Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ
2012.05.28

Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ

Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээ өчигдөр Сүхбаатарын талбайд болов. Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн хүрээнд зохион байгуулсан энэ ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ, ЗХЖШ, НҮБ болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн энэ хугацаанд Сьерра Леон, Чад, Судан, Этиоп, Косово, Гүрж, Ирак зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн 6000 гаруй цэрэг, албан хаагч цугласан юм.Одоогийн байдлаар 500 гаруй цэрэг энхийг сахиулах үүрэг хүлээн, гадаадад ажиллаж байна. 

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Манай энхийг сахиулагчид эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга, зохион байгуулалтаараа олон улсад өндөр үнэлэгддэг. Улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг сахиулагчдын оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй” хэмээв. Дээрх арга хэмжээний үеэр БХЯ-ны харьяа байгууллагууд олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулсан ба гардан тулааны үзүүлбэр, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид тоглолтоо толилуулсан юм. Мөн энэ үеэр таван хүнийг “Африкт Энхийн төлөө”, “Афгинистанд Энхийн төлөө” медалиар шагналаа.

Сүүлийн дөрвөн жилд энхийг сахиулах ажиллагаанд Монголын дайч - дын гүйцэтгэдэг үүрэгт зарч мын өөрчлөлт орсон. Энэ нь хам тарсан Засгийн газрын үед батлан хамгаалах салбарт өрнөсөн томоохон шинэчлэлийн нэг хэсэг юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд асан Л.Болд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийг 2010 онд шинэчлэн баталснаар эрх зүйн орчин сайжирсан. Хамтарсан Засгийн газар тогтоол гаргаж, НҮБ-аас дайчдад олгодог томилолтын зардлын 60 хувийг 70 болгон нэмэгдүүлсэн” гэлээ.

Энэ үйл явдалтай давхцан, Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагааны багийн хоёрдугаар ээлжийн 200 гаруй албан хаагч өчигдөр эх орноосоо мордсон юм.Манай энхийг сахиулагчид өмнөд Суданд буй НҮБ-ын цуваа болон цэргийн баазыг хамгаалах, энгийн бус ачаа тээврийг хариуцах гэнэ. Энэ удаагийн энхийг сахиулах ажиллагаанд тус улсын Дарфур мужид 70 орчим эмэгтэй албан хаагчаа эмнэлгийн тусламж үзүүлэхээр илгээж буйгаараа онцлог аж. Манай Улс Өмнөд Судан руу 850 цэрэг илгээх бөгөөд ингэснээр сүүлийн 10 жилийн түүхэнд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээдэг топ 20 орны тоонд багтаж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.