Д.Тэрбишдагва: Монголын эдийн засаг 11 хувиар өсөх тооцоо байна
Дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-ы “Зуны Давос"-ын уулзалт БНХАУ-ын Тянжин хотноо энэ сарын 10-наас 12-нд болж байна. Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож, үг хэлжээ.
Тэрбээр “Монгол Улс социалист нийгмийн байгууллаас эдийн засгийн өндөр өсөлттэй, олон намын ардчилсан тогтолцоонд шилжин ороод байгаа орон.
Сүүлийн жилүүдэд олборлох салбарын хөгжил хурдсаж, өнөөдрийн байдлаар ДНБ-ий 20 хувийг бүрдүүлэх болсон нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад даруй хоёр дахин их үзүүлэлт болж байна.
Эдийн засгийн өсөлт мөн 2010 онд 6.4 хувь байсан бол 2013 онд 12.5 хувь болон өссөн. Монгол Улсын хүн амын боловсрол ядуурал, төсвийн орлого зарлага зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт эерэг хандлагатай гарч байна.
Хэдийгээр 2014 он бидний хувьд сорилт ихтэй жил болж байгаа ч манай эдийн засаг 11 хувиар өсөх урьдчилсан дүр зураг байна.. Мөн Монгол Улсын бизнес хийх таатай орчны үзүүлэлт дөрвөн байраар, Авлигын индекс 11 байраар сайжирсан үзүүлэлт гарсан. Бид цаашид илүү том зорилт тавьж ажиллана” гэжээ.