Ц.Оюундарь: Улс төр бол багаар ажиллах, бусадтай харилцах ур чадварт суурилдаг
Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь
2014.07.09

Ц.Оюундарь: Улс төр бол багаар ажиллах, бусадтай харилцах ур чадварт суурилдаг

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Ардчилсан намаас зохион байгуулж буй томоохон ажлуудын нэг бол "Сумын чуулган" сургалт, хэлэлцүүлэг юм. Энэхүү сургалт хэлэлцүүлгээр 331 сумдын намын анхан шатны гишүүдээ сургаж, чадавхижуулахаас гадна тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудаа хамтран шийдвэрлэхийг зорьжээ. Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Ардчилсан намаас энэ оныг дотоод сургалтын жил болгон зарлажээ. “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна. Гол ач холбогдлыг нь та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Тийм ээ. Ардчилсан намаас 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарлаж, анхан болон дунд шатны гишүүдийнхээ дунд дипломын болон богино хугацааны үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна. “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэг бол энэ ажлын хүрээнд хийгдсэн анхны том оролдлого. Одоогийн байдлаар зүүн, баруун болон говийн бүсийн 11 аймгийн 172 суманд байгаа намын анхан шатны 4500-аад гишүүддээ хүрч ажиллалаа.

Анхан шатныхаа гишүүдэд багаар хамтран ажиллах, багийн дотор хэн болохоо хэрхэн таниж мэдэх дадлага суулгахаас эхлээд харилцааны арга барилын талаар оролцоог хангасан сургалтуудыг хөтөлбөртөө оруулсныг гишүүд талархан хүлээн авч байлаа.

Үүнээс гадна гишүүдийнхээ санал бодлыг сонсож, намын анхан дунд дээд шатанд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж байгаа асуудлуудыг нь хэлэлцэж хамтран шийдвэрлэх үүднээс хэлэлцүүлэг өрнүүлсэнд гишүүд ихээхэн талархалтай байгаагаа илэрхийлж, санаа авахаар олон зүйлийг хэлэлцүүлгийн явцад гаргаж ирж байлаа.

Эцсийн эцэст сонгуулийн үеэр айлын хаалга тогшиж амлалт өгдөг хүмүүс анхан шатны нэгж дээр ажилладаг намын гишүүд маань байдаг болохоор сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орж буй энэ үед тэдэнд хэлж ярих, сануулж сэрэмжлүүлэх олон зүйл байсан нь хэлэлцүүлгийн явцад тодоор ажиглагдаж байсан л даа.

-Тэгвэл энэхүү чуулганы цаад зорилго нь дараагийн сонгуульд бэлдэх үйл ажиллагааны нэг хэсэг гэж ойлгож болох уу?

- Эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөр сонгож гаргасан гишүүд, томилж байгуулсан засгийн газраараа дамжин хэрэгжиж байдаг. Харин нам мөрийн хөтөлбөр хэрэгжиж буй энэ цаг үед дараагийн сонгуулийнхаа бэлтгэл ажлыг эхлүүлж, хүний нөөцөө бэлдэж байдаг. Өнөөдөр намын өмнө тулгамдаж байгаа аливаа алдаа эндэгдэл дараа дахин давтагдахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хүний нөөцөө бэлтгэж, сургаж, чадавхижуулах нь миний эрхлэх ажлын жагсаалтын нэгд орж байгаа юм.

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг шиг улс төр бол багаар ажиллах, бусадтай харилцах ур чадварт суурилдаг гэдгийг хүн бүр мэдэх юм шиг хирнээ яг сургалт зохион байгуулаад, тодорхой жишээн дээр ажиллаад ирэхээр санаж сэрэх олон зүйлийг хүмүүс анзаарч анхаардаг.

Хүрч очин зохион байгуулж буй энэхүү сургалтаас гадна бид "Сум 330” хөтөлбөрийн хүрээнд Удирдлагын академитай хамтран төрийн захиргааны менежерийн эчнээ  сургалтыг мөн жилийн өмнөөс хийж хэрэгжүүлж эхэлсэн.

Саяхан анхны төгсөгчид маань дипломоо гардаж авлаа. Энэ сургалтанд хамрагдах хүмүүсийг мөн л сум бүрээс сонгон шалгаруулж авсан. Эхний ээлжинд 100 гаруй сонсогч суралцаж төгслөө. Удахгүй намрын сургалтад хамрагдах гишүүдийн сонгон шалгаруулалт эхэлнэ.

-Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах явцад хөдөө орон нутаг хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Мөн орон нутгийн ард иргэдэд тулгамдаж байгаа ямар асуудлууд хөндөгдөж байна вэ?

- Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг засгийн газар хэрэгжүүлж байгаатай адил орон нутгийн сонгуулийн хөтөлбөрийг аймгийн засаг захиргаа хариуцан хэрэгжүүлж байгаа.

Тэгэхээр Шинэчлэлийн засгийн газраас явуулж байгаа  “Монголдоо Бүтээцгээе” төсөл хөтөлбөрүүд бүх  аймагт хийгдэж байна.

Дэд бүтцийн асуудлууд,  аймгийн төвийг хот болгох, 1000 айлын орон сууц, амины орон сууцны хөтөлбөрүүд, дулаан хангамж, жишиг сум, орон нутаг хөгжүүлэх болон сум хөгжүүлэх сангийн төсөл зэрэг томоохон хэмжээний хөтөлбөрүүд орон нутагт хэрэгжиж байна.

