Я.Содбаатар: Бүтцийн өөрчлөлтөө улстөрийн шахалтаар хийчихлээ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.09

Я.Содбаатар: Бүтцийн өөрчлөлтөө улстөрийн шахалтаар хийчихлээ

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Ерөнхий сайдын өргөн барьсан Монгол Улсын Зас­гийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газ­рын бүт­цийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төс­лүүдийг УИХ-ын чуул­ганаар хэ­лэлцэн эхний ээлжинд бүт­цийг баталчихлаа. Та бүх­ний хүссэнээр цомхон болгож бас л чадсангүй?

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирлээ. 
УИХ дахь МАН-ын бүлэг 2012 онд шинэ пар­ламент бай­гуулагдсаны да­раахнаас л өнөөгийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн нүсэр бай­на.

АН доторх улстөр, эдийн засийн бүлэглэл, фракциудад тааруулсан байдалтай, бүгдэд нь бялуу хүртээх зарчим явж байна. Энэ нь Монгол төрийн бүтцийг эвдэж, нэлээд олон жил тогтвортой явж ирсэн яам, агентлаг, салбаруудын системийн үйл ажиллагааг хэт их салгаж, нийлүүллээ. Цомхон, чадварлаг багаар ажиллах боломж бий. 

Тиймээс энэ асуудлаа эргэн хараачээ гэж байн­га сануулсаар ирсэн. Ялангуяа дотоодод эдийн засгийн хямрал бий болж байгаатай холбогдуулан татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Монголын төр хөрөнгөө хэмнэж, төсвийн бодлогоороо дамжуулан эдийн засгийн байдалд эерэг нөлөө үзүүлэхийн тулд бүсээ чангалах ёстой. 

Үүний тулд бүтэц, төрийн албаны өөрчлөлт хийж, цомхон чадварлаг багаар Мон­гол төрийн үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэг санал, санаачилгыг оруулж ирж байсан. 

Энэ дагуу Ерөнхий­лөгчийн институц болон АН до­тоо­доосоо нэлээд шахалт үзүүлс­нээр Ерөнхий сайдыг дээрх алхмыг хийхэд нөлөөлсөн байх. 

Оруулж ирсэн бүтцийг зөвхөн бид ч биш нийгэм бү­хэлдээ хүлээж байсан. Ха­рамсалтай нь Ерөнхий сайд яамдаа гурваар цөөлөх төсөл оруулж ирэхдээ алдаа гар­гачихсан. 

-Ямар алдаа гэж?

Миний бодож байгаагаар яг бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт орж буй яамныхаа хүрээнд оруулж ирэх байсан. Гэтэл бүх яам, агентлагийн асуудлыг хөндсөн. 

-Энэ тохиолдолд хуу­лиараа Засгийн газрын асууд­лыг бүтнээр нь авч үзэх ёстой биз дээ? 

Засгийн газрын 50 хүртэл хувийг ярьж байгаа үед бүхэлд нь авч үзэх шаардлагагүй. Гэтэл сая оруулж ирснээр хуулийн дагуу Засгийн газрын асуудал бүхэлдээ яригдах болчихож байгаа. 

Түүнчлэн Ерөнхий сайд энэ удаа ч мөн л АН доторх фракциудынхаа эрх ашигт ний­цүүлэх, эдийн засаг, улс­­төрийн бүлэглэлийнхээ барь­цааг хагалах зарчмаар оруулж ирлээ. Яагаад гэвэл ямар нэгэн тооцоо судалгаа хийсэн зүйл харагдахгүй байна. 

Миний бодож байгаагаар яг бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт орж буй яамныхаа хүрээнд оруулж ирэх байсан.
-Хуульд бүх яамны нэрийг оруулж ирчихээд тодорхой хэсгийг ярьсан. Энэ нь най­руулгын алдаа байсан хэрэг үү?

