Авто замчдад баяр хүргэж, батламж гардууллаа
Монголчууд хэзээнээс “Зам дагаж хөгжил ирдэг” гэж хэлэх дуртай. Үнэхээр ч зам дагаж улс орон маань хөгжиж байна. Зөвхөн нийслэл гэлтгүй орон нутагт зам дагасан хөгжил яаж өрнөж байгааг хүмүүс мэдэж байгаа болов уу.
Зам дагаад өндөр өндөр барилгууд сүндэрлэж байгаа нь хөгжлийн төгсгөл биш гараа. Тийм ч учраас сүүлийн хоёр жил хөгжлийг хурдасгах ажлыг Засгийн газар хийж байна гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлж, нийт 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн.
Үүнээс сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, аймгуудыг нийслэлтэй холбоод байгаа билээ.
Энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод дуусч байна.
Өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод дуусч байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг дөрвөн км, Сүхбаатар аймаг 10 гаруй км замын хучилтын ажил үлдээд байгаа юм. Авто замчид 2012-2014 онд нийтдээ 2500 км авто зам барьснаас, зөвхөн зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 450 гаруй тэрбум төгрөг, 59.2 сая ам.долларын төсөвт өртөг бүхий 1162.2 км барьж байгуулжээ.
Энэ бүтээн байгуулалтад гадаад дотоодын 17 гүйцэтгэгч, 10 зөвлөх компанийн 3829 ажиллах хүч, 2400 орчим машин, механизм ажилласан байна. Үүний дотор дотоодын 12 компани, гадны хөрөнгө оруулалттай таван компани ажиллажээ.
Энэ бүтээн байгуулалтад гадаад дотоодын 17 гүйцэтгэгч, 10 зөвлөх компанийн 3829 ажиллах хүч, 2400 орчим машин, механизм ажилласан байна. Үүний дотор дотоодын 12 компани, гадны хөрөнгө оруулалттай таван компани ажиллажээ.
Тэгвэл өчигдөр аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамын барилгын ажлын гүйцэтгэгч болон зөвлөх компаниудад батламж гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг ажиллагааг Зам тээврийн яам болон Монголын авто замын холбоо хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр замын компанийн удирдлагууд Зам тээврийн яам нь бие дааж, тусдаа байснаар энэхүү зорилтот хөтөлбөр хэрэгжсэн гэдгийг тодотгож байлаа.
Өөрөөр хэлбэл, монгол орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү яам бие даасан бодлоготой байснаар 2016 он гэхэд 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдоно хэмээж байсан юм. Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Гансүх, дэд сайд Х.Ержан болон бусад албаны хүмүүс автозамын компаниудад батламж гардуулсан юм.
Тухайлбал, “Монголын хурданы зам”, “Мотор сервис”, “Ялгуусан”, “Эсто”, “Хотгор зам”, “Түм аривжих” зэрэг 17 гүйцэтгэгч компани, “Моназ”, Дөрвөн тэнхлэг”, “Хязгааргүй хөдөлгөөн” гэх мэт 10 зөвлөх байгууллага энэхүү батламжийг гардаж авлаа. Дээрх үйл ажиллагааны үеэр Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Гансүх “Засгийн газраас маш том зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа.
2016 он гэхэд 21 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоно гэсэн байгаа. Өнгөрсөн онд болон энэ жил зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоод байна. Ингээд дээрх ажлыг хийсэн замын компаниудаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан хэмээн батламж гардуулж байна.
Компаниуд маань энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд маш их зүтгэл гаргаж, цаг нартай уралдаж том зорилтыг хэрэгжүүлсэн учраас Зам тээврийн яам Монголын автозамчдын холбоо хамтран баяр хүргэж, батламж гардуулж байгаа юм. Харин 2016 он гэхэд үлдсэн аймгуудаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гэсэн зорилт тавьж байгаа.
Энэ дагуу ирэх жилүүдэд баруун аймгуудыг холбох зорилт хэрэгжих байх гэж найдаж байна” хэмээлээ. Дашрамд дурьдахад, нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон зургаан аймгийн төлөөлөл энэхүү үйл ажиллагаанд оролцож, Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Гансүхэд аймгийнхаа хүндэт иргэний тэмдгийг гардуулсан юм.