Оюутолгойн гэрээ байгуулагдаад таван жил болсон ч Монголд үр ашгаа өгөхгүй байна
Улсын Их Хурал дахь Бие даагчдын зөвлөл Оюутолгойн гэрээ байгуулагдаад таван жилийн нүүр үзэж байгаа ч Монгол улсад үр ашгаа өгөхгүй байгааг шүүмжлэлээ.
Харин ч Засгийн газрын авсан зээлийн хэмжээ улам өсч, өдөрт 1.5 сая ам.долларын хүүтэй зээл төлөх болчихоод байгааг анхааруулсан. Үүнээс үүдэж ноогдол ашиг ирэхгүй болж байгааг сануулж далд уурхайн санхүүжилтийн хэмжээ, хөрөнгө оруулагчдаас засгийн газрын шаардаж байгаа барьцааг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Улсын төсвийн 80 хувийг “Эрдэнэт” бүрдүүлж байгаа. Харин үүнээс зэсээрээ дөрөв дахин том “Оюутолгой” 130 сая ам.доллар татварт өг гэхэд 30 сая ам.доллар өгнө гэдэг шийдвэрийг саяхан гаргалаа. Энэ бол дахин хэзээ ч 70 жилдээ Монголын засгийн газарт татвар төлөхгүй гэдэг жишиг тогтоож байгаа юм” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэндээ Эрдэнэт, Оюутолгой хоёр нийлээд 600 тэрбумын нөөц ашигласны төлбөр төлнө гэхэд үүний дийлэнхи хувийг Эрдэнэт төлнө. Эрдэнэт бол эцсээ хүртэл энэ ачааг үүрнэ, гэтэл Оюутолгой зардлаа өсгөөд, өрөндөө суулгаад Монголчуудад долоолгоод өнгөрөх төсөл юм байна гэдгийг ойлгох ёстой” гэж хэллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Эдийн засаг хүнд байна гэдэг шалтаг заан уул уурхайгаа гадныханд зүгээр сул өгөх байдал хэрээс хэтэрлээ. Газрын тосны хууль сул болж, алтны татвар гэж байхгүй боллоо” хэмээн байр сууриа илэрхийлэв.