Д.Ганхуяг: Татварын маргаан таслах зөвлөл Оюу толгойн асуудлыг шийдсэн гэж үзэж байна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.09.22

Д.Ганхуяг: Татварын маргаан таслах зөвлөл Оюу толгойн асуудлыг шийдсэн гэж үзэж байна

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Монголын уул уурхайн орчин нөхцөл ямар түвшинд байна. Хөрөнгө оруулалт зогссон, уул уурхайн компаниуд зогсонги байдалд байгаа гэх мэтээр таагүй мэдээллүүд бий?

Ямар ч байсан энэ Засгийн газрын үед Уул уурхайн салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд, ойлгомжтой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүллээ. Энэ бол манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой ажил хэрэг гэж үзэж байна.

Тодруулж хэлбэл, 2025 он хүртэлх хугацаанд Монгол Улс “Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг УИХ баталсан. Үүгээр газрын хэвлийн болон геологийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр ангилахгүй байх, төрийн оролцоог зохистой түвшинд байлгах, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлэх зэрэг олон асуудал, зорилтуудыг тодорхой болгож, цэгцэлж чадсан.

Үүнээс гадна хууль санаачлагчийн хуулийн төсөл, судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоод гадаадын зах зээл дээр энэ салбарын үйл ажиллагааг сурталчлах зорилго бухий олон талын оролцогчдоос бүрдсэн Бодлогын зөвлөлийг байгуулах болсон.

Мөн долдугаар сарын 1-нд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар энэ Бодлогын зөвлөлийг хуульчилсан.

-Лизенз олгож эхлэх, Урт нэртэй хуулийн хүрээнд хохирсон компаниудын нөхөн олговор гэх мэт асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэж, ажил хэрэг болж байна?

“Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах хууль, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, “106 тусгай зөвшөөрлийн асуудал” зэрэг шийдвэрүүдээс болж уул уурхайн орчин тогтворгүй болсон байсан.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх 2012 оны зургадугаар сарын Засгийн газрын тогтоолоор нийт 1336 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Үүний 30 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Гэхдээ Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх нь буруу байсан гэж хэлэх гээгүй юм шүү. Хэрэгжих учиртай хууль.

Гол нь ийм хууль гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчдад төрөөс тусгай зөвшөөрөл олгож тэдний хөрөнгийг хайгуулд зарцуулсан нь буруу байсан. Энэ нь холыг харсан бодлогогүй явж ирсэнтэй холбоотой. Одоо ч гэсэн нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж чадаагүй байна.

Мөн 2012 оны гуравдугаар улирлаас хойш өнөөг хүртэлх нүүрсний зах зээлийн үнэ уналттай хэвээрээ байна. 2014 онд төмрийн хүдрийн зах зээлийн үнэ нэлээд унаж байна. Энэ хоёр төрлийн ашигт малтмал маань манай улсын экспорт болон төсвийн орлогод голлох байр суурийг эзэлдэг.

Ер нь тухайн ашигт малтмалын зах зээл баялгийн түүхий эдийн зах зээл мөчлөгтэй, хэлбэлзэл ихтэй байдаг. 

Ер нь тухайн ашигт малтмалын зах зээл баялгийн түүхий эдийн зах зээл мөчлөгтэй, хэлбэлзэл ихтэй байдаг. Тиймээс манайх түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээх, аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

-Хоёр хөршийн төрийн тэргүүн айлчиллаа. Ямар үр дүнтэй үлдэв?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хоёр хөршийн төрийн тэргүүн айлчиллаа. Энэ үйл явдал нь дэлхийн улс орнуудын удирдагчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол руу чиглүүлж чадлаа.

Түүнчлэн БНХАУ-ын даргын айлчлалын үеэр төмөр замын тээвэр, транзит тээврийн тариф, далайд гарах боомтууд, бараа эргэлтийн төсөөлөл зэргийг тохирч гэрээ, хэлэлцээрүүдийг байгууллаа. Эдгээр ажил нь түүхэн шинэ алхам бөгөөд хөгжлийн олон боломжуудыг бүрдүүлж өглөө.

Сүүлийн хэдэн сар Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Ер нь заавал айлчлалын хүрээнд гэлгүй ашигт малтмал үнэтэй байх үед бэлэн мөнгө тараалгүйгээр төмөр замаа тавьчихсан бол өөр байх байсан.

Ойролцоогоор 800 км төмөр зам тавих мөнгийг бэлнээр тараасан гэдэг. Үүнээс болж жилд 200-300 сая ам.долларыг тээврийн зардлын зөрүүгээс алдаж байх шиг байна.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хүрээнд танай салбартай холбоотой олон асуудлыг цэгцлэх шиг болсон ямар үр дүнд хүрэв?