Энэ бүхнийг төр өөрөө хийхгүй, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хийдэг. Үүний тулд хувийн хэвшлийхэнд аль болох ээлтэй бодлогыг явуулж байж тэр байгууллагууд бизнесээ өргөтгөж  энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг босгож ирэх юм.

Хөдөө орон нутгийн иргэдэд орон нутгийн хөгжлийн сангийн төсөл хөтөлбөрүүд ихээхэн үр дүнтэй хэрэгжиж, тэдний амьдрал ахуйд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлж байгааг оролцогчид хэлэлцүүлгийн явцад онцолж байсан.  

- Энэхүү сургалт хэлэлцүүлэг сумдын нийт гишүүдийг төлөөлж ирсэн цөөхөн тооны гишүүдэд хүрч байгаа. Цаашид бүх гишүүддээ хэрхэн хүргэх вэ?

- Ардчилсан хувьсгал өнөөдөр 25-ны жил нь орж эрийн цээнд хүрлээ. Өнгөрсөн бүх хугацаанд бид намын үнэт зүйл, бодлогоо олон нийтэд хэрхэн хүргэх  вэ гэдэг дээр буюу гадаад имиж дээрээ илүү анхаардаг байсан бол өнөөдөр төлөвшилдөө илүү  анхаарах цаг нь болсон байна.

Төлөвшил гэдэг бол үнэт зүйлс, бодлогоо бодит үйл хэрэг болгох институтын соёлыг бий болгон хөгжүүлэх чухал үйл явц юм.

Сумын чуулганы хүрээнд бид нийт 330 сумаас ирсэн тухайн орчиндоо хамгийн идэвхтэй нөлөөтэй 8000 гаруй хүний дэлгэрэнгүй бүртгэлтэй болж байгаа.

Төлөвшил гэдэг бол үнэт зүйлс, бодлогоо бодит үйл хэрэг болгох институтын соёлыг бий болгон хөгжүүлэх чухал үйл явц юм.

Цаашид бид энэ хүмүүсээ тогтмол мэдээллээр хангаж байхаас гадна сум бүрээс таван хүнийг сонгож сургагч багш болгон бэлтгэх юм. Сургалтанд суусан тэдгээр хүмүүс тухайн сум орон нутагтаа ирж бусаддаа мэдсэн сурсан бүхнээ түгээн, дэлгэрүүлэх маягаар цааш салбарлан бүх гишүүддээ хүрэх зорилт тавин ажиллаж байна.

-Ардчилсан хувьсгал өнөөдөр 25-ны жил нь орж эрийн цээнд хүрсэн гэлээ. Энэ хугацаанд ардчилал хэмээх мөн чанартаа хүрсэн болов уу?

-Ардчилсан хувьсгалын анхдагчид маань хуучин нийгмийг өөрчлөхийн тулд олон шинэлэг зорилтуудыг тавьж тэмцэж байсан. Тухайлбал хүний эрх, хувийн өмч, үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө,  төрийн хязгаарлагдмал оролцоо, хувь хүний хүсэл тэмүүлэл, хариуцлагын тогтолцоо, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл гэсэн урьд хожид байгаагүй үнэт зүйлсийн төлөө тэмцэж байсан.

Социализмийн үед энэ бүхэн бүгд хаалттай байсан гэдгийг өнөөгийн залуус огт ойлгодоггүй, угаасаа байсан, байдаг л зүйл мэт энгийн ойлголт болсон.

Монголын ард түмэн хамтдаа энэ 25 жилийн хугацаанд сайн сайхан амьдралынхаа дээрх бүх зорилтуудад аль хэдийнэ хүрч, энгийн хэрэглээ болгож чадсан шүү дээ.

Одоо үүнийгээ цааш хадгалах, бататгах, үргэлжлүүлэх л үлдсэн гэж бид ойлгож байгаа.

Эрхээ мэддэг хэрнээ үүргээ ухамсарлахаа больсон, хариуцлагын ухамсар гэдэг зүйлийг мартсан гээд өөлөх шүүмжлэх зүйл багагүй байна.  Үүнийг бид хамтдаа ухамсарлаж, үзэл бодлынхоо төлөө нэгдэж, улс орноо хөгжлийн төлөө хамтдаа тэмцэх л үлдэж байна.

-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн арга хэмжээг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөөд байна вэ?

- ХХ зуунд Монголд гурван том хувьсгал гарсны отгон нь 1990 оны ардчилсан хувьсгал.

Энэ хувьсгалын үр нөлөө, ач холбогдол цаашид он жил өнгөрөх тусам, үе солигдох бүрт улам тодрох болно. Энэ жил  тохиож буй ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор бид хувсгалд оролцсон анхдагчиддаа хүндэтгэл үзүүлэх, тухайн үеийн түүхийн мэдлэгийг шинэ залуу үеийнхэнд танилцуулах, дараагийн 25 жилд юу хийх талаар төлөвлөх зэрэг илүү ач холбогдолтой, цөөн тооны бодитой ажлуудыг хийхээр ярилцаж байна.

МоАХ болон хувьсгалд оролцсон бусад эвсэл холбоод ч дор бүрнээ ойгоо үр бүтээлтэй тэмдэглэх тал дээр намтайгаа хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа.