У.Зууннаст: Сургууль цэцэрлэггүй хороолол баригдсаар байгаа нь харамсалтай
Улсын баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат багш цолоор шагнуулсан 120 дугаар цэцэрлэгийн эрхлэгч У.Зууннасттай ярилцлаа. Тэрбээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул аж.
-Гавьяат багш цолоор шагнуулсанд тань баяр хүргэе?
-Сая наадмаар Монгол Улсын Гавьяат багш гэсэн өндөр цол хэргэм хүртлээ. Мэргэжил нэгт нөхдүүд, хамт ажиллагсад, ах эгч, үр хүүхдүүд, алдрай бяцхан шавь нарын маань буян заяа түшиж энэ өндөр шагналд хүргэлээ.
-Цэцэрлэгийн багш нарын дунд гавьяат болсон хүн их цөөхөн байдаг байх шүү?
-Тийм. Миний мэдэхийн улсын хэмжээнд гарын таван хуруунд л багтах хүн байдаг юм. 2008 онд Баянгол дүүргийн С.Урмаа гавьяат багш цол хүртэж байсан. Эндээс харахад манай дүүрэг сургуулийн өмнөх боловсролоороо тэргүүлэгч гэж дүгнэж болохоор.
Үүнээс өмнө 1990-ээд оны үөд цэцэрлэгийн гавьяат багш төрж байсан шиг санагдаж байна.
-Ажилчин болох гараагаа хэрхэн эхэлж байсан талаар сонирхуулахгүй юу?
-Би 1971 онд цэцэрлэгийн багшийн техникумыг төгсчихөөд Дорноговь аймгийн хоёрдугаар цэцэрлэгээс багшлах гараагаа эхэлсэн. Хөдөө гурван жил ажиллаад хуучнаар Октябрийн районы 11 дүгээр цэцэрлэгт шилжин багшилсан.
Улмаар 1988 оноос Баянгол дүүргийн 120 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр очиж, тэндээ тэтгэвэрт гартлаа 29 жил, нийтдээ 43 жил сургуулийн өмнөх боловсролд хүчин зүтгэлээ.
Намайг багш болоход миний том ах их нөлөөлж, сургуульд анх хөтөлж аваачсан хүн. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлээ ахиулан Боловсролын их сургууль, Удирдлагын академийг давхар төгссөн.
-Таны ажил их гэгээлэг ажил шиг санагддаг. Цэцэрлэгийн багш нарыг яг бяцхан хүүхдүүд шигээ хайлган цайлган болчихдог гэх юм билээ?
-Тэгэлгүй яахав. Миний мэргэжил чинь их гоё. Дандаа нялх балчир хүүхдүүдтэй ажилладаг болохоор тэдэнтэйгээ хамт өдар болгон л дуулж, инээж, баясч явна даа.
Найз нөхөд маань ч намайг хараад "Яг хүүхэд шиг л аашилж аяглах юм аа чи" гэдэг. 60 гарсан хэдий ч хүүхэд шиг ааш авир гаргаад байдаг шиг байгаа юм. Тэрийгээ би өөрөө мэддэггүй л дээ.
-Эрхлэгч байх, багш байх хоёрын аль нь хүнд вэ?
-Хүүхэдтэй ажиллаж байхад ядрах нь ядардаг. Гэхдээ сэтгэл үргэлж өөдрөг явдаг болохоор арай амар гэж хэлж болно. Балчир үрсийг удирдаж ажиллана, харьцана гэдэг чинь илүү ур ухаан чадвар шаардсан ажил байдаг юм байна.
Гэхдээ манай цэцэрлэгийнхэн бол нэгэн сэтгэлээр эвсэн, гар нийлэн ажилладаг их сайхан, хөдөлмөрч хамт олон.
-Хүүхдүүдтэй ажиллах сайхан ч гэсэн зав чөлөөгүй хэцүү ажил байх шүү?
-Тэгэлгүй яахав. Бас амаргүй л дээ. Өглөө үүрээр гараад үдшийн бүрийд л харьдаг. Өглөө багшид нь хүүхдээ хариуцуулж өгөөд л явна, тэр хүн хэзээ ирж хүүхдээ авна тэр хүртэл харих эрхгүй. Зарим нь түгжрээнд яваад амжихгүй ес, арван цагт ирж авах эцэг эхчүүд ч байдаг. Өдөр цайны цаг ч гарахгүй, унтсан хойгуур нь л бүх юмаа амжуулна шүү дээ.
-Сүүлийн үед цэцэрлэгийн багшийн ажлыг эцэг эхчүүд сайн ойлгохгүй болсон шиг байна?
-Тийм хандлага гарах нь бий. Энэ нь сүүлийн үед хүмүүс ганц , хоёрхон хүүхэд гаргах болсонтой холбоотой юм болов уу гэж боддог. Ганц нэгхэн хүүхэдтэй болохоор тэдэндээ их амь байдаг, эмзэг ханддаг болчихсон байна. Түүнээс багш нар хүүхдийг зодоод, загнаад зэмлээд байх нь гайгүй гэж боддог.
Намайг л дөчин хэдэн жил ажиллаж байхад эцэг эхчүүдээс танай багш нар тэглээ ингэлээ гэсэн гомдол ерөөсөө гарч байгаагүй. Яахав ой мод урттай, богинотой гэдэг шиг нөхдийнхөө нэр хүндийг унагасан ганц хоёр тийм багш байхыг үгүйсгэхгүй.
Цэцэрлэгийн багш нар чинь аль болох л хүүхэд бүрийг анхаарч, хөгжүүлэхийг боддог юм ш дээ.
-Та өөрөө хэдэн хүүхэдтэй хүн бэ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь дөч гараад явж байна. Том, бага хоёр охиндоо мэргэжлээ өвлүүлж, цэцэрлэгийн багш болгосон. Том охин маань Баянгол дүүргийн 93 дугаар цэцэрлэгт арга зүйч хийдэг. Бага охин маань 120 дугаар цэцэрлэгт багш.
-Ганц хүүхдээ харах гэж л эцэг эхчүүд тэвддэг шүү дээ. Тэр олон хүүхдийг харж, тойглох хэцүү байдаг байх даа?
-Өдөржингөө цаг наргүй ажилладаг ч ядаргаагаа мартчихсан, тэдэнтэйгээ тоглож наадаж байтал өдөр өнгөрчихсөн байдаг юм. Маргалдвал эвлэрүүлэх гэж, уйлах үед нь уйлж, инээж тоглох үед нь өмнөх ажлаа мартаад л харж суусаар байтал өдөр хоног маш хурдан өнгөрнө шүү дээ.
-Есөн сарын нэгэнд бас л бөөн юм болно биз?
-Өө бас л хэсэгтээ бужигнана. Дөнгөж ирж байгаа хүүхдүүд чинь эхэн үедээ аав ээжээ дагаж уйлалдана. Тэгээд хэд хоноод л дасчихна шүү дээ. Өглөөдөө жаахан уйлалддаг. Ахлах ангийнхан нь бол тоох ч үгүй.
-Хүүхэд цэцэрлэгт яваад ирэхээрээ цаанаа өөр болдог шиг санагддаг ш дээ.
-Тийм шүү. Хүүхдийн нүүр хагарна, хэл яриа, сэтгэхүй хөгжинө. Хичнээн бүлэг хүүхэд байсан ч бусадтайгаа тоглож наадаад өөр болдог. Ер нь хүүхэд гэдэг чинь тоглож байхдаа л бүхнийг сурчихсан байдаг юм. Тиймээс хүүхдийг хийх дургүй юмыг нь хамаагүй хүчилж шахах хэрэггүй.
