2014.10.22

Замчид завгүй ч, ур чадварын уралдаанаа алгассангүй

Монголын автозамын салбарын 85 жилийн ой өнөө жил тохиож байна. Урин дулаан цагт, хүйтнээс өрсөн байж ажилладаг автозамчдын хувьд ур чадвар, мэргэжлээрээ өрсөлдөнө гэдэг байнга тохиолдоод байдаггүй зүйл. Учир нь тэмцээнд оролцоно гээд баруун аймагт зам барьж байсан инженер төв, зүүн аймгийг зориод ирэхгүй, тийм боломж хомс.

Тийм болохоор зүүн аймагт ч юм уу, баруун аймагт зам барьж байгаа компаниудыг нэгтгээд тухайн бүсэд нь, дунд нь ур чадварын тэмцээн зохиодог. Саяхан баруун бүсийн авто замчид мэргэжлийн шилдгүүдээ тодруулсан бол зүүн бүсийн автозамчдын мэргэжлийн ур чадварын тэмцээн энэ сарын 18-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд болсон юм.

Энэ салбараас төрөн гарсан гавьяатууд, Зам тээврийн яамны төлөөлөгчид, Монголын автозамчдын холбооныхон гээд Монголынхоо бүтээн байгуулалтад гар бие, сэтгэлээ зориулан ажиллаж буй хүмүүс болон манай томоохон хэвлэл мэдээллийн байгууллагынхан тэнд цугласан юм.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн автозамыг нийтдээ 20 жил барьсан юм шүү дээ. 

Энэ удаагийн тэмцээнийг Өндөрхаан-Баруун урт чиглэлийн 132.6 километр замыг барьж байгаа “Арж капитал” компани зохион байгуулсан. Зүүн аймгуудын чиглэлийн автозамын засвар шинэчлэлд арван компани оролцож байгаа юм байна. “Арж капитал" компанийн хувьд Өндөрхаан-Баруун урт чиглэлийн 132.6 километр замыг өнгөрсөн 2013 оны хавраас эхлэн барьж байгаа аж. Одоо хэдхэн км замын ажил үлдээд байгааг тус компанийн захирал Х.Мөнх-Эрдэнэ дуулгасан юм.

Тэмцээний өмнө Монголыг автозамчдын холбооны тэргүүн Т.Бямбаа нийт автозамчдад автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярыг хүргээд “Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа. Нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн юм.

Үүнээс сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, бүтээн байгуулж чадлаа. Өнгөрөгч онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод дуусч байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг дөрвөн километр, Сүхбаатар аймаг 10 гаруй километр замын хучилтын ажил л үлдээд байна.

Ингээд “Зүүн бүсийн автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн нээснийг мэдэгдье” гэсэн юм. Зам тээврийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 450 гаруй тэрбум төгрөг, 59.2 сая ам.долларын төсөвт өртгийн ажил хийж гүйцэтгээд байгааг энэ үеэр хэлж байлаа.

Монголын автозамчдын холбооны Ахмадын хорооны дарга, гавьяат барилгачин Б.Лувсан “Би 1962 оноос эхлэн автозамын салбарт ажиллаж байна. 1973 онд Улаанбаатараас баруун чиглэлд автозам тавихад жилдээ 20-30 орчим километр автозам тавьдаг байлаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн автозамыг нийтдээ 20 жил барьсан юм шүү дээ. Одоо бол бүх юм хөгжөөд сайхан болсныг хараад сэтгэл догдолж байна” гэж онцлоод автозамчдадаа тэмцээнд нь амжилт хүссэн юм.

Хүйтний ам наашилж буй эдгээр өдрүүдэд, автозамчид замаа чанартай, хурдан барьж дуусгахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байна. Замчдын хувьд ур чадварын тэмцээн бол жилд ганц болдог мэргэжлийн уралдаан нь. Тэмцээнд оролцох багууд зам барьж байгаа газраасаа тэмцээний төрөл тус бүрт оролцохоор инженер, автогрейдер, экскаватор, дугуйт ачигчийн оператор нь гээд бүгдээрээ нэг машинд суугаад давхиад иржээ. Тэмцээн 10 цагаас эхлэхээр зарлагдсан учир автозамчид өглөө үүрээр, шөнө дөлөөр нааш хөдөлцгөөсөн гэнэ. Тэмцээндээ хурдан гэгч нь оролцчихоод буцаад явахгүй бол ажил хэцүүднэ гэцгээнэ. Өөрсдийнхөө барьдаг техникээр тэмцээнд оролцохгүй, “Арж капитал” компанийн техникээр өрсөлдөх учир уралдаан эхлэхээс өмнө ядаж бүхээгт нь ороод араа, жолоо энэ тэрийг нь нэг барьж, зүгширье гэж ярилцана.

Авто замчид экскаватор, автогрейдер, дугуйт ачигчийн операторууд, авто зам инженер, хэмжилтийн инженерүүдийн ур чадварыг шалгах гэсэн таван төрөлд өрсөлдсөн. Энэ тэмцээнд “Гашууны гол”, “Харгуйн зам’“Чулант”, “Түм арвижих' “Би би сервис", “ЗЗБ”, “MIL зөвлөх", “Кумрунг” гэсэн компанийн багууд, мөн зохион байгуулагч “Арж капитал” компанийн хоёр баг оролцсон.

Эхний төрөл болох экскаваторын операторуудын ур чадварыг шалгах тэмцээн хуран цугласан хүмүүсийн сонирхлыг ихээр татлаа. Энэ тэмцээнд операторууд экскаваторын шанаганы шүдэнд бэхэлсэн 1.5 литрийн савтай айргийг ширээн дээр тусгайлан бэлдсэн чанамалын хоосон гурван шил рүү асгалгүй, хурдан, гурвууланд нь нь жигдхэн хийх даалгавартай.