УИХ-ын чуулганы үеэр ч зарим гишүүн энэ асуудлыг хөндөж тавьсан. Өөрөөр хэлбэл энэ нь өөрийн хуулийн маргаантай асуудал болчихож байгаа юм. Тодорхой хэдэн яамыг ярьж байгаа бол түүндээ зориулж оруулж ирэх байсан. Гэтэл тэгээгүй бүхэлд нь ирүүлсэн. Ерөнхий сайдын өөрийнх нь өргөн барьснаар бол Засгийн газрыг бүхэлд нь буюу Н.Алтанхуягийг бас бусад сайдыг ч дахин томилох ёстой.

Үлдэж байгаа яамдын чиг үүрэгт ч маш их өөрчлөлт орж байгаа. Тухайлбал Сангийн яам байгаа ч сайдынх нь эрхлэх асуудлын хүрээ өргөжиж байна. Энэ тохиолдолд Сангийн сайдыг УИХ дахиж томилох уу гэдгээс эхлээд тодорхой асуудлууд эрх зүйн болон зохион байгуулалт талаасаа яригдахаас зайлшгүй болж байна. 

-Та тооцоо, судалгаа хийгээгүй гэх юм. Яамдыг цөөлснөөр төсвөөс 200 тэрбум орчмыг хэмнэнэ гэж яриад байгаа шүү дээ?

Яг бодитой тооцоо судал­гаа хараг­дахгүй байгаа нь илэрхий байна шүү дээ. Монгол төрийн бодлогыг зөв голдиролд оруулах зам дээр лав гаргаж ирж чадаагүй. Чуулганы үеэр Ерөнхий сайдаас бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт хийс­нээр хэр хэмжээний хэмнэлт хийгдэх вэ гэж асуусан. Тэгэхэд өөрөө судалгаа хийгээгүй гэдгээ хэлсэн. 

Өмнөх Засгийн газруудтай харьцуулахад хамгийн олон яам, сайдтай нь учраас урьдны засгуудаас судалж үзээд, Монголын хөрсөнд буусан бүтэцтэй нь энэ юм байна гэх танилцуулга, судалгаа ч бидэнд ирээгүй. Мөн манайх шиг хөгж­лийнхөө шатанд яваа, цөөхөн хүн амтай улсын хувьд яам, тамгын газар ямар байдаг гэх зэргээр бусад оронтой харьцуулсан судалгаа ч алга. Ер нь тооцоо муутай, улстөрийн шахалтаар л бүтцийн өөрчлөлтөө хийчихлээ. Ямартай ч бидний хүлээж байснаар болсонгүй. 

-Гэхдээ л УИХ-ын чуул­ганаар бүтцийг олонхоороо баталчихлаа. Харин сэлгээ яах бол. Үнэхээр бялуу хүртээх үү, олны хүсч байгаа шиг чамбай хүмүүсийг сайдад нэр дэвшүүлэх болов уу. Таны бодол ямар байгаа вэ?

Мэдээж дахиад фракц бүртээ албан тушаал битгий хуваарилаасай гэж бодож байна. Мөн салбараа мэддэг, мэргэжлийн хүн сонгож, оруулж ирээсэй гэж хүсч байгаа. Тухайн мэргэжлийн бус хүн ороод ирвэл үлдсэн хоёрхон жилийн хугацаанд салбартайгаа танилцах гэсээр, танин мэдэхүйн ажил нь дуусаагүй байхад дараагийн сонгууль болчихно. Тиймээс салбарынхаа жаргал, зовлонг мэддэг хүн очвол, ажилд томилогдлоо гэхэд маргааш нь шууд төрийн ажлын залгамж халаа үргэлжилж, зөв чиглэлд орно. 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн институц болон МАН-ын зүгээс тавьж буй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар гүйцэтгэдэг зарчмыг өөрчлөөд, засчихаасай гэж бодож байгаа. Олон нийтийн хэлж дассанаар давхар дээлээ тайлаасай. Хэрвээ энэ зарч­муудаар оруулаад ирвэл бид хурдхан шиг л баталж өгөөд явуулна. 

