Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Орхон аймагт ажиллалаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ сарын 1-нд Булган аймгийн Хутаг- Өндөр суманд хуралдсан Засгийн газрын хуралдаанд оролцох замдаа Орхон аймагт саатан ажиллажээ.
Тэрээр Орхон аймгийн хөдөлмөрийн хэлтсийнхэнтэй уулзаж, зарим ажилтай нь газар дээр нь очиж танилцлаа. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Жаргалант суманд баригдаж байгаа ахуй үйлчилгээний газраар эхлээд орсон юм.
Ахуй үйлчилгээний газар ашиглалтад орсноор 10 гаруй ажлын байр шинээр нэмэгдэхээс гадна сумын иргэдийн хувьд халуун ус, үсчин, оёдол гэх зэрэг үйлчилгээг нэг дороос тав тухтай орчинд авах боломжоор хангагдаж байгаа юм.
Төвийн зарим үйлчилгээнд ашиглахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулж Хөдөлмөрийн яамнаас 30 сая төгрөг шийдвэрлэсэн аж. Энэ тухай Жаргалант сумын Засаг дарга С.Дангаасүрэн ярихдаа" Сум болгоноо халуун устай болгох шийдвэр аймгаас гарсан юм.
Энэ шийдвэрийн дагуу манай Сум халуун усны зориулалтаар хуучин ашиглаж байсан барилгаа Орон нутгийн хөгжлийн сангаас 92 сая төгрөг гарган шинэчлэн засварлаад байна. Шинэ барилгаа энэ сарын 15-н гэхэд хүлээлгэн өгч, иргэддээ үйлчилж эхэлнэ.
Хөдөлмөрийн сайд маань зөвхөн халуун ус гэлтгүй үсчин.зурагчин, оёдлын үйл ажиллагаа эрхэлж, дээрх чиглэлээр тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлж үлгэр жишээ ахуй үйлчилгээний төв болгох санал бидэнд тавилаа" гэв.
2014 онд Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа шинээр ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг дээшлүүлэхэд чиглүүлж буй аж. Тухайлбал, 40-өөс дээш насны иргэд хөдөлмөр эрхлэх боломж олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрт 2014 онд 25 иргэн хамрагдаж,
2,5 га талбайд төмс, нарийн хүнсний ногоо тарьжээ. Тэд нийт 40 гаруй тонн хүнсний ногоо хураах юм.
Мөн Хөдөлмөрийн яамны жижиг дунд бизнесийн дэмжих зээлд 2013 онд хамрагдсан гахайн фермер Д.Даваагийн Хөдөлмөрийн сайд зочилж, зээлийн үр дүнтэй танилцсан.
Сайдыг Эрдэнэт хотын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй танилцах үеэр тус төвийнхөн засвар шинэчлэлийн ажлаа хийгээд ид завгүй угтав.
Шинээр спорт заал болон 215 хүүхдийн багтаамжтай дотуур байрыг яамны хөрөнгө оруулалтаар барьж байгаа тус төвд 2015 оны хичээлийн шинэ жилээс эхлэн зэргэлдээх сум аймгийн хүүхдүүд ирж суралцах боломж бүрдэж буй.
Энэ тухай Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Орхон аймгийн Жаргалант сум бол хуучнаар Улаантолгойн сангийн аж ахуй гэж томоохон аж ахуй байсан. Өнөөдөр энд жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ажилтай танилцаж, яамны зүгээс шийдсэн санхүүжилт хэрхэн үр бүтээлтэй ажил хэрэг болж байгааг харлаа.
Эрдэнэт хотод Хөдөлмөрийн яам хоёр ч томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Нэг нь хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байрын засвар, нөгөө нь МСҮТ-ийн 215 хүүхдийн дотуур байрны асуудал.
Энэ жилдээ 1,1 тэрбум төгрөгийн ажил явагдах ёстой. Дотуур байр ашиглалтад орсноор амьдралын боломжгүй олон хүүхэд ирж, мэргэжил эзэмших юм гэлээ.
Эрдэнэт хотод тэрээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон хөдөө аж ахуйн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудтай уулзаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөртэй танилцлаа.