“Азийн зуун”-ы гол хөдөлгүүр нь Зүүн Хойд Азийн орнууд
-Зүүн хойд Азийн орнуудын хотын мэрүүдийн форумыг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэллээ-
Тэрээр энэ үеэр хэлэхдээ “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дарга Э. Бат-Үүлийн санаачилгаар анх удаа зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын Форумд хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын Форумд оролцохоор манай найрсаг харилцаатай, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, , Япон улсын олон хотын төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Мөн энэхүү Форумыг НҮБ, олон улсын бусад байгууллагууд дэмжин оролцож байгаад бид сэтгэл хангалуун байна.
Хатагтай, ноёд оо, Манай гадаад бодлогын нэг чухал тэргүүлэх зорилт бол Зүүн хойд Азийн орнуудын хооронд энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, хамтын ажиллагааны тодорхой механизм бий болгох явдал юм.
Энэ зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж «Улаанбаатарын яриа хэлэлцээ» хэмээх Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааны механизм бий болгох санал дэвшүүлсэн билээ.
Энэхүү санаачилга нь зөвхөн төр засгийн түвшинд төдийгүй, манай 6 орны парламент, орон нутаг, бизнес-эдийн засгийн байгууллагууд, ард иргэдийн хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.
21 дүгээр зууныг “Азийн Зуун” гэж ярьдаг. Энэ «Азийн Зуун»-ы гол хөдөлгүүр нь манай Зүүн хойд Азийн улс орнууд, ард иргэд гэж бодож байна. Иймээс бид хүсэл тэмүүлэл, зорилгоо нэгтгэж, хамтын ажиллагаагаа бүх салбарт, бүх чиглэлээр өргөжүүлж, нэг баг болж чадвал дэлхий дахинаа манай бүсийн жин, нөлөө их болох юм. Энэ үйл хэрэгт энэхүү чуулга уулзалт томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй” гэв.
Зүүн хойд Азийн хотуудын удирдлага, төлөөлөгчид та бүхний хамтын ажиллагааны үүсгэл санаачилгад Монгол Улсын Гадаад харилцааны яам бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Манай 6 орны иргэд хоорондоо чөлөөтэй зорчдог, айлчилдаг болохын тулд бид визний дэглэмийг хамгийн боломжтой түвшинд хөнгөвчлөхийн төлөө ажиллах болно.
Энэхүү форумыг зохион байгуулах санаачлага гаргасан Монгол Улсын нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл болон түүний урилгыг хүлээн авсан та бүхэнд талархлаа дахин дэвшүүлж, чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.