Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав 11-11 төвд ажиллалаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.10.22

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав 11-11 төвд ажиллалаа

Хөдөлмөрийн яам энэ жил 50 000 орчим хүнийг ажлын байраар хангах зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 39 100 гаруй хүн байнгын ажилтай болжээ.

150 000 гаруй хүнийг түр ажлын байранд зуучлан ажиллуулсан гэж Хөдөлмөрийн сайд хэллээ. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд 7000 хүнийг сургаж, ажлын байртай болгох зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 6250 орчим хүн шинээр мэргэжилтэй болж, компаниудтай  гурвалсан гэрээ байгуулан,  ажилд оржээ. 

2012 оны эхний улиралд 10,3 хувь байсан ажилгүйдлын түвшинг 7,3 болгон бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгоход чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлсний үр дүн гэж сайд хэллээ. Халамжийн бодлогыг хэт хавтгайруулсны улмаас  иргэдийн хөдөлмөр эрхлэлт буурсан үзүүлэлттэй байжээ.

Үүнийг илэрхийлдэг хөдөлмөрийн салбарын үндсэн үзүүлэлт бол ажиллах хүчний оролцооны түвшин юм. Иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2011 онд 59 хувь болтол буураад байсан ажиллах хүчний оролцооны түвшинг 63 хувь болсон байна. Эх орондоо ажиллах, ажилтай болох боломж нээгдсэнээр  гадаадад ажиллах иргэдийн тоо буурчээ. Өмнө нь жилд  3000 гаруй хүн БНСУ-д ажиллахаар явдаг байсан бол энэ жил  1100  болжээ. 

Цахим уулзалтын үеэр хөдөлмөр эрхлэлт, цалин хөлстэй холбоотой асуудлаар олон асуулт ирлээ

Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар асуусан иргэний асуултад “Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос 2 жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог бөгөөд 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно” гэсэн хариулт өглөө.

Их дээд сургууль төгсөөд ажилд ороход байгууллагууд 2-3 жил ажилласан байх шаардлагатавьдаг тухай гомдолд “Ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилтан авахдаа ажилласан жил зааж, шаардлага тавихгүй байхыг уриалж ажилладаг. Гэхдээ зах зээлийн нийгэмд шилжсэн өнөө үед үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ашиг, орлоготой ажиллахын тулд ажилтан албан хаагчиддаа өндөр шаардлага тавих, шинээр ажилтан авахдаа өндөр мэргэжилтэй, мэргэшсэн ажилтан авахыг зорилго болгон ажиллаж байгааг  буруутгах аргагүй.

Иймд манай яамнаас ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг санхүүгийн болон бусад байдлаар урамшуулан дэмжих, оюутан залуучуудыг хичээлийн бус цагаар ажил хөдөлмөр эрхэлж, орлого  олохыг нь дэмжих, улмаар ажил, хөдөлмөрийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болгож, ажилласан хугацаатай, туршлагатай болгох зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” болон “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна гэж сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.