Шилдэг офицер, ахлагч 2 өрөө орон сууцаар шагнууллаа
Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Зэвсэгт хүчний шилдэг офицер, ахлагч шалгаруулах тэмцээн, Зэвсэгт хүчний марш-тактикийн аварга тасаг, салаа шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд болж, Зэвсэгт хүчний 30-аад ангийн 1000 гаруй тамирчин өрсөлдлөө.Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн чадавхийг шалгах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг сурталчлах зорилготой энэ тэмцээнд Зэвсэгт хүчний анги бүрээс нэг офицер, нэг ахлагч оролцов.
Энэ тэмцээн 60 км-ийн явган марш, онолын болон ур чадварын бэлтгэл, марш гүйлтийн тэмцээн гэсэн 3 үе шаттай явагдсан бөгөөд байгалийн саад бүхий 60 км замыг өөрсдийн хэрэглэх хүнс, хувцас зэрэг 25 кг ачаатайгаар 18 цагийн дотор туулжээ. Энэ үеэрээ байр зүйн зураг, байрлал тодорхойлох GPS багажийг ашиглан явж, шүүгчийн өгсөн амьдрах ухаан, цэргийн тактик, цэргийн хэргийн чадварыг шалгах даалгаврыг гүйцэтгэсэн байна. Тэдний явган маршийн явцыг 10 км тутамд байх дундын хянагчид хянажээ.Энэ жил марш-тактикийн тэмцээнд гэрээт цэргүүд болон Цэргийн төв эмнэлгийн эмэгтэй тасаг анх удаа оролцжээ.
Тэргүүн байрыг БХИС-ийн тэнхимийн дарга, дэд хурандаа Б.Батмөнх, 015-р ангийн ахлагч С.Батбилэг нар эзэлж, хоёр өрөө орон сууц, II байрыг ЗХЖШ-ын хошууч М.Батхуяг, ЗХ-ний 150 дугаар ангийн сургагч ахлагч Н.Баасан нар хүртэж, гадаадын цэргийн академи, цэргийн дээд сургуульд суралцах, III байр эзэлсэн ЗХ-ний 032 дугаар ангийн ахлах дэслэгч С.Билэгсайхан, ЗХ-ний 123 дугаар ангийн ахлагч Б.Энхтайван нар гэр бүлийн хамт гадаадад амрах эрхийн бичгээр шагнуулжээ.
Зэвсэгт хүчний марш-тактикийн тэмцээний гурван төрөлд Ховд аймгаас ирсэн хурандаа Б.Галбадрах захирагчтай 123-р ангийнхан хоёр алт, нэг хүрэл медалийг хүртэж тэргүүн байрыг эзэллээ.