Гэрээр хүмүүжсэн, цэцэрлэгт хүмүүжиж байгаад сургуульд орсон хүүхэд өдөр шөнө шиг ялгаатай гэж сургуулийн багш нар ярьдаг. Сургуулийн өмнөх боловсрол олгоогүй хүүхдүүд сургуулийн багш нарт ачаалал өгдөг.
-Өнөө үеийн хүүхдийн чадвар, сэтгэн бодох нь их өөр болсон гэж ярих болж. Энэ олон жил цэцэрлэгийн багш хийхэд юм ажиглагдаж байна уу?
-Тийм шүү. Одооны хүүхдүүд чинь их сэргэлэн, юм амархан сурдаг бидний хэлдгээр индего хүүхдүүд олширсон байна. Тал талын авьяастай, хэлж ярьж байгаа нь ч хурц. Нийгмийн хөгжил, дэвшлийг дагаад төрж байгаа хүүхдүүд нь ч өөрчлөгддөг шиг байгаа юм.
-Орчин нөхцөл нь ч өөр болсон шиг санагддаг?
-Орчин бол мэдээж хамаагүй дээрдэж байгаа. Намайг залуу багш байхад дандаа л гар хийцээр тоглоомоо хийгээд бараг гудас, сандал, ширээгээ өөрсдөө урлачихдаг байсан.
Гэхдээ улсаас тоглоомоо авдагч багш нар одоо ч гэсэн гарын дорхи материал ашиглаад өөрсдөө юмнуудаа хийж байгаа. Ундаа, сүүний хуванцар сав, лааз, панер, самар, чихрийн цаас гээд ашиглаж хийхгүй юм байхгүй.
Дээр үед чинь ийм материалууд нь ч ховор байлаа шүү дээ. Ер нь цэцэрлэгийн багш хүн чинь их гарын ур дүйтэй, бүжиглэх дуулах авьяастай байдаг юм. Цаасан дээр нэг юм шивээд гаргасан ч аль болох хүүхдийн сонирхол татахаар л юм хийхийг бодно шүү дээ.
-Хотын хүүхэд хөдөөний хүүхдийи ялгаа их байна уу. Танд ажиглагддаг уу?
-Өсч байгаа орчин нь өөр болохоос хот хөдөө гэж ялгараад байх нь гайгүй шүү дээ. Гэхдээ хөдөөний хүүхдүүд бага зэрэг ичимхий бүрэг байх шиг байдаг.
-Орчин үеийн цэцэрлэгт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Цэцэрлэгийг олшруулж, олон цэцэрлэг л барих хэрэгтэй байна. Тэгвэл улсын цэцэрлэгүүдийн ачаалал багасна. Нэг багш 45-50 хүүхэдтэй ажиллаж байгааг цөөлөх хэрэгтэй. Цаана нь бае цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхэд олон байна. Нэмж цэцэрлэг баривал ажлын байр ч нэмэгдэнэ.
Хүүхдийн хоол, унданд эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандах зүйл их байна уу?
-Хүүхдэд аль болох л илчлэг сайтай хоол хэрэгтэй. Одоо цэцэрлэгийн хүүхдэд илчлэг багатай хоол өгөөд байгаа юм биш л дээ. Тэгэхдээ хүүхдийн өдөрт идэх хоолны хэмжээ, норм мөнгийг ахиулах шаардлагатай байна.
Хуучин улс 50 хувь эцэг эхчүүд 50 хувь төлдөг байсан бол 2008 оноос хойш. хүүхдийн хоолыг улс 100 хувь даах болсон. Эцэг эх бид нар хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа юм чинь хүүхдийнхээ идсэн хоолны 50 хувийг төлж болно.
Ийм саналтай ээж аавууд ч олон байдаг. Ингэвэл хүухдийн хоолны порц. чанар ч сайжирна. Хэрвээ эцэг эхчүүд 50хувь, төлчихвөл илүүчилсэн мөнгөөрөө цэцэрлэгт тоглоом авах боломжтой гэж боддог.
-Өнгөрсөн онд нэг хүүхдэд ногдох махны хэмжээг хассан гэх яриа гарсан?
-Бага зэрэг хасагдах нь хасагдсан. Хуучин нэг хүүхдэд өдөрт 150 гр мах ногддог байсан. Гэхдээ нас насаараа ялгаатай байдаг. Махны хэмжээг нь арай багасгаж мах орлуулах зүйлээ илүү нэмж өгсөн л дөө.
-Хүүхдийг бага насанд нь суурь боловсролыг маш сайн тавьж өгөх ёстой гэдэг. Тийм ч учраас цэцэрлэгийн багш нарт их үүрэг хариуцлага оногддог болов уу?
-Тэгэлгүй яахав сургуулийн өмнөх тав хүртэлх насанд амьдралынхаа дадал, хэвшлийн 70-80 хувийг олж авдаг гэж эрдэмтэд ярьдаг. Тийм ч учраас цэцэрлэгийн багш нарын хариуцлага их өндөр.
-Ер нь цэцэрлэгийн багш нарыг сонгон шалгаруулахдаа ёс зүйн талаас шалгадаг юм болов уу?
-Ёс зүйн шаардлага тавилгүй яахав. Үүнийг хэрэгжүүлж ажиллах ёстой, ихэнх нь хэрэгжүүлж ажилладаг.
-Хүүхдээр овоглосон байгууллагууд ховор шүү дээ. Энэ тал дээр таны бодол?
-Тийм шүү. Сургууль цэцэрлэг, төрөх газар их бага байна. Ер нь бол 1998 оноос хойш хүүхдийн тоо эрс нэмэгдсэн, жил ирэх тусам төрөлт ихэссэнтэй холбоотой цэцэрлэгийн хүрэлцээ улам муу болж байна. Аль болох л цэцэрлэг, хүүхэд хөгжүүлэх хэрэгтэй байна. Том том зочид буудал, хорооллууд их баригдаж байгаа.
Уг нь хороолол болгонд нэг цэцэрлэг нэг сургууль бариад байвал ачаалал багасна. Сайхан хорооллууд босоод л байх юм. Харамсалтай нь тэнд цэцэрлэг, сургууль дутмаг байна. Сургууль, цэцэрлэг тусгаагүй төсөл, хөтөлбөрийг шинэ хорооллыг бүр баригдахаас. нь өмнө дэмждэггүй байсан ч болно шүү дээ.
-Хувийн цэцэрлэгүүдийг төрөөс хэрхэн дэмжин ажилладаг юм бол?
-Хувийн цэцэрлэгийн тогтмол зардлыг төр санхүүжүүлж байгаа гэж сонссон. Улсын цэцэрлэгийн ачааллыг хувийн цэцэрлэг бага ч болов бууруулж өгч байна.
-Цэцэрлэгт хүүхдийн хичээлийн цаг нь хэр их байдаг юм бэ?
-Хичээллэх цагийг өмнөхөөсөө багасгасан. Аль болох тоглох цагийг нь нэмж байгаа. Хүүхэд чинь айл гэр болж тоглох явцдаа л хүмүүжлээ олоод авчихдаг. Хүүхэд хүүхэдтэйгээ илүү өөрийгөө нээж ярьдаг доглонгоо ярихаар хэл яриа нь илүү хөгждөг.
-Ер нь цэцэрлэгт эрэгтэй багш хэр их байдаг юм бол?
-Байлгүй яахав. Тамирын багш, урлалын багш гээд эрэгтэй багш нар байдаг. Эрэгтэй хүмүүс чинь цэцэрлэгийн багш болохдоо эмэгтэйчүүдээс илүү ур дүйтэй шүү дээ. Бүдүүн баараг ч гэсэн хүүхэдтэй харьцахаараа цаанаа өөр болдог. Илүү уян хатан байдаг.
-Танай цэцэрлэгт эрэгтэй багш ажиллаж байна уу?
-Манайд бол байхгүй. 101 дүгээр цэцэрлэгт хэд хэдэн эрэгтэй багш байдаг юм.