Онцгойнхон парк шинэчлэлт хийлээ
Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх, техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах үндсэн албаны автомашин, аврах ажиллагааны автомашины хүлээлгэн өгөх арга хэмжээг ОБЕГ-ын Авто баазад зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар үг хэлж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2014 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 920 сая төгрөгийн өртөг бүхий гал унтраах үндсэн албаны “Камаз” маркийн 4 автомашин, 192 сая төгрөгийн өртөг бүхий аврах ажиллагааны бүрэн тоноглогдсон “Газел” маркийн 1 автомашины түлхүүрийг Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиудын жолооч нарт гардуулан өгч, баяр хүргэлээ.
Арга хэмжээнд ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Х.Ууганбаяр, ОБЕГ-ын Авто баазын дарга, онцгой байдлын хурандаа Д.Отгондорж болон Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.