Г.Баярсайхан: Наадмын дараа ээлжит бус чуулган зайлшгүй зарлах ёстой
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.07.01

Г.Баярсайхан: Наадмын дараа ээлжит бус чуулган зайлшгүй зарлах ёстой

УИХ-ын          гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг Ярилцах танхим-даа урьжцаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган маргааш /өнөөдөр/ завсарлах гэж байна. Та УИХ-ын хаврын чуулганы ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би өөрөө дотор нь суусан болохоор нөхдөө муу ажилласан гэж хэлэхгүй. Маш их мэтгэлцээнтэй халуухан чуулган боллоо. Чуулганы хуралдаанаар чухал хуулийн төслүүд хэд хэдэн удаа буцсан, одоог хүртэл хэрүүл маргаантай байгаа хуулийн төсөл ч байна. Энэ нь шүүлтүүр сайн байгаагийн илрэл.

Бүгдээрээ гараа өргөөд дэмжээд байвал цаана нь улс төрийн тохироо, ашиг сонирхлын зөрчил явж байна гэж харах хэрэгтэй. Хуулийн төслүүд буцаагдаж байна. Үүнийг нь Засгийн газар дахин засварлаж оруулж ирж байна. Үүний цаана ажил явж байна гэж харах нь зүйтэй.

-Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан асуудлуудаас өнөөдрийн байдлаар ихэнх нь “түүхий” орхигдсон байдалтай байна. Тэгэхээр завсарлагааны үеэр ээлжит бус чуулган хуралдах болов уу. Эсвэл эдгээр асуудлуудыг ингээд орхичих юм болов уу?

-УИХ-ын хаврын чуулганы үеэр чухал асуудлуудыг хэлэлцсэн. Манай байнгын хороо ч мөн адил хэрүүл маргаантай байлаа.

Чухал асуудлуудаа бид долоодугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэх хэрэгтэй.

Харин үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулганыг зайлшгүй зарлах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Засгийн газрын хувьд өнгөрсөн жил хаврын чуулганы дараа амарч байсан. Энэ завсарлагааны үеэр Засгийн газрыг хэрхэн ажиллах ёстой гэж та харж байгаа вэ?

-Засгийн газрын хувьд энэ жил ямар ч амралт байхгүй гэж би хувьдаа ойлгож байгаа. Өнгөрсөн жил валютын ханш ид өсөж байхад сайд нар бүгдээрээ амраад явж байсан шүү дээ. Тухайн үед нэр бүхий гишүүд болон миний бие валютын ханш өсөж байна та бүхний амралт хэрээс хэтэрлээ гэж анхааруулж байсан.

Тэгсэн боловч нээх тоогоогүй. Харин энэ жил эдийн засгийн хувьд их хариуцлагатай нөхцөл байдал үүсчихлээ. Тиймээс Засгийн газар сайд нараа шахаж шаардаж ажлуулах хэрэгтэй. Одоо амлалт өгсөн 100 хоногийн хугацаа ч дуусах дөхөж байна.

Энэ 100 хоногийн хугацаанд эдийн засаг сайжирна гэж би хувьдаа харахгүй байгаа. Анхнаасаа ч ингэж харж байсан. Тиймээс завсарлахаасаа өмнө төмөр зам болон бусад асуудлуудаа шийдээд сайжруулах үндэс суурийг нь тавих хэрэгтэй. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээг Засгийн газраас зохион байгуулах шаардлагатай.

-Сүүлийн үед бүдүүн, нарийн царигийн асуудал олны анхаарлын төвд орчихлоо. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төмөр замын талаарх бодлогыг өмнөх УИХ-аар баталсан. Тухайн үед бүх асуудлыг ойлгомжтойгоор гаргаж ирсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа батлуулсан шүү дээ. Уг бодлогын баримт бичиг экспортын зориулалтын төмөр зам барихаар бол Засгийн газар саналаа УИХ-аар оруулж батлуулна гэж заасан. Тиймээс баримт бичгийн дагуу УИХ олонхоороо шийвэрлэх байх.

