Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв
2012.05.28

Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улс эхнийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа, Үүнтэй холбогдуулан жил бүрийн тавдугаар сарын 29-ны өдрийг энхийг дэмжигчдийн баяр өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Тэгвэл энэ баяр өчигдөр тохиосонтой холбогдуулан БХЯ, ЗХЖШ-аас энхийг сахиулагчдад хүндэтгэл  үзүүлэх ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр,  Засгийн газрын зарим гишүүн болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, элчин сайдууд Нийслэл орчмын зэвсэгт хүчний анги салбаруудын бие бүрэлдэхүүний төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: "Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж эх орон, ард түмнийхээ итгэл сэтгэлийг тээн, хүлээсэн үүргээ эр цэргийн ёсоор мадаггүй биелүүлсэн эрэлхэг хөвгүүд, охидоороо бахархаж тэдэндээ хүндэтгэл үзүүлж байна. Эх орон, эр цэрэг, тусгаар тогтнол.

 

Эдгээр үгс өөр хоорондоо нягт холбоотой, амин шүтэлцээтэй ойлголт бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг сахиулагчдын оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Дэлхий ертөнцийн хаа нэгтээ дайн дажин, үймээн самууны хөлд нэрвэгдэн зовж зүдэрсэн ард түмэнд цэнхэр дуулгатан Монгол цэрэг авралын од нь болж эв нэгдэл, эрх чөлөөг ханган амгалан тайван аж төрөн амьдрах нөхцөлийг бүрдүүлэн өгч, энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, мөр зэрэгцэн алба хааж байгаа бусад олон орны дайчдад эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалттай байхын үлгэр дууриалалыг харуулсаар бай-гаад миний бие Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье"гэлээ. Үүний   дараа   Батлан   хамгаалахын   сайд Ж.Энхбаяр нийт энхийг сахиулагчиддаа хандан баяр хүргэн, талархал дэвшүүлэн үүргээ нэр төртэй биелүүлсэн зарим офицер, ахлагч нарт "Энхийн төлөө" медаль гардуулсан юм.

 

Манай улсын хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 14 энхийг сахиулах ажиллагаанд нийт 5372 энхийг сахиулагч оролцжээ. Үүнээс 2896 нь НҮБ-ын 2372 нь олон улсын энхийн ажиллагаанд, 104 нь цэргийн ажиглагч, штабын офицерын үүрэг гүйцэтгэсэн байна. Тэгвэл одоогийн байдлаар нийт 434 алба хаагч энхийн манаанд зогсож байгаагийн 68 нь НҮБ-ын, 344 нь олон улсад энхийг сахиулж байгаа бол, 22 алба хаагч цэргийн ажиглагч, штабын офицероор ажиллаж байгаа аж. Сонирхуулахад энхийг сахиулах ажиллагаанд эр оролцож буй алба хаагчийн нэг сарын цалин 1,029 ам доллар байдаг бол хувцас, агсамж, тоног хэрэгслийн үнэ 68 ам доллар, зэвсэг, сургалтын алт хэрэглэлийн үнэ 5 ам доллар байдаг гэнэ. Өдрийн цайны мөнгө нь 1,28, амралтын мөнгө  нэг хүнд зургаан сар тутамд нэг удаа 10,50 ам доллар байдаг гэлээ. Өдөрлөгийн үеэр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид, ЖИС-ийн   ЦХС-ийн   хөгжимчид,  Тэмүүжин- өрлөг сургуулийн сурагчид үзүүлэх тоглолт сонирхуулсан бол Зэвсэгт хүчний 032,  150 дугаар анги гардан тулааны үзүүлэх сургууль үзүүлж цугласан хүмүүст сүр хүчээ гайхуулсан юм. Мөн энэ үеэр "Монгол цэрэг-Энхийн үйлст", иракт өнгөрүүлсэн 190 хоног" зэрэг баримтат  үзүүлсэн. Мөн "Соёмбо" сонин, "Дуулга" студи, "Алдар" спорт хороо, "Бөртэ" оёдлын үйлдвэр зэрэг тус яамны хөдөлгөх хүч болсон байгууллагууд үзэсгэлэн гаргажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.