Төв цэнгэлдэх хүрээлэн
2014.06.23

Төв цэнгэлдэх 13.600 шинэ сандалтай болно

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ жилийн наадмын нэг онцлог нь төмөр замын автобусыг Хүй долоон худаг руу явуулж байгаа явдал. Хүй долоон худаг руу явах иргэд “Дүнжингарав”, Дунд голын буудлаас төмөр замын автобусанд сууж, Давааны өртөөнд хүрнэ. “Давааны өртөөнд буусан иргэд морь барих газар руу эко автобусаар үнэгүй явах тул заавал машинтай ирэх шаардлагагүй” гэж хотын дарга Э.Бат-Үүл хэлсэн. Тэрбээр мөн “Төмөр замын автобус нийслэлийн гол судас болно.

Түгжрэлийг бууруулахад маш чухал нөлөөтэй. Ирэх жил дахиад нэг ийм автобус авна. Хос төмөр замтай болчихвол хоёр автобус зөрж явах юм. Одоогоор төмөр замын автобусанд бараг хүн суухгүй байгаа нь нийтийн тээврийн бусад сүлжээтэй холбоогүйгээс үүдэлтэй.

Мөн иргэд олж суух нөхцөл сайн бүрдээгүй. Зогсоолууд нь алга, явган хүний зам нь дуусаагүй байгаа. Тасалбарын үнийг наадмын үеэр явуулж үзээд шийднэ. Одоогоор нэг буудал явахад 500 төгрөг байгаа. Иргэд шаардаад үнийг нь багасга гэвэл төсвөөс татаас өгөх шаардлагатай болно” гэлээ.

Хүй долоон худаг дахь үйлчилгээний талбай, авто зогсоол хооронд дотоодод үйлдвэрлэсэн бага оврын эко таван автобус явуулж, иргэдэд үнэгүй үйлчлэхээр болсон. Уг автобусыг нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар “Цахилгаан тээвэр” компанид үйлдвэрлэсэн. J-800 EV маркийн уг автобус 4.6 метр урт, 1.45 метр өргөн, хоёр метр өндөртэй, 12 хүний суудалтай, цагт 80-100 км-ийн хурдтай явах чадалтай аж. Хүй долоон худагт өнгөрсөн онд 5300 машины зогсоол барьсан бол энэ жил 500-г нэмэхээр болжээ.

Мөн 3000 сандал нэмж, шороон замуудыг асфальт болгохоор ажиллаж байгаа аж

Үүнээс гадна ирэх онд бүрэн дуусгах “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын хүрээнд ажилчдын байр, өвөл, зуны агуулах барьж эхэлжээ. Хүй долоон худаг дахь эдгээр ажлыг ирэх сарын 5-наас өмнө дуусгах аж. Мөн бие засах газрыг долоогоор нэмж, 31 болгосон байна. Өнгөрсөн жил бохир зөөх 2-3 машин нь хүрэлцээгүйгээс бохир нь халих тохиолдол гарч байсан тул 10 машин гаргахаар болжээ. Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнд 13.600 сандал шинээр тавьж байгаа аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнд өмнөх жилүүдэд дан вандан сандалтай байсан. Түүнийгээ наадам дөхөхөөр будаж, зардал гаргадгийг болиулж буй юм. Шинээр тавих сандлууд “Монгол наадам” цогцолбор дахь 3000 суудалтай ижил. Тасалбарын хувьд одоогоор хэвлээгүй, хэдэн төгрөгөөр худалдах нь тодорхойгүй байна. Зөвхөн аж ахуйн нэгжүүдэд наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгдөг байсныг энэ жил халж, иргэдэд ч олгохоор болжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 300 орчим иргэн, аж ахуйн нэгжид худалдаа, үйлчилгээ явуулах зөвш өөрөл өгнө. Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж харьяа дүүргийнхээ Худалдаа, үйлчилгээний хэлтэст хүсэлт гаргах ёстой. Дүүргүүд нь зөвшөөрөл өгнө. Үнэ ханш нь Төв цэнгэлдэхэд 20.000, Хүй долоон худагт 15.000 байна” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Хоролмаагаас хэрхэн хяналт тавихыг тодруулахад “Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, байгаль орчны гээд чиглэл чиглэлийн байцаагчид хяналт тавьдаг. Хүй долоон худагт 50 орчим, Төв цэнгэлдэхэд 40 гаруй байцаагч ажиллана” гэв. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын цэвэрлэгээг “Улаанбаатар нэгтгэл”, гадна талыг дүүрг үүдийн Тохижилт, үйлчилгээний газар хариуцах юм.

“Хүй долоон худагт бие засах газар нэмж, үйлчилгээний хоёр төвөө тойруулаад сандал, хогийн саваа хүрэлцэхүйц тоогоор байрлуулахаас гадна цэцгийн мандалтай болгоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн замд нөхөөс нэлээд тавих шаардлагатай. Зэрлэг ургамал тасдаж, том чулуунуудыг түүн, зүлэгжүүлж байна.

Хүй долоон худагт 180 литрийн багтаамжтай, дугуйтай 200 тэргэнцэр тавина.

Мөн хогийн 100 савыг үйлчилгээний хоёр талбайг тойруулан тавина. Өнгөрсөн жил 50-ыг тавьсан. Мөн хогны машин нэлээдийг гаргахаар дүүргүүдээс татаж байгаа. Төв цэнгэлдэхэд 30-аад хогийн сав тавьсан. Мөн өнгөрсөн жилийнх шигээ “Цэмцгэр Монгол наадам” төрийн бус байгууллагатай хамтран, ажиллана” гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр хэллээ.

Наадмын төсөв өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн гэж нэлээд хэл ам гарч байгаа. Төсвийг юунд, хэрхэн зарцуулж байгаа, яагаад өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн талаар нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлстийн дарга Э.Ганхүүгээс тодруулахад “Засгийн газрын шийдвэрээр 2.2 тэрбум төгрөгийг баяр наадам зохион байгуулахад гаргахаар болсон. Мөн “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн төсвөөс дөрөв орчим тэрбум төгрөг гаргаж байгаа.

“Давааны” өртөөн дэх төмөр замын автобусны зогсоолоос Хүй долоон худаг хүртэлх 2.4 км, худалдаа, үйлчилгээний талбайнуудыг холбосон 2.7 км автозам тавьж, 500 автомашины зогсоолыг эко хавтангаар хучиж байна. Үүнээс гадна эко бие засах газар нэмж барьж байгаа. 2.2 тэрбум төгрөгийг өнгөрсөн оны баяр наадамтай ижил түвшинд хянаж, баталсан. Өнгөрсөн жил 1.5 тэрбум төгрөг байсан бол энэ жил 2.2 тэрбум болсон.

Үүнд долдугаар сарын 11-ний үдэш Чингисийн талбайд Улаанбаатарын үдэш цэнгүүн зохион байгуулахад Японы компанитай хамтран шинэ технологийн шоу зохион байгуулах өртөг нэмэгдсэн. Валютын ханшийн өсөлт ч нөлөөллөө. Өмнөх онд барьсан барилга, байгууламжуудыг цахилгаанаар хангах, нийтийн бие засах газруудын арчлалт гээд цөөнгүй зардал бий. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сандлыг шинэчлэх 280 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана” гэлээ.