2014.06.17

Дулааны III станцын 50 МВт-ын өргөтгөл ашиглалтад орлоо

Даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг" уулзалт Дулааны III цахилгаан станцад болж, тус станцын 50 МВт-ийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.

Н.Алтанхуяг: 48 МВт-ын хүчин чадалтай Дарханы дулааны станцын хэмжээний өргөтгөлийг өнөөдөр хүлээж авч байна. Энэхүү бүтээн байгуулалтад Чингис бондын хөрөнгөөс 35 сая ам.доллар зарцуулсан. Чингис бонд 20 мянган айл өрхөд элч дулаан, гэрэл цахилгаан болж очиж байна.

48 МВт-ын хүчин чадалтай Дарханы дулааны станцын хэмжээний өргөтгөлийг өнөөдөр хүлээж авч байна.

Энэ нь манай улсын эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт юм.

Энэхүү бүтээн байгуулалтад Чингис бондын хөрөнгөөс 35 сая ам.доллар зарцуулсан. Чингис бонд 20 мянган айл өрхөд элч дулаан, гэрэл цахилгаан болж очиж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Дулааны III цахилгаан станцыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн.

БНХАУ-ын “Human Industrial Equipment Installation” компани нэг жилийн хугацаанд энэхүү өргөтгөлийг чанартