Д.Энхжаргал: Манайхаас зарласан тендерт сургууль, цэцэрлэгийн засварын ганц ч ажил байгаагүй
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Оны сүүлчийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүн бүр тухайн жилийнхээ ажлын үр дүнг харж, үлдсэн хугацаанд юу амжуулахаа шийдвэрлэж байгаа байх. Худалдан авах ажиллагааны газрын хувьд хэр амжилттай ажилласан бол?
Засгийн газрын 408 дугаар тогтоолоор Худалдан авах ажиллагааны газар 129 төсөл, арга хэмжээ зохион байгуулахаар болсон бөгөөд энэ нь дотроо 213 багц болж задарч байгаа.
Мөн зарим яам, агентлаг эрх шилжүүлэх байдлаар 22 ажлаа өгсөн нь 64 багц болж задарсан. Нийт манайд 148 төсөл, арга хэмжээ, 270 гаруй багц тендер задарсан гэсэн үг. Мөнгөн дүнгээр нь авч үзвэл 395 тэрбум төгрөгийн ажил.
Одоогийн байдлаар 321 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг дуусгаад, гэрээ байгуулчихсан байна. Нийт төслийн 13 хувь буюу 36-д нь үнэлгээ хийгдэж байгаа. Тэгэхээр энэ сардаа гүйцэтгэгч нь шалгарчихна гэсэн үг. Зураг төсөвгүй 14 ажил бий. Нийт үнийн дүн нь 23 тэрбум орчим төгрөг.
Бид өнгөрсөн жилийн өдийд ажлаа дүгнэхэд 70 хувьтай байсан. Харин энэ удаа хэрэгжих шатандаа яваа ажлууд маань 94.6 хувьтай байгаа нь маш их амжилт гэж бодож байна. Үндсэндээ бид бүхий л ажлаа цахимаар явуулсан.
-Манай улсад бүтээн байгуулалтын ажил маш богино хугацаанд өрнөдөг. Тиймээс тендер шалгаруулахад танай дээр удаж байна гэх яриа их гарах болсон. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтын хэр олон ажил гаргасан бэ?
Өөрөөр хэлбэл улсын хэмжээний төслүүдийн талыг нь яамд өөрсдөө зохион байгуулж байгаа гэсэн үг.
Бүтээн байгуулалтын ажлуудыг хуваарилахад гурван сургууль, долоон аймагт МСҮТ, номын сан, соёлын өвийн барилга, 17 км зам, найман аймагт дэд станц болон цөөнгүй аймагт «Шинэ сум» төслийн инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийж дууссан. Мөн дөрвөн аймгийн Эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.
-Улсын хэмжээнд шинээр хэрэгжих 348 төсөл бий. Эдгээрийг бүгдийг танай байгууллага хариуцдаггүй юм уу?
Тийм ээ. Манайх 126-г нь хариуцсан. Өөрөөр хэлбэл улсын хэмжээний төслүүдийн талыг нь яамд өөрсдөө зохион байгуулж байгаа гэсэн үг. Тиймээс бүх тендер манайхаар дамжиж байгаа мэтээр ойлгож болохгүй. Аливаа дүн мэдээг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.
-Саяхан хичээлийн шинэ жил эхлэхэд засвар нь эхлээгүй газрууд байсан. Тендерийг нь оройтож зарласан гэх тайлбар өгөөд байгаа шүү дээ. Танайх удаасан хэрэг үү?
Асуудлыг тэгж ойлгож болохгүй. Манай байгууллага Засгийн газрын 408 таар тогтоолоор 129 төсөл арга хэмжээ зохион байгуулж байгаа гэж дээр хэлсэн. Бүх салбарын ажил бий. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 21 төсөл арга хэмжээ багтсаны 17 нь буюу 19.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажилдаа орсон.
Хоёрынх нь үнэлгээ хийгдэж байгаа, хоёр ажил дээр зураг, төсөв, ажлын даалгавар нь ирээгүй тул зарлах боломжгүй. Эдгээрийн дотор засварын ганц ч ажил байхгүй. Энэ жил Монгол Улсын хэмжээнд 76 цэцэрлэг баригдах ёстойгоос 11, 91 сургуулийн гурав, 20 дотуур байр, 11 спорт заалны барилга баригдахаас тус бүр нэг л ажлыг манай байгууллага хариуцаж тендерийг нь зарласан.