Энэ арга хэмжээгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгод олон нийтийн анхаарлыг чиглүүлж чадсан нь гол үр дүн болов уу. Мөн төр, хувийн хэвшил идэвхтэй хамтарч ажилласан.

Энэ арга хэмжээ цаашдаа улам идэвхтэй үргэлжлэх учиртай. Удахгүй аравдугаар сарын 1-нд УИХ- ын ээлжит чуулган эхэлнэ Тэгэхэд Засгийн газраас хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулаад дүгнэх байх.

Ойролцоогоор 800 км төмөр зам тавих мөнгийг бэлнээр тараасан гэдэг. 
-Хөрөнгө оруулалтын хуулийг баталсан. Үр дүн гарах нь уу?

Энэ чухал хууль гарсан. Монголд хөрөнгө оруулалтын баталгаа, хамгаалалт сайжирсан гэсэн ойлголт олон улсын хэмжээнд бий боллоо. Мөн Монголд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хөрөнгө оруулахад ямар нэгэн цензургүй болсон гэж ойлгох учиртай. Хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаанаас хамааруулан хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах гэрчилгээ олгохоор болсон.

Тэрчилэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг өнгөрсөн чуулганаар баталсан. Энэ хуулийг төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлж гаргасан.

Энэ хууль нь төрөөс тогтоосон газар нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгож эрдэс баялгийн албан ёсны нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн дархлаа, баталгааг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болгох зорилттой.

-Саяхан Оюу толгой гацаанаас гарлаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Яг ямар үйл явдал болов?

Шинэчлэлийн Засгийн газар далд уурхайн санхүүжилтийг анхнаасаа дэмжсээр ирсэн. Өнөөдөр ил уурхайн үйлдвэрлэл, олборлолт, экспорт борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

Сүүлийн хагас жилд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчид, ТУЗ энэ асуудал болон бусад асуудлыг есдүгээр сарын 31-ний дотор шийдэхээр идэвх санаачилгатай хамтарч ажиллаж ирсэн. Татварын маргаан гарснаар энэ асуудал жаахан сунжирч байна гэж ойлгож болно.

-Манай татварынхан 130 сая ам.доллар нэхдэг. Тэгээд 30 тэрбум болгож буурууллаа гэсэн мэдээлэл бас гарсан. Татварын энэ асуудал дээр манайх л буулт хийхээр болж байх шиг ээ?

Монгол улс хуулийн засаглалтай орон. Татварын асуудал тусдаа хуулиар зохицуулагддаг. Татварын маргаан бол аль ч оронд байнга л гардаг. Гэвч Оюу толгой төсөл нь Монгол орны тухайд ихээхэн томд тооцогддог. Нөгөө талаас олон улсын хөрөнгө оруулагчдын анхааралд орсон төсөл учраас нэлээд шуугиан тарилаа.

Бүх талын оролцоотой, хараат бус оролцогчтой Татварын маргаан таслах зөвлөлөөр энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн гэж үзэж байна. Татварын маргаан бол хуулийн заалт, орлого болон зардлын баримтад үндэслэгдэн явагддаг.

Ийм учраас хуулийн засаглалтай, нээлттэй Монгол Улсад татварын маргаанаар аж ахуйн нэгжийг үндэслэл, баримтгүйгээр хохироох боломжгүй гэж бодож байна.

-Оюу толгойнхон та нарт нэг ч ам.доллар өгөхгүй. Хэрвээ акт тавиад мөнгө нэхвэл арбитрт хандана. Улмаар хоёр дахь шатны ашиглалтын ТЭЗҮ-г өгөхгүй гэж шантаажлаад байгаа юм биш үү?

Дээр ч хэлсэн. Татварын асуудал тусдаа хуулиар зохицуулагддаг. Нэмэлт санхүүжилт бол гэрээ, компанийн тухай хуулиар зохицуулагдана.

-Татварынх нь асуудал шийдэгдэж магадгүй байна. Тэгвэл Оюу толгойн хоёр дахь хөрөнгө оруулалт яг хэзээ шийдэгдэх юм?

Гол нь Монгол Улс хөрөнгө оруулагчтайгаа аливаа асуудлыг хууль, байгуулсан гэрээнийхээ дагуу шийдвэрлэж, учраа олдог орон гэдгээ бататгана. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болсон энэ үед ийм мессеж их чухал байх болов уу.

Нөгөө талаас 2010-2012 онд энэ төслөөр жил бүр орж ирж байсан хөрөнгө оруулалт нөхөгдөж, өөр хөрөнгө оруулалтууд ч нэмэгдэнэ. Мөн Оюу толгой компанийн нийт нөөцийн 70 орчим хувийн нөөцтэй далд уурхай хугацаандаа ашиглалтад орно гэдгийг хэлье.

Одоогоор нөөцийн тайлангаа өгсөн тул шинжээчид ажиллаад дүгнэлтээ гаргачихсан байгаа. Компанийн зүгээс удахгуй ТЭЗҮ-гээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлээгүй байгаа.

