О.Баасанхүү: Би Монголын ард түмнийг туршилтын туулай болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “VIP” ярилцлагадаа урьж, ярилцлаа.
Хөл нь толгойныхоо, толгой нь хөлнийхөө ажлыг хийхээ болих хэрэгтэй
-Та чуулганы завсарлагаанаар юу амжуулав. Цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Энэ чуулганы завсарлгаанаар УИХ-ын гишүүний хувьд хууль сурталчлах, санаачлах гэж буй хуулиудтай холбоотойгоор санал авах, зарим нэгэн зөрчилтэй асуудлыг засаж сайжруулах гэсэн хүрээнд зүүн бүс болон говийн бүсүүдээр ажиллаа.
Ийнхүү орон нутгуудад ажиллаж байхад иргэдийн зүгээс нийгмийн халамжийн чиглэлийн хуулиудийг түлхүү санаачлахгүй бол иргэдийн амьдрал үнийн өсөлтөө гүйцэхээ болилоо хэмээн захиж шаардаж байна. Мөн цэцэрлэг, сургууль, эмнэлгийн олдоц тааруу байхад төрийн албан хаагчийн нэрээр баригдаж байсан эмнэлгийн барилгыг эвдэж сүйрүүлэн, хууль хяналтын байгууллагын байр болгох гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Тиймээс би энэ намрын чуулганаар эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн асуудлуудыг цогцоор нь шийдсэн бодлогын баримт бичгүүд дээр ажиллах бодолтой байна. Үнэндээ би Засгийн газар Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг буцааж өгч, иргэдэд үйлчлэх ёстой гэсэн байр суурь хэвээр байгаа. Үнэтэй аппарат эвдэлсэн этгээд, Хууль зүйн сайд нь улсад учруулсан хохирлоо төлөх хэрэгтэй гэж боддог.
Иймэрхүү эмнэлэг байгуулчихвал Монголд эмчлэх боломжгүй гэдэг 27 нэр төрлийн өвчнөөс зургаагийнх нь асуудлыг бүрэн шийдэх боломж гарц харагдаж байгаа.
Чуулганы завсарлгааны явцад зарим нэгэн гадаадын хөрөнгө оруулагч нартай уулзан төлбөрийн чадвар тааруу иргэдэд үйлчлэх шинэ эмнэлэг байгуулах талаар ярилцаад нааштай хариу сонсож чадсандаа баяртай байна. Одоо үйлчлэж байгаа ихэнх хувийн эмнэлгүүдийн хувьд ашгийн төлөө байдал нь давамгайлснаас болж зарим тохиолдолд гадаадад төлбөр төлсөнтэй адил шахуу төлбөрийг төлж байна. Улсын эмнэлгүүдийн хувьд үнэндээ нэр хүндэндээ тэр бүр хүрч ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш юм.
Тиймээс хүмүүнлэгийн чиглэлээр эмнэлэг байгуулах талаар гадны хөрөнгө оруулагч нартай ярилцаж байгаа юм. Иймэрхүү эмнэлэг байгуулчихвал Монголд эмчлэх боломжгүй гэдэг 27 нэр төрлийн өвчнөөс зургаагийнх нь асуудлыг бүрэн шийдэх боломж гарц харагдаж байгаа. Энэ талаар хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, ярилцах зүйлүүд бий.
Гэхдээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр байраа сольчихоод байна. Ерөнхий сайд нүүрсэнд санаа зовоод байдаг. Уг нь Улаанбаатарын иргэдийнхээ нүүрсний асуудалд Э.Бат-Үүл санаа зовох ёстой баймаар. Харамсалтай нь Засгийн газар буюу Ерөнхий сайд санаа зовоод байна. Харин Монгол Улсын эрүүл мэндийн асуудалд хэн санаа зовох вэ гэвэл ерөнхий сайд Н.Алтанхуяг шүү дээ. Гэтэл эсрэгээр Э.Бат-Үүл санаа зовоод, “Ёнсой” эмнэлгийн байрыг нураах талаар яриа хэлэлцээр явж байх жишээтэй.
