Хотын дарга Э.Бат-Үүл Нийгата хотын орлогчтой уулзлаа
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа болж байна.
Тус форумд зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд форумын үеэр нийслэлийн Засаг дарга Япон Улсын Нийгата хотын орлогч дарга ноён Хамада Эйжи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Хамада Эйжи “Юуны өмнө биднийг энэ хүндэтгэлтэй томоохон үйл ажиллагаанд урьж, оролцуулсан танд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн эдгээр улс, хотын удирдлагууд нэг хотод хамтдаа үйл ажиллагаандд оролцох нь ховор байдаг.
Харин Улаанбаатар хотын Захирагч таны урилгаар ийнхүү уулзаж, хөгжлийн бодлогоо тодорхойлж, ярилцаж буй нь энэ бүс нутагт та болон танай хотын найрамдалт харилцаа, нэр хүнд сайн байгаагийн илрэл” гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний урилгыг хүлээн авч, Найрсаг Улаанбаатар хотод зочилж байгаад таатай байна.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх үзэл баримтлалын хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан.
Энэхүү урт хугацаа хөгжлийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр боловсруулсан юм.
Тиймээс ч бүрэн хэрэгжих нөхцөл байдлыг сайтар судалж, боловсруулсан гэж бид үзэж байгаа. Харин уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, бие биенээсээ суралцан ажиллах шаардлагатай гэж үзэн энэхүү форумыг зохион байгуулж байна. Форумд оролцогчид цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг онцгойлон хэлж байгаад ихээхэн таатай байна” гэлээ.