-Зураг төсөв байхгүй гэх зэрэг шалтгаанаар хойшилж байна гэлээ. Тухайн байгууллагууд материалаа дутуу илгээж байна гэсэн үг үү?
Бид яамдаас ирсэн ажлуудыг авахдаа сайд, эсвэл төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албажиж ирсэн ажлын даалгавар, зураг төслийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг. Гэтэл зарим ажлын зураг ирээгүй л байна.
Энэ жил зарим ажлуудыг нэг хэв маягийн зураг төсөвтэй байх ёстой гэсэн. Гэтэл түүнийгээ маш удаан хугацаанд хүлээлгэх жишээтэй. Арайхийж оруулаад ирэхээр батлагдсан төсвөөс тэрбум, тэрбумаар давчихсан төсөвтэй, инженерийн холболтын зураггүй байна.
Ингээд бодохоор төсөвт 580 сая төгрөг гээд суулгачихсан байхад хяналтын төсөв нь тэрбум хол гараад явчих жишээтэй. Ийм тохиолдолд Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас бид зарлах боломжгүй байдаг.
-Мэргэжлийн байгууллага байсаар байтал яамд өөрсдөө тендер зарлаж байгаа нь цаанаа ямар нэг ашиг сонирхлын асуудал байдаг биш үү ?
Уг нь мэргэжлийн байгууллага байгуулагдсан нь л бүхий л ажиллагааг энд төвлөрүүлж барьж байна гэсэн үг шүү дээ.
Уг нь мэргэжлийн байгууллага байгуулагдсан нь л бүхий л ажиллагааг энд төвлөрүүлж барьж байна гэсэн үг шүү дээ. Хуульд “яам, агентлаг өөрийн хэрэгцээний бараа, үйлчилгээний захиалагч байх» гэсэн заалтын дагуу л тендер зарлаж байгаа. Гэхдээ сүүлийн үед яам, агентлагууд манайд эрхээ шилжүүлэн зохион байгуулах хандлага нь нэмэгдэж байгаа
-Ямар төслүүдээ эрх шилжүүлж танайхаар зохион байгуулж, алийг нь авч үлдээд байна. Цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил яваа юм биш биз. Төр болон тендерээс төрсөн тэрбумтан гэдэг үг бий шүү дээ?
Түүнийг сайн мэдэхгүй юм. Юутай ч Засгийн газрын хуралдаанаар Худалдан авах ажиллагааны газрын хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн жагсаалтыг оруулдаг оруулдаг.
Үүний дагуу бүх яамнаас баталдаг. Ер нь бодлого барьж улирлын тайлан, үнэлгээ зэрэгт тодорхой үр дүн гарах байх.
-Тендерийг цахимжууллаа гээд байна. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, найз нөхдөөс тодорхой хэмжээгээр ямар нэгэн гуйлт, шахалт, дарамт ирэх үү ?
Манай байгууллагын бүх ажиллагаа ил тод явагдаж байгаа. Бүгдийг цахимаар зохион байгуулж, хяналтын төсвөө ч сайтад байршуулж байна. Шалгарсан аж ахуй нэгжийн ирүүлсэн материалын бүхий л мэдээллийг нийтэд нэг бүрчлэн танилцуулдаг.
Тиймээс маргаан гарах нь тун бага. Бидний зохион байгуулсан ажлуудын 30 гаруй хувьд нь гомдол гарсан байдаг. Гэхдээ гомдлын дийлэнх нь захиалагчийн шийдвэр буюу мэргэжлийн байгууллага үнэлгээг зөв хийсэн гэсэн дүгнэлт гардаг.
Түүнчлэн зарим аж ахуйн нэгжүүдийн зүгээс «Би аваагүй бол энэ тендерийг хэн ч авахгүй» гэсэн байр сууринаас үндэслэлгүй гомдол гаргаж байна. Монгол Улсад бүтээн байгуулалтын хугацаа богино, гомдлын дагуу шалгахад хугацаа их алдаж, дахин үнэлгээ хийх зэргээр багагүй цаг хугацаа алдах явдал их байна.