Тэгэхээр иймэрхүү хөл нь толгойныхоо, толгой нь хөлнийхөө ажлыг хийхээ болих хэрэгтэй. Өөр өөрсдийнхөө үүргээ биелүүлэх ёстой гэж би боддог.
-Эрүүл мэндийн салбар өөрөө уналтад байгаа. Гэхдээ та яагаад энэ бүхэнд анхаарч, эрүүл мэндийн сайдын хийх ажлыг санаачлаад байна вэ?
Монголд өнөөдөр эрүүл мэндийн салбарыг өөрчлөх ёстой гэж хараад байгаа юм.
-Эрүүл мэндийн салбарт эргэлт хийх цаг болсон. Тэгэхийн тулд анагаахын сургууль болон эмнэлгийн тогтолцоог холбосон цоо шинэ тогтолцоог бий болгох нь чухал байна. Гэхдээ Эрүүл мэндийн сайд хийх ёстой нь үнэн ч зөвхөн энэ хүн хийх ёстой хэмээн орхиж болохгүй.
Яагаад гэвэл Эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлийн сургууль, даатгалыг хамруулсан орчин үеийн түвшинд гаргаж ирсэн зөв тогтолцоо байхгүй байгаад асуудал нь оршиж байгаа юм. Зовлон үзсэн хүн зовлон үзсэн хүнээ ойлгоно гэдэг шиг одоогийн энэ буруу тогтолцооны золиос нь би өөрөө байгаа учраас Монголд өнөөдөр эрүүл мэндийн салбарыг өөрчлөх ёстой гэж хараад байгаа юм.
Юу гэж хэлэх гээд байна гэвэл, асуудал нь Н.Удвал сайдад байгаа юм биш. Асуудал нь тогтолцоог үндсээр нь өөрчлөх ёстой гэж үзэж байна. Хүн бүрт наалдсан, тодорхой бодлого байхгүй байгаа. Тиймээс үүнийг оруулж ирэх ёстой. Энэ талаар маш олон зүйл ярьж болно. Тэгэхээр зөв бодлого амьдраад цааш явдаг. Буруу бодлого элэг доог болоод дуусдаг. Зөв бодлогыг хэрэгжүүлээсэй гэж иргэд биднийг сонгосон.
Шуналтай хүмүүсийг үзэн ядаж байна
-Хаврын чуулган завсарласан хугацаанд орон нутагт ажилласан гэлээ. Ер нь хөдөө орон нутагт намын талцал, зөрчилдөөн нэлээд байдаг. Тэгэхээр улс төрийн хүрээнд шийдэх гарц, таны хэлээд байгаа өргөн хүрээнд хийх алхам юу байна?
-Орон нутагт намын талцал байдаг гэж ярьдаг. Гэхдээ бид нэгдмэл улс учраас дээрээ хөлөө олж, бодлого шийдвэрийг аль болох ард түмэнд наалдацтай зөв шийдвэр гаргах ёстой гэж би үздэг.
Тухайлбал, шүүхийн тухай хуулийн алдаанаас болж, иргэд шудрага шүүхээр өөрийгөө хамгаалуулна гэсэн Үндсэн хуулийн эрхээ эдлэхэд бэрхшээл их үүсэж байна. Хэнтий аймагт байгаа хохирогч Дорнод аймагт очиж шүүх хуралд орох гэж асар их чирэгдэл үүсэж байна. Хохирогчийг хамгаалах хуультай улсын хувьд бид замын зардлыг нь төр төлөх ёстой биз дээ.
Шүүхийн шинэтгэл нэрээр хэдэн шүүгчид цалингаа нэмүүлсэнээс өөр доривтой шинэтгэл өөрчлөлт гарсангүй.