-Цаг хугацааны хувьд хэцүүдэх нь ээ? 

Яам, сайд, фракц, бүлэглэл гэсээр байтал өвлийн хүйтэн боллоо. Өөрөөр хэлбэл манайх чинь улирлын чанартай үүсдэг хүндрэл ихтэй шүү дээ. 

Тухайлбал Уул, уурхай, эрчим хүчний яамтай болж байна. Гэтэл энэ яамныхан, салбарынхан өвөлд бэлэн үү. Уул уурхайнхан бэлтгэлээ базаасан уу. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам гэж бүтэц нийллээ. Үүнийг дагаад бүтээн байгуулалтын ажил нь улирлын чанартай явагддаг учраас одоо ямар байна вэ. ҮХААЯ-ны чиг үүрэг өөрчлөгдөнө. Тариа хураалт, газар тариалангийн салбар юу болж байгаа вэ. 

Энэ мэтчилэн бүтцийн хувьд хөдөлгөж буй яамдаа дагасан иргэд, улс орныхоо амьдралд анхаарал хандуулах хэрэгтэй. 

Ирэх оны төсвийг дахин оруулж ирэх шаардлагатай болно. Тэгэхээр 2015 оны Монгол Улсын төсвийг хуга­цаанд нь чамбай оруулж, ирж чадах болов уу? 
Өөрөөр хэлбэл манайх чинь улирлын чанартай үүсдэг хүндрэл ихтэй шүү дээ. 

УИХ улсын төсвийг орон нутгийн төсвийг заалт, зүйлээр нь төсвийн ерөнхийлөн захирагчийн нэр дээр баталж өгдөг. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрчлөгдөж байгаа учраас төсвийг дахин өргөн барина. 

-МАН-ынхан нэг үе АН-д бэлтгэгдсэн боловсон хүчин алга гэж шүүмжилдэг байсан. Одоо хэрвээ давхар дээлээ тайл­чихвал АН-д мэргэжлийн боловсон хүчин хэр хангалттай гэж бодож байгаа вэ?

Байгаа. Ганц гэм нь ний­гэмдээ хүлээн зөвшөө­рөгд­сөн, чадалтай, шударга дуу хүмүүсээ гаргаж ирдэггүй юм. АН Монголын нөлөөтэй улстөрийн хүчний нэг учраас хангалттай боловсон хүчинтэй. Харамсалтай нь АН-ын бодлого 25 жил бүлэглэл, фракци дагасан хуваарилалтын дагуу явсан учраас цөөн хэдэн хүний хүрээнд л эргэлдсэн. 1990 оны ардчилсан хувьсгал эхлэх үед л Элбэгдорж, Алтанхуяг, Бат-Үүл, Баярцогт нар энэ намын толгойд байсан одоо ч байсаар байна. 

МАН-ын хувьд 1990 онд бодлого тодорхойлж байсан хүмүүс одоо улс­төрөөс хөндийр­чихсөн. Дараагийн буюу 1990-ээд оны дунд үед манай намын гол удирдлага байсан хүмүүс ч одоо холдож байна. Ингээд харахад МАН-д 3, 4 дэх үеийн сэлгээ хийгдчихсэн, бодлого тодорхойлогдож бай­гаа. 

Гэтэл АН-ын хувьд 25 жи­­лийн өмнөх шигээ бодлого тодорхойлогчид нь хэвээрээ л явна. Энэ намд цус сэлбэлт хийгдэхгүй, цөөн хэдэн фракци дагасан хүмүүсийнхээ хүрээнд л бодлого нь шийдэгддэг уч­раас АН-ын чадал, чансаатай гишүүд нь нийгэмд ажиллахгүй байгаа байх.