Ялалтаас хойш 67 жил, тэгээд...
Юуг яаж олсноороо тухайн зүйлийн үнэ цэнэ хэмжигддэг байх. Онцгойлж оюун санааны эрх чөлөө, улс орны тусгаар тогтнолыг олон эрсийн цус, түмэн эхийн нулимсаар олж, Дэлхийн хоёрдугаар дайны сүүдрээс үхээрийн бараан үүлийг үлдэн хөөсөн эх орны дайны ялалт гэдэг хэмжүүрийн хязгааргүй үнэт эрдэнэ мэт ээ. Эх орны дайнд ялалт байгуулсны түүхт 67 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. Дайны жилүүдэд тусгаар улсын бүрэн бүтэн байдал, туурга нэгт түмнийхээ мөнхийн эрх чөлөөний төлөө тэмцсэн Монгол, Зөвлөлтийн баатар эрсийн гандашгүй гавьяаг 67 дахь жилдээ тэмдэглэж буйн учир ийм. Дорнын хязгаарыг чиглэн байрлах баатарлаг түүхийн гэрч болж үлдсэн танктай хөшөөнд цэцэг өргөснөөр түүхт өдрийн арга хэмжээ эхэлсэн юм.
Зайсан толгойд байрлах энэхүү танктай хөшөө нь Монголын ард түмний хөрөнгөөр байгуулсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад фашист булаан эзлэгчдийг зөвлөлтийн нутгаас хөөн гаргаж, Чех улсын нийслэл Прагийг чөлөөлөх, Германы нийслэл Берлинийг эзлэх байлдаанд оролцож гарамгай гавьяа байгуулсан эрхэм алдрыг сануулсан гэрэлт дурсгал билээ. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан хамгаалахын яам, тус яамны сайд Ж.Энхбаяр, Зэвсэгт хүчний жанжин штаб, Гадаад харилцааны яам, ОХУ-ын Элчин сайдын яам, Бүгд найрамдах Казахстан улсын Элчин сайдын яам, Цэргийн атишагийн алба, Монголын төмөр зам, Монголд үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын байгууллагуудын төлөөлөл, алба хаагч, ажилчид, гэр бүлийн хамт байлцаж, хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Дайны зурваст зэвсэг агсаж, дархан хилийн манаанд зогсоогүй ч эндээс цэрэг, эх орны үзлээр дотор огшиж, ямар үнээр олдсон эрх чөлөө, эх орон бэ гэдгийг тус өглөөний наран доор илүүтэй мэдрэх ажээ. Ийнхүү хөшөөнд цэцэг өргөсний дараа эл арга хэмжээнд оролцсон бүрэлдэхүүн Г.К.Жуков жанжны хөшөөг зорилоо. Хатан Туулын хөвөөг эмжиж хөврөх уртаас урт цуваа Маршлын гүүрийг давах үед болохгүй бүтэхгүй байна гэж улиглах монголын хөгжил, нийслэлийн өнгө хаврын урь орж, ханш нээгдсэн энэ цаг дор өөр өнцөг, өөдрөг бодол төрүүлж амжив. Бидний зорьж яваа гэрэлт хөшөөний эзэн Георгий Константинович Жуков (1896 оны 12 дугаар сарын 26-1974 оны зургадугаар сарын 18) нь ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал юм.
Дайны үед Зөвлөлтийн ард түмний дундаас олон авьяаслаг жанжин төрөн гарсан байдаг. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгайд нь зүй ёсоор тооцогдох нэгэн. Ядуу тариачин гэр бүлээс гаралтай, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэрхшээлт, мянган адармаат зам туулсан түүний гавьяаг Монгол, Зөвлөлтийн ахан дүүс энэ өдөр заавал дурсдаг юм. Түүхийн шаргал хуудсыг сөхөхөд дэлхийн хоёрдугаар дайны ширүүн тулаан шийдвэрлэгдсэний дараа, "Манай сөрөх довтолгоон амжилт олсон тухайд гэвэл дайралтыг гэнэт хийсэн, тэгэхдээ дайсны хүчээс давуугүй хүчээр хийсэн юм. Байлдааны туршлагатай ч болсон байлаа" гэж Г.К.Жуков дурсаж, ялалтын үнэ цэнийг өгүүлсэн байдаг юм. Дайны дараа Г.К.Жуков Герман дахь Хяналтын Зөвлөлийн дарга, Одессын цэргийн тойргийн командлагч, Батлан хамгаалах яамны сайд зэрэг хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад 1957 онд чөлөөндөө гарчээ. Тэрээр ЗХУКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүнээр зургаахан сар ажилласан юм билээ. Түүнийг 1974 оны зургадугаар сарын 18-нд нас барахад нь Кремльд чандарлан ёслол төгөлдөр нутаглуулсан гэдэг. Г.К.Жуковын гэр музей 1979 онд Монголд байгуулагдаж, музейн дэргэдэх талбайд түүний хөшөөг босгосон билээ.