Операторуудын хувьд иймнарийн техник, хөдөлгөөний- өдөр тутамдаа хийдэг болохоор нэг их асгаж цутгалгүй, сандарч ядралгүй даалгавраа дуусгаад буугаад ирэх аж. Үзэгчид экскаваторын шанаганд бэхэлсэн савнаас айраг хэрхэн гоожиж шил рүү орж байгааг нүд салгалгүй харна. Алга ташиж “Болж байна, болж байна Одоо үлдсэн нэг шилэндээ тэнцүүлэхээ мартав” гэж хашгирцгаана.

Энэ тэмцээнд айргаа хэдий асгасан ч гурван шилэндээ жигдхэн, тэгээд минут гаруйн дотор л даалгавраа  гүйцэтгэсэн гэдгээрээ “Түм арвижих” компанийн оператор Б.Энхбаатар эргүүлсэн бол айргаа бараг асгаагүй, даалгавраа нямбай гүйцэтгэснээрээ "ЗЗБ” компанийн оператор Д.Ганхүү удаалсан юм. Харин гуравдугаар байрт “Кумрунг” компанийн Ри Кан Үн орсон. Энэ мэтээр тэмцээний төрөл тус бүр сонирхол татаж, оролцож буй замчид ч медалийн төлөө, ур чадвараа хэр байгааг харуулж өрсөлдлөө.

Автогрейдерийн операторуудын ур чадварыг шалгахтэмцээнд “Аржкапитал” компанийн Рамиль тэргүүлж, “Гашууны гол” компанийн Б.Батбаатар, “Би Би Сервис” компанийн Г.Анхбаатар нар удаалав. Харин дугуйт ачигчийн операторуудыг “ЗЗБ” компанийн Г.Адууч тэргүүлж, алтан медалийн эзэн болсон юм. Энэ тэмцээний удаах байруудыг “Гашууны гол” компанийн Э.Цолмонжав, “Талын зам” компанийн Ж.Алтансүх нар эзлэв.

Автозамын инженерүүдийн ур чадварыг шалгах тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй, ширүүн болсон юм. Энэ тэмцээнд “Түм арвижих” компанийн инженер Б.Маргад-Эрдэнэ тэргүүлж, ЗЗБ” компанийн инженер Л.Эрдэнэбаатар, “Эм Ай Эл” компанийн Б.Ганбат нар удаах байруудыг эзэлсэн. Харин хэмжилтийн инженерүүдийн ур чадварыг шалгах тэмцээнд нэгдүгээр байрыг “Арж капитал” компанийн инженер Л.Баянмөнх, хоёрдугаар байрыг “ЗЗБ” компанийн инженер Д.Алтангэрэл, гуравдугаар байрыг “Кумранг” компанийн инженер Кан И Ган эзэлсэн юм.

Энэ тэмцээнд айргаа хэдий асгасан ч гурван шилэндээ жигдхэн, тэгээд минут гаруйн дотор л даалгавраа гүйцэтгэсэн

Тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр “ЗЗБ” компанийн гүйцэтгэх захирал, талбайн инженер Л.Эрдэнэбаатарын сэтгэгдлийг сонслоо. “Манай компани Дорнод аймгийн төвд 10.6 км зам барьж байгаа. Өнөө маргаашгүй ашиглалтад хүлээлгэж өгөх гээд байж байна. Мэргэжлийн ур чадварын уралдаан болохыг дуулаад бид тавуулаа ирсэн: Гурван мөнгө, нэг алтан медаль хүртлээ. Оператор, инженерүүдийн хувьд ур чадвараа дээшлүүлэхэд ийм төрлийн тэмцээн, уралдаан тун хэрэгтэй байдаг юм. Энэ удаагийн тэмцээнийг сайхан зохион байгуулсан “Арж капитал” компани, Монголын авто замчдын холбоо, Зам тээврийн яаманд талархаж байна” гэж ярилаа.

Замчид хоорондоо тэмцээн, уралдаан, алт, мөнгөн медалийн тухай ярьж, “Тэр тийм медаль авчээ”, “Энэ ингэж түрүүлсэн байна” гэж ер ярихгүй санж. Шагнал гардуулах ёслол болсон Соёлын төвийн жижигхэн байшингаас уралдаж гарч ирээд машиндаа сууцгаагаад л “Асфальт ирлээ", “Ажил хэцүүдлээ. Араас дуудаж байна” гэж хоорондоо ярилцана.

Ийнхүү их ажлын хажуугаар ур чадвараа уралдуулсан замчид, тэмцээнээ дуусгангуутаа тал бүр тийш, барьж буй зам руугаа одоцгоож, сумын төв эзгүйрчихэв. Гавьяат барилгачин Б.Лувсан гуай “Замчид бид чинь холыг ойртуулж, хоёрыг учруулдаг буянтай ажил хийдэг хүмүүс.

Хавар цас ханзрахаар л гэрээсээ гарч, намар цас унах үеэр гэрийн бараа хардаг улс. Цаг нартай уралддаг ажилтай болохоор тэр үү, замчид маань тэмцээнээ дуусгаад л яараад яваад өглөө” хэмээж байлаа. Мөнххаан сумаас хөдлөөд “Арж капитал" компанийн баазыг өнгөрвөл халуун асфальтаа буулгаж байгаа машинууд харагдана. Асфальт дэвсэгч машин гэрлээ асаачихсан, мотор нь хүнгэнэж тал дундуур тосон зам тавина. Араас нь индүү гэх техникүүд нэгэн жигд хурдаар нэхнэ.