Ц.Элбэгдорж: Монгол Улсад цөмийн хаягдал булшлах, дамжуулан зөөхийг хэзээ ч хүлээж авахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы “Киодо Цушин” агентлагийн сэтгүүлч Масакацу Отаг хүлээн авч ярилцлага өглөө. Уг ярилцлагыг есдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг Цөмийн зэвсгийг хориглох өдөрт зориулан өгсөн юм.
Уг ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч “Цөмийн зэвсэгтэй байгаад сайн үр дүнд хүрсэн түүх, сургамж алга байх шиг санагддаг. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон бүгд дэмжиж гарын үсэг зурж, мэдэгдэл гаргасан.
Бид эдгээр оронтой хоёр талаараа, ялангуяа хоёр хөрш оронтойгоо энэ статусыг дэмжсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжтой талаар ярьж байгаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах, тээвэрлэхийг хориглох талаар ҮАБЗ маш тодорхой шийдвэр гаргасан. Энэ асуудлаар Монгол Улсаас ямар нэгэн албан тушаалтан ҮАБЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаднын орон, хэн нэгэн албан тушаалтантай яриа хэлцэл хийхийг хориглосон.
Монгол Улс энэ талаар бас хуультай. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан зөөхийг хэзээ ч хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол баталгаажсан шийдвэр юм.
Дараагийнх нь миний хувийн байр суурь юм. Хэрэв цацраг идэвхт бодисыг хайх, судлах, ашиглахаар болбол Монгол Улсад зөвхөн шар нунтаг хийх хүртэл үйл ажиллагаа байж болох юм. Түүнээс цааш Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг үйл ажиллагаа байж болохгүй гэсэн байр суурьтай байдаг ” гэв.