Бага үдийн нар илчээ ээж, бид жанжин Г.К.Жуковын хөшөөнд хүрэлцэн ирлээ. Үлээвэр найрлын сүрт парад, орос, монгол хүүхдүүдийн дуун хадах хөшөө орчимд 67 жилийн дараа дархлагдсан эрх чөлөөний үргэлжлэл болсон залуус цөөнгүй байгаад сэтгэл өег байв. Харин чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчид маань үзэгдээгүй. Дайны тоосонд залуу насаа өргөсөн эдгээр буурлуудын тоо өдөр ирэх тусам цөөрч, өдгөө арав хүрэхтэй, үгүйтэй нь үлдсэн гэх юм билээ. Хувьчилж бодвоос нас өндөр, лагшин чилээрхүү болсны л илрэл биз. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяртай уулзаж, түүхт өдрийн талаар ярилцлаа.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр: Мартаж үл болох түүх шүү
-Танд түүх ялалтын баярын мэндийг хүргэе?
-Монголынхоо нийт ард түмэнд ялалтын баярын мэндийг хүргэе. Энэ бол бидний хамтын баяр. Энэхүү түүхэн ялалт нь Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийн их гүрнүүд, олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн ач гавьяатай ялалт болж чадсан. Монголын ард түмэн энэхүү дайнд өөрийн улс орны эрх ашгийн төлөө анхнаас нь оролцож, Зөвлөлт улсад туслах замаар бүх талын оролцоотой байж чадсан. Дайны төгсгөлд Монголын ард түмэн, манай зэвсэгт хүчин оролцож, дайн дуусахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ бол мартаж үл болох түүх. Гэтэл энэхүү гавьяаг бид мартаад байна. Тухайн үеийн нам, төрийн тэргүүнүүд улс төрийн маш зөв шийдвэр гаргасан. Үүний ачаар өнөөдөр Монгол улс НҮБ-ын гишүүн болж, тусгаар тогтносон бүрэн эрхт улсаа байгуулаад явж байна. Тиймээс бид бүгдийн хамтын ялалтын энэ түүхийг мартаж үл болно.
-Сэтгэлдээ энэхүү ялалтын талаар мэдэрч, мэддэг хүн цөөн болжээ. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Түүхт ялалтаас хойш 67 жил өнгөрсөн байна. Бид энэхүү ялалтын үнэ цэнийг, ач холбогдлыг жилээс жилд санан дурсаж, хойч үедээ улс төрийнх нь ач холбогдлын талаар, Монгол улсад хэрхэн нөлөөлсөн талаар ойлгуулж, мэдрүүлж байх учиртай. Тусгаар тогтнол гэх хоёрхон үг, аугаа их эрх чөлөөний төлөө Монгол улс өөрсдөөсөө хамаарах бүхнээ хийсэн. Улс ардынхаа аж ахуйн дийлэнх хувийг энэ дайнд зориулсан.
-Чухамдаа тухайн цаг мөчид амь бие үл хайрлан тэмцсэн цэрэг эрсээс өнөөдөр хэд нь амьд сэрүүн байна вэ?
-Цөөхөн дөө, их цөөхөн хүн үлдсэн. Өдөр ирэх тусам л дайны талаарх түүхийг мэдэх амьд гэрчүүд цөөрөөд л байна. Тийм учраас энэхүү ялалтын түүх, эх оронч үзлийн талаар залуу хойч үедээ таниулна гэдэг эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх явдал. Энэхүү эх орны чөлөөлөх дайнд оролцсон бүх ахмадуудынхаа орон сууцны асуудлыг Монголын төр шийдээд дууссан.
-Энэ түүхэн өдөр Монголын өнөөгийн Батлан хамгаалах салбар ямар хэмжээнд явна вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой байх. Салбарын сайдын хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Тэгэлгүй яахав. Эх оронд эр цэрэг хэрэгтэй. Монгол улс гэж байгаа бол Монгол улсад Зэвсэгт хүчин хэрэгтэй. Зэвсэгт хүчин маань үүргээ сайн биелүүлж байгаа. Манай Зэвсэгт хүчний нэр хүнд дотооддоо төдийгүй дэлхийд өсч байна. Өнөөдөр дэлхийн халуун цэг болсон Ирак, Афганистан, Африкын орнуудад манай Зэвсэгт хүчний албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна шүү дээ. Олон улсад НҮБ-ын мандат доор Монголын Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэж байна гэдэг өнөөгийн хүрсэн түвшинг харуулж байна гэсэн үг. Монголын залуучууд маань төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ маш сайн биелүүлж байна.
Асар их үнээр олдсон эрх чөлөөний түүхээ Монгол, Орос улс ийн дурслаа. Салбарын хүрээнд даруухан болсон, дайнаас хойшх 67 дахь жил. Сайн, муугийн дэнсийг саван дотроо хэлэлцэх туурга тусгаар монголын түүхийн шинэ хуудасны, хуучирсан үйл явдал болчихсон ч юм шиг эмзэглэл төрөх, завгүй амьдралын завсаргүй хөдөлгөөн өөр зүг яарна. Гэлээ ч мартах учиргүй аугаа их ялалтын алдар зуун зууны дараа ч Монгол таны алдар хэвээр байгаасай билээ.