Харин ч энэ далбаан дор хэдэн хүнд гарууд шүүгч болчихлоо гэж УИХ дээр хэлж байсан миний үг улам батлагдаж байх шиг байна. Зарим нэгэн хүмүүс намайг “Та хувь хүний тухай яриад байна, асуудал яриа ч гэж магадгүй. Хамгийн гол нь аливаа асуудлыг хувь хүн үүсгээд байгаа юм. Тиймээс хүнийг солих ёстой гэж ярихаас өөр ямар гарц байгаа юм. Үнэндээ бол иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргуулахын төлөө ингэж бухимдан хэлж яриад байгаа юм шүү дээ.
-Ардын нам болох цөөнх. Ард түмний дуу хоолой болж ажиллаж байгаа учраас та тэдэнтэй хамтарч болохгүй юм уу?
-Цөөнх гэхээр МАН гэж битгий ойлго. МАН бол олонхи. Харин олонхи гэдгийг нь олж харахгүй байгааг гайхаад байна. Нэмэгдэхүүний байрыг солихоор нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэдэг шиг өмнө нь босс нь МАН, боол нь АН байсан.
Тэд нийлээд мөнгө иддэг байсан. Одоо босс нь АН, боол нь МАН болоод адилхан мөнгөө хуваалцаж, идэж уугаад явж байгаа. Тэд нэг түрийвчтэй. Тиймээс тэднийг ялгахад хэцүү. Гэхдээ МАН, АН-ын нийт гишүүний тухай энэд яриад байгаа юм биш. Дээр нь байгаа МАН-ын 10, АН-ын 15, нийт 25 хүн төрөөр тоглоод байгаа.
Одоо босс нь АН, боол нь МАН болоод адилхан мөнгөө хуваалцаж, идэж уугаад явж байгаа. Тэд нэг түрийвчтэй. Тиймээс тэднийг ялгахад хэцүү
Нарийн шалгавал 15 атгаалжийн мангас гэдэг шиг энэ авлигалын сүлжээг үүсгэсэн нөхөд бий. Үүнийг мэдье гэвэл, “MSC”-ийн 17 давхарын цонхоор хэний байшин, хаана босч байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Нэг охины дээрээс кран унаж, нас барсан асуудал нь шийдэгдээгүй байхад саяхан дахин нэг охин нас барлаа. Гэтэл өнөөдөр Энэтхэг сургуулийн хашаан дотор эрхтэн дархтанууд нь барилгаа бариад дууслаа.
Ерөнхийлөгчийнхөө толгой дээрээс нулимах бололцоо үүсгэчихээд байна. Миний хувьд бүтээн байгуулалтыг үзэн ядаад байгаа юм биш. Бүтээн байгуулалтыг Монгол шиг өргөн нутагтай газрын хаана ч хийж болно. Гэвч хууль зөрчин бусдын талхыг булаан авч ашиг олдог шуналтай хүмүүсийг үзэн ядаад байна.
Мөнгө төгрөгөөрөө хахаж цадсан, хулгайлсан мөнгөө цэвэршүүлж авахын тулд яаран сандарч, хэн нэгнийг хахуульдаад байшин бариад сууж байгаа нөхдүүд шүү дээ тэд. Тэгэхээр үүнийг шүүмжлэхгүй байхын аргагүй. Би үнэнийг нь хэлж байна.
-"Үнэн үг хэлсэн хүнд ноёд өстэй, үхэр унасан хүнд ноход өстэй" гэсэн үг бий. Гэхдээ таныг МАХН-ын даргын гар, хөл хэмээн шүүмжилдэг?
-Ер нь бол бараг надаас өөр хүн энэ хүний тухай дурсаж, өмөөрч, ярихгүй байгаа харагдаад байна уу. Үнэндээ бол Н.Энхбаяр даргын өмнө би өртэй биш. Дарга ч надад өргүй. Манай намаас сайд авсан зарим хүмүүс даргыг дахин улс төрд оруулахгүй гэж бүх хүч чармайлтаа тавьж байгаа үед хүн чанар гарган өмөөрөх нь зүй ёсны асуудал гэж би бодож байна.
