Эрдэс баялгийн бирж байгуулна
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг нэгдсэн “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2012-2016 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан.
Энэ үүднээс эрдэс баялгийн түүхий эдийн бирж байгуулахаар Уул уурхайн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлийн зарчимд нийцсэн зарчмаар борлуулж, шударгаар үнэ тогтоох зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах гэж байгаа аж.
Мөн эрдэс баялгийн бирж байгуулснаар дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж тооцжээ.
Эрдэс баялгийн биржийг 100 хувь хувийн хэвшлийн оролцоотой байгуулна гэдгийг салбарын яамнаас нь мэдэгдлээ.
Үүний эхлэл болгож Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар болсон байна. Мөн Эрдэс баялгийн бирж байгуулахдаа Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар болжээ.
Эрдэс баялгийн бирж байгуулагдсанаар зөвхөн дотоодын эрдэс баялгийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүний худалдаанд оролцох боломжтой болно гэж албаныхан үзэж байна.