Д.Лхамсүрэн:Шинэ систем хөгжлийг шинэ төвшинд хүргэнэ
Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэн
2014.08.18

Д.Лхамсүрэн:Шинэ систем хөгжлийг шинэ төвшинд хүргэнэ

Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэнтэй цахим тендер болон тендерийн шалгаруулалт, ажлын явцын талаар ярицлаа.

-Худалдан авах ажиллагааны газрын сүүлийн үеийн ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ жил хичнээн тендерийн ажлыг зохион байгуулж байгаа вэ?

-Засгийн газрын 2013 оны 408 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулах төсөл арга хэмжээний жагсаалт батлагдсан. Тус жагсаалтад 126 төсөл арга хэмжээ тусгагдсан.

Эдгээр нь орон нутагт газар зүйн байрлал, зориулалтаас хамаарч 272.багц тендер болж задарсан. 2014 оны эхний найман сарын байдлаар 272 багц тендерээс 76.4 хувь буюу 298.6 тэрбум тендерийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулаад байна.

Ажлын даалгавар ирсэн тендер зарласан, үнэлгээ гүйцэтгэлийг оруулбал бидний ажил 90 орчим хувьтай явж байна.
-Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа бүх тендер цахим хэлбэрт шилжсэн үү?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг зүйл бол худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, хэмнэлттэй зохион байгуулах үүднээс 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсан.

Энэ зорилтын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн системийг 2012 оноос хэрэгжүүлж цахим тендер зохион байгуулж эхэлсэн.

2014 онд Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа бүх тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна гэсэн заалт бий.

Энэ заалтын дагуу 2013 онд 25 хувийг, 2014 онд 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна. Аливаа системийг үйл ажиллагаанд оруулахын тулд тухайн системийн хэрэглэгчдийг чадавхижуулах шаардлага байдаг.

Тиймээс Худалдан авах ажиллагааны газар аж ахуйн нэгж, иргэдэд зориулан долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байгаа.

Сургалтад өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 9000 гаруй иргэн, аж.ахуйн нэгж хамрагдсан байна. Мөн үүнээс гадна хөдөө орон нутаг, аймгуудад цахим худалдан авах ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.

-Цахим тендер зохион байгуулахад ямар бэрхшээл тулгарч байна. Алдаа дутагдал гарав уу?

-Дээр хэлсэнчлэн шинэ систем нэвтрүүлэхдээ хэрэглэгчдийг чадавхижуулах ажилд анхаарч сургалт зохион байгуулан ажиллаж байна. Эхний цахим тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд энэ системийн талаар ойлголтгүй байсан.

Тиймээс бид аж ахуйн нэгжүүдэд цахим тендер шалгаруулалтын давуу тал болон шалгаруулалтын арга зүйг хүргэж ажилласан. Үүний дагуу хэрэглэгчдийг сургах хүндрэл нэлээд гарсан.

Мөн бусад төрийн байгууллагатай мэдээлэл солилцох шаардлага гарсан. 2014 оны гуравдугаар сард Сангийн яамнаас хар жагсаалтад бүртгэгдсэн буюу тендер шалгаруулалтад орох эрхээ гурван жил хүртэлх хугацаагаар хасуулсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргасан.

Хар жагсаалтан дахь аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь банкны тендерийн баталгаа болон банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар гаргасан байсан.

Энэ хүрээнд бид арилжааны есөн банктай цахим тендер шалгаруулалтын тендерийн баталгааг цахимаар гаргах, мэдээлэл солилцох гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэ нь аж ахуйн нэгжүүдийн тендерийн баталгааг хуурамчаар үйлдэх хар жагсаалтад орох, хууль бус үйл ажиллагаа явуулахаас хамгаалж байна. Худалдан авах ажиллагааны серверийг тоног төхөөрөмжийн хамтаар 2014 оны гуравдугаар сард үндэсний дата төвд шилжүүлэн байршуулсан. Ингэснээр бусад төрийн байгууллагатай мэдээлэл солилцох боломж бүрдсэн.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбогдож цахим хэлбэрээр татвар төлөгчийн мэдээллийг тендер нээсэн өдрийн байдлаар авч байгаа. Энэ ёол төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулж байгаа нэг хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл нөгөө байгууллагын мэдээллийг иргэдээс нэхэж хүндрэл учруулахгүй байх давуу тал бий болж байна. Бид цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын төлөлт, тухайн аж ахуйн нэгжийн боловсон хүчний чадавхийн мэдээллийг авах талд хамтран ажиллаж байна.

Мөн Авто тээврийн газраас авто тээврийн хэрэгслийн мэдээллийг авах юм бол тендер шалгаруулалтад оролцогчдын тоног төхөөрөмжийн мэдээллийг цахимаар шалгах боломж бий. Ер нь цаашид төрийн байгууллагатай мэдээлэл солилцоог өндөр төвшинд гаргах зорилт тавьж ажиллаж байна.

-Шинэ системийг хэзээ нэвтрүүлэх вэ. Бэлтгэл ажил хангагдсан уу?

-Аль ч улс оронд худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалт иргэдээс хардлага шүүмжлэл дагуулж явдаг. Тиймээс мэдээллийг ил тод нээлттэй болгох, үнэлгээг шударга үнэн зөв явуулах ганц гарц бол цахим хэлбэрт шилжих юм.

Бидний ашиглаж байгаа систем бол БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн. Гэвч мэдээлэл технологийн өндөр хөгжилтэй энэ үед нэг систем удаан амьдрах боломжгүй. Тиймээс зайлшгүй шинэчлэл, хөгжүүлэлтийг хийх шаардлагатай.

Энэ хүрээнд бид цахим худалдан авах ажиллагааны системийн хоёрдугаар үе шатыг 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж худалдан авах ажиллагааны газраас тус тендер шалгаруулалтыг зарласан. Үүнд дотоодын “Интерактив” ХХК шалгарсан. Одоогийн байдлаар тус компанийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна.

Тендерийн урилга нийтлэгддэг цахим хуудсыг сангийн яамнаас эрхлэн хөтөлдөг. Манай байгууллага цахим худалдан авах ажиллагаа буюу www.meps.gov.mn гэсэн цахим хаягийг хариуцан ажилладаг.

Тиймээс энэ системүүдийг нэгтгэх, мөн төрийн сан, Төсвийн төлөвлөлтийн системүүдтэй энэ системийг нэгтгэснээр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын төсвийн хөрөнгө зарцуулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлийн хяналт зэргийг цогц байдлаар шийдэх боломжтой юм. Ирэх оноос худалдан авах ажиллагааны цахим системд том ахиц гарна.