-Бас Эрдэнэс Таван толгой компани оператор компаниа хөөгөөд гаргачихлаа. Өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Энд юу болоод байна вэ?
Оюу толгой компанийн нийт нөөцийн 70 орчим хувийн нөөцтэй далд уурхай хугацаандаа ашиглалтад орно гэдгийг хэлье.

Энэ бол цэвэр бизнесийн маргаан гэж бодож байна. Засгийн газар, Уул уурхайн яам компанийн хуульд заасны дагуу төрийн өмчит компанийн дотоод асуудалд, оролцохгүй байгаа. Зүүн цанхи дээр олборлолт явуулдаг оператор компанийн үйл ажиллагааг гадаадын хөрөнгө оруулалттай “Мас-Mohan” компани явуулдаг.

Баруун цанхи дээр дотоодын компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудын олборлолтын өртөг зардал нь харьцангуй зөрүүтэй байдаг. Тиймээс нүүрсний үнэ уналттай байгаа учир өртөг, зардлыг бууруулах шаардлагын үүднээс гарсан маргаан.

Мөн Эрдэнэс таван толгой компанийн хувьд зээлээ төлж байгаа, нүүрс хямдарсан тул орлого ч хангалттай бус байгаа нь мэдээж юм. Энэ тохиолдолд гэрээлэгч, маргалдагч талууд харилцан хүндэтгэлтэй хандаж учраа олох нь зохистой юм.

-Гадныхан Таван толгойг хэр сонирхож байгаа юм бол. Нүүрсний үнэ унасан гээд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг яаран хийхгүй юм биш үү?

Таван толгойд хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд хангалттай байгаа. Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний үнэ уналттай, уналт үргэлжилж байсан учир Таван толгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьснаар Эрдэнэс Таван толгой компанийн үнэлгээ нэмэгдэнэ гэж үзсэн.

Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам, Таван толгой ордод цахилгаан станцыг барих хөрөнгийн тодорхой хэсгийг бондын санхүүжилтээс гаргасан. Эдгээр ажил эрчимтэй урагшилж байна. Эрчим хүчний яам Таван толгойн ордод баригдах цахилгаан станцыг барих, санхүүжүүлэхэд хамтарч ажиллахаар Рио Тинто компанитай гэрээ байгууллаа.

Гашуун-Сухайт боомтын 20 орчим км төмөр зам барих болон санхүүжилтийг хариуцан ажиллах Гашуун- Сухайт ХХК байгуулагдаж, энэ төмөр замыг 2014-2015 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Хятад улстай тээвэр, транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Ингэснээр Таван толгой ордыг ашиглахад шаардагдах дэд бүтэцтэй холбогдсон бүх шийдвэрүүд гарсан.

Мөн Засгийн газраас УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу Таван Толгойн ордод дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын сонгох хэлэлцээрийн үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг Ч.Сайханбилэг дарга ахалж байгаа.

-Манайхан шинэ нөхцөл тавьсан гэсэн. Хөрөнгө оруулагчдад ямар нөхцөл тавиад байгаа юм?

Гол нь коксжих нүүрс урт хугацаанд тогтворт худалдан авах, яаралтай шаардлагатай байгаа зарим төмөр замыг барихад хөрөнгө оруулах нөхцөл байгаа болов уу

-Өнөөдөр бас асуудал байгаа нь Засгийн газрыг цомхотгох тухай ?

Өнөөгийн байдлаар хэрхэн цомхотгох талаар надад мэдээлэл алга.

-Цомхотголтой холбоотойгоор Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нийлүүлэх тухай яригдаж байна. Энэ асуудалд таны байр суурь?                          

Энэ асуудлыг шийдвэрлэх саналаа УИХ-д оруулах эрх нь холбогдох хуульд зааснаар Ерөнхий сайдад байдаг. Хэрэв асуудлыг шийдэхээр болбол намын шийдвэр гаргах бүтэц болон УИХ дахь намын бүлгийн хурлаар урьдчилан ярилцах үед л асуудал тодорхой болно байх. Ер нь улс орны хөгжилд ч, эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг уул уурхайн салбарын тухайд ч улс төрийн болон эрх зүйн орчны тогтвортой байдал чухал байдаг. Гэхдээ энэ нь илүү үр дүн авчрах шинэчлэл өөрчлөлтөөс татгалзана гэсэн үг биш юм.

-Ер нь хоёр яам нийлэх магадлал өндөр байна. Энэ тохиолдолд та өөрийгөө хамтарсан яамыг удирдах эрхтэй гэж бодож байна уу. Эсвэл зайгаа тавих уу?

Энэ асуудлыг би ганцаараа ийм тийм гэж хэлэх боломжгүй. Улс төр бол багийн тоглолтын дүрэмтэй байдгаараа онцлогтой.