Эрүүл мэндийн сайд Н.Удвал Унгар улсын “VMD Hospital technology” группийн төлөөлөгчидтэй уулзав
Уулзалтаар гуравдугаар төв эмнэлгийн дэргэдэх Зүрх, судасны төвийн барилгыг Концессийн гэрээгээр гүйцэтгэх саналыг Эрүүл мэндийн сайдад танилцуулав.
2014.09.25

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Унгар улсын “VMD Hospital technology” группийн төлөөлөгчидтэй уулзав

Унгар улсын “VMD Hospital technology” группийн захирал Гашпар Марот, “Галк” компанийн гүйцэтгэх захирал Месарош Иштван, “VMD Hospital technology” группийн мэргэжилтэн Тамас Дарвос нарыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Сонинхүү нар оролцов. 

Энэхүү уулзалтаар тэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэдэх Зүрх, судасны төвийн барилгыг Концессийн гэрээгээр гүйцэтгэх саналыг Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Өнгөрөгч 6 дугаар сард зохион байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр бидний танилцуулсан төслүүдийн нэгд зүрх, судасны төвийн барилга, тоног төхөөрөмжийн асуудал байсан.

Учир нь Монгол улсын иргэдийн гадаад оронд оношлуулж, эмчлүүлэхээр явж байгаа өвчний нэг нь зүрх, судасны мэс засал, хүнд хэлбэрийн гажиг, эмгэгүүд байгаа юм. Бидний тулгамдсан асуудлыг эх орондоо шийдэхэд дэмжлэг үзүүлэхээр төслөө танилцуулж байгаа та бүгдэд талархаж байна.

Та бүхний санал болгож байгаа төслийг бид Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх болно. Дэмжигдвэл цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар эргэн ярилцах болно” гэв.  

Унгар улсын “VMD Hospital technology” группийн захирал Гашпар Марот цаг зав гарган хүлээн авч уузлаж байгаад Эрүүл мэндийн сайдад талархлаа илэрхийлээд хамтран ажиллахад хэзээд бэлэн байгаагаа хэлэв.

Мөн тэрээр “Бид хэд хэдэн улсад эмнэлгийн барилга барьж өгсөн туршлагатай. Эмнэлэг гэдэг үйлдвэрлэл биш технологи гэж би үздэг. Эмнэлгийн барилга маш нарийн шаардлага, стандартыйг хангаж байх ёстой. Тиймэс бид тухай улс орныхоо онцлог, олон нийтийн хандлагыг судалж байж, ажлаа эхлүүлдэг. Мөн бид бүх үйл ажиллагаагаа сургалт, эрдэм шинжилгээний судалгааны ажилтай уялдуулж хийдгээрээ онцлогтой” гэдгээ уулзалтын үеэр уламжлав. 

Тус групп нь Унгар улсын эрүүл мэндийн зах зээлд 20 жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд эмнэлгийн төхөөрөмж болон хэрэглээний эм, хэрэгслийн салбарт түлхүү ажиллаж ирсэн байна. Тэд үйлчлүүлэгчиддээ хэд хэдэн төрлийн цогц үйлчилгээг үзүүлдэг байна.

Тухайлбал, зөвлөх үйлчилгээ, эрүүл мэндийн технологийн загвар, төслийн төлөвлөлт, угсралт, хэрэгжилт, үйл ажиллагаа болон төслийн нэгдсэн удирдлага, эрүүл мэндийн түлшний систем, сувилагчийн дуудлагын систем, засвар үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангах нийлүүлэлт, хөрөнгө босгох зэрэг ажээ.