жилүүдэд лицензийн тоо эрс буурч байсан тусгай зөвшөөрөл өнөөдөр 58 болтлоо цөөрсөн.