-Та яаг юу гэж дүгнэж байгаа юм бэ?

-Ямартай ч төмөр замын асуудлаа яаралтай шийдвэрлэх нь зүйтэй. Ямар морин тэргээр зөөлтэй биш. Өргөн байна уу, нарийн байна уу яаралтайгаар энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Нүүрсний экспорт дэд бүтэцтэй шууд хамааралтай учраас энэ асуудлыг чуулганаас өмнө амжиж шийдэх нь зүйтэй.

-Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн хүрээнд чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн боловч хаврын чуулганаар бүгдийг нь хэлэлцэж амжихгүй нь тодорхой болчихлоо. Тэгэхээр амлалт авсан 100 хоногийн үр дүн хэр байх бол?

-Яг 101 хоног дээрээ эдийн засаг сайжирна гэвэл тийм зүйл байхгүй. Ер нь дэлхийн зах зээл дээр Монголын экпортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 30-50 хүртэл уначихсан. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал цаашид тодорхой хугацаанд үргэлжлэх болов уу гэж. би хувьдаа харж байгаа.

Энэ нөхцөл байдлаас гарахын тулд төмөр замын асуудлаа яаралтай шийдвэрлээд Ашигт малтмалын тухай хуулийн батлах шаардлагатай. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс санаачилж байгаа Шилэн дансны тухай хуулийн төсөл, Хариуцлагын тухай хуулийн төслүүдийг батлах нь чухал. Эдгээр хуулийн төслүүд хариуцлагатай тогтолцоог бий болгоход өндөр ач холбогдолтой учраас дэмжээд явах хэрэгтэй.

-Ашигт малтмалын тухай хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хэд хэдэн удаа орж ирсэн боловч “түүхий” байна гэх шалтгаанаар унасан. Дахин орж ирж байгаа хуулийн төслийн боловсруулалт хэр болсон бэ?

-Төгс хууль гэж байдаггүй. Энэ хуулийн төсөлд ч мөн адил алдаа оноотой анхаарах зүйл бий. Хоёр намын бүлэг уг асуудал дээр улс төрийн зөвшилцөлд хүрч чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болж байна. Би хувьдаа үндэсний эрх ашиг гэх мэт чухал асуудлаа бодсон ч тэр Стратегийн орд газар зайлшгүй байх нь зүйтэй гэж бодож байгаа. Мөн лиценз олголтыг өмнөх шиг хамаа замбараагүй олгож болохгүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс хариуцлага нэхсэн хуулийн төслүүдээ УИХ-ын намын бүлгүүдийн төлөөлөл болон сэтгүүлчдэд танилцууллаа. Таны хувьд эдгээр хуулийн төслүүдийг хувь гишүүний зүгээс хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн санаачилсан эдгээр хариуцлагын тухай-хуулийн төслүүд өнөөдрийн нийгэмд үнэхээр үгүйлэгдэж байгаа. Гэтэл Засгийн газар хариуцлага тооцох асуудал болохоор дургүйд хүчгүй гэдэг шиг асуудлыг хойшлуулдаг хариуг нь өгдөггүй. Хариуцлагын асуудал УИХ-д зайлшгүй шаардлагатай.

Өнөөдөр гэхэд л УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах болон УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед хууль эрх зүйн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгч “Давхардээл”-ийн талаарх хуулийн төслийг дахин оруулж ирэх талаараа танилцууллаа.

Би хувьдаа дээрх хуулийн төслийг дахин оруулж ирэх нь зүйтэй гэж харж байгаа. УИХ-ын гишүүнийхээ хувьд дэмжинэ. Ерөнхийлөгчийн санаачилж байгаа эдгээр хуулийн төслүүд Монголын төрийг том төрөөс ухаалаг байдал руу чиглүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.