Н.Энхбаяр дарга надад “Би эд нартай адилхан байсан. Дараа нь эднээс больё гэхэд ганцааруудуулж, хавчиж шахсан” гэж байсан. Бодит байдлаар бол Тавантолгойг нийт ард түмэнд өгье гэж лицензүүдийг нийлүүлэхэд өширхсөн.
Оюутолгойн 51 хувийг өгье гэхэд гадныхан бас л өширхөөд хэцүү байдалд орсон. Би бол хүний олон нь хүнээ барьж идэхгүй гэдэг утгаар долдойнууд нь энэ хүнийг шоронд хийх гээд байсан учир эсэргүүцэж, өмөөрөөд байгаа юм. “Жинхэнэ бөгс долоодог хүн нь та нар, Нямдорж оо чи байсан” гэдгийг шууд хэлдэг.
Жирийн нэг иргэн Баасанхүүг тагнуулын дарга нь “Гадаадын тагнуул гээд хэлчихлээ” гэж бодьё. Би биш гэдгээ нотлохын тулд явна биз. Хүн гүтгэсэн бол хоёр жилийн ял авна.
Гэхдээ тагнуул мөн үү, биш үү гэдгийг илрүүлэх нотлох баримт задарсан бол төрийн нууц задруулсан гэдгээр тэр хүний ял нь хүндэрнэ. Харин нууц материалыг нь цааш гүйцээж шалгадаг. Түүнтэй адил нууц гээд байсан материалыг нь шалгаж мухарлах ёстой байсан. Нууц гээд байсан материал зохиомол худал зүйл байсан бол одоо ял эдэлсэн Баатар генералд зохих цагаатгалыг нь үзүүлээд илүү эдэлсэн ялын нөхөн төлбөрийг нь өгөх ёстой шүү дээ. Ийм л долдойнууд өнөөдөр бидний дээр гарчихаад тус, тусад нь нэр, хоч өгөөд сууж байгаа.
Сайд нарын сэлгээ хийж, бүтцээ өөрчилнө гэдэг бол тоглоом
-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийж, сайд нарын халаа сэлгээг хийнэ гэдгээ зарласан. Энэ дагуу ч асуудлаа оруулж ирлээ. “Шударга ёс” эвсэл засагт ороод хоёр жил боллоо. Үр дүн юу байна вэ?
-“Шударга ёс” эвсэл засагт ороогүй. Ганцхан зүйлийг хэлэхэд, намаас Цэцгээ, Дулмаа, Доржийг сайд болгоё гэж бодоход гэрээ байгуулахаар томилогдсон хүмүүстэйгээ гэрээлэх асуудал.
Гэтэл энд байгаа хүмүүс нь өөрсдөдөө зориулсан гэрээ хийсэн. Сайд болсон хүмүүс бүгдээрээ Х.Баттулга гишүүнээр ахлуулаад хоёр талаасаа эвслийн гэрээ байгуулсан.
Тэгэхээр юун “Шударга ёс” эсвэл. Гэхдээ сайд нарын томилгооны үед би УИХ-ын гишүүн байгаагүй. Долоодугаар сарын 14-нд тангараг өргөж, нөхдүүд хамтдаа суугаад гэрээ хийгээд тэрийг сайд, энийг байнгын хорооны дарга болгоё гэж тохирсон зүйл. Р.Амаржаргал гишүүн МҮДН фракциа төлөөлсөн болов ч Фортуна нь өөрийгөө төлөөллөөд сайд болсонд одоо хэр нь бухимдаад байгаа. Бодитой зүйл бол энэ.
-Одоо тэгээд наймааны гэж хэлж болох Засгийн газар бүрэлдэхүүнээ өөрчилж чадах болов уу?
Дараагийн Засгийн газар ялгаагүй гэрээгээр байгуулагдана
-Таван намын цуглуулгыг ганц зангидаж байгаа нь Н.Алтанхуяг. Гэхдээ миний зүгээс сайд нарын сэлгээ хийх, бүтцээ өөрчлөх гэж байгааг тоглоом гэж харж байна. Албан ёсны зүйл байхгүй. Яагаад гэвэл, энэ Засгийн газар гэрээгээр байгуулагдсан.
Дараагийн Засгийн газар ялгаагүй гэрээгээр байгуулагдана. Гэрээгээр тохироо хийгээгүй байж яаж бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөх юм. АН ялсан нам биш. Олон суудал авсан. Олон суудал авсан нам гэрээгээр Засгийн газар байгуулахаас өөр гарц байхгүй. Харин гэрээгээ урьдчилж тохироогүй байж бүтэц ярина гэдэг худлаа. Энэ бол тоглоом.
-АН төрийн эрхийг гартаа авахдаа асар их алдаатай шийдвэр явуулсан гэж шүүмжилсээр байгаа. Гэвч төрийн алдаатай бодлогын нэг үндэс нь чадварлаг, мэдлэгтэй боловсон хүчнийг бүрдүүлээгүйтэй холбоотой юу?
-Хятад, Орос, Америкийн хөдөлгөөнийг харах ёстой. Ер нь тогтвортой төр, засаглалд мэргэшсэн албан хаагч нар ажиллах нь чухал. Харамсалтай нь АН мэргэшээгүй хүмүүсээр төрийг бүрдүүлж, намын ялгавар хийж байсан нь асар том алдаа болсон.
Бичиг үсэг мэдэхгүй хүн өнөөдөр дарга хийгээд явж байна. Дуучин хүн гадаадын иргэдийн асуудлыг хариуцаад суухдаа бусдыг мөрдөж мөшгөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгааг юу гэх үү. Энэ бол аймшигтай хэрэг.
Ганц хүн юу ч шийдэхгүй ч хүчийг бүрдүүлэх массыг цуглуулж чаддаг
-Орчин цагийн хэлмэгдүүлэлт эхэллээ гэж үзэх хүн бий. Шүүхийн шинэчлэл гэж ярьж байгаа ч үнэхээр хэн дуртайгаа шалгадаг, хорьдог байдал газар авсан юм биш үү?
-Асуудал нь ганцхан Х.Тэмүүжин сайдад байгаа юм биш. Тэр хүн бол зүгээр л бусдын гар хөл. Одоо бол хэрэглэгдэхээ больсон ашиггүй болсон эд эрхтэн. Гол асуудал нь Ерөнхийлөгч, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж дээд шүүхийн шүүгч Зоригтод байгаа юм. Тэд шинэчлэл хийхийг хүсээд байна уу. Эсвэл туршилт хийхийг хүсээд байна уу гэдэгт асуудал оршиж байгаа.
Тэд шинчлэл хийхийг хүсэж байсан бол тенхикийн болон бодлогын баримт бичгээ шийдэх ёстой байсан. Ингэж чадаагүй байгаа цагт шинэчлэлийн тухай ярих нь утгагүй. Одоо бол судалгаагүй бодлого ярьж ард түмнээр туршилт хийгээд байна. Цагдаагийн хувцсаар жишээ авахад нар салхинд гандахгүй, сайн гээд байсан. Одоо хуучин хувцас руугаа орж байгаа нь ард түмнээр туршилт хийсний нэг нотолгоо.
Мөн цагдаагийн дарга, АТГ-ын жолоочийн цол хэргэм хоорондоо адилхан байгаа нь эрх зүйн шинчлэлийн эмгэнэл юм. Би хэзээ ч тэднээр Монголын ард түмнийг туршилтын туулай болгохыг зөвшөөрөхгүй. Өөрт байгаа хүчин чадал, бодол, оюун санаагаараа туршилтад оруулах гэсэн бодолтой хүмүүсийн эсрэг зогсоно.
-Та ганцаараа хүчгүйдэж байна уу?
-Ганц хүн юу ч шийдэхгүй. Гэхдээ хүчийг бүрдүүлэх массыг цуглуулж чаддаг. Масс бүрдэж байгаа. Инээсэн болгон нөхөр биш, уурласан болгон дайсан биш гэдэг шиг яваад байгаа асуудал үнэн, бодитой гэдгийг олон хүн одоо ойлгож байна.