УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр
2014.06.11

Л.Гантөмөр: 6 настай хүүхдийг дүнгээр айлгаж, уралдуулж болохгүй

Болзоо нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцлоо.

-Сайн байна уу, Оюутан сурагчид төгсөх гээд их ажилтай байна уу?

Өө, ажилтай байна.

-Та хонхны баярт уригдаж байна уу?

Очихгүй байгаа.

-Тавдугаар ангийн хүүхдүүд мөн хонхны баяр хийх юм аа. Эцэг эхчүүд нь мөнгө татаад байна гэж шүүмжилдэг?

Уг нь хонхны баярыг хориглох тушаал гарсан ч тэмдэглэлт өдөр учраас дийлэхгүй байгаа. Чадах чинээгээрээ эрдмийн баяр болгохоор зорьж байгаа ч хонхны баярыг нижгэр тэмдэглэдэг соёл тогтчихсон байна.

-Энэ жил боловсролын салбарт шуугиантай зүйлс олон байсан. Уран зохиол, түүхийн хичээл хасагдлаа гэх мэдээлэл гарч байсан.

Боловсролын салбарт их том өөрчлөлтүүд гарч байгаа. Хамгийн чухал нь хүүхдийнхээ сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх, хүүхэд төвтэй сургалтын орчин, хөтөлбөрийг барьж байгаа.

Яавал сургалтын чанарыг сайжруулах вэ гээд ажил өрнөж байгаа. Уран зохиолыг хасна гэдэг бол цэвэр цуурхал байсан. Нөгөө талдаа шинэ сорилт, өөрчлөлт шинэлэг арга барил ороод амьдрал буцлаад ирэхээр шүүмжлэх гэсэн хүмүүс гарч ирдэг.

-Сонгуулийн дараа дахин шинэчлэл өрнөдөг. Таны шинэчлэл хэр урт настай вэ?

Өмнөх хорин жилийн хугацаанд хийсэн шинэчлэлийг нэгтгээд ухаантай бодлогыг нэг газраас хайх биш, уламжлалаа ч хадгалана. Угаасаа цаг хугацааны хувьд хийгдэж байсан шинэчлэл нь өнөөдөр хүүхэд бүрийг хөгжүүлэх асуудалд зангидагдсан. Би гарч ирээд шинэчлээд байгаа хэрэг биш. Цаг үе шаардаж байгаа юм.

Хамгийн гол нь тэр хүүхэд өөрийгөө нээхэд туслах юм.

Хүүхэд том болоод ямар ч мэргэжлийг сонгож, ямар ч ажил хийж болно. Гэхдээ хамгийн гол нь ерөнхий боловсролдоо өөртөө итгэлтэй, өөртөө байгаа зүйлдээ нээдэг, амьдралаа аваад явдаг Монгол хүнийг төлөвшүүлэх нь хамгийн чухал.

Энэ ч утгаараа хүүхдээ хөгжүүлэхийн тулд 5 дугаар ангийн хүүхдийг урамшуулах дүнгийн тогтолцоог барьж байгаа. 6 настай хүүхдийг дүнгээр айлгаж болохгүй, уралдуулж болохгүй гэсэн бодлого барьж байна. Хамгийн гол нь тэр хүүхэд өөрийгөө нээхэд туслах юм.

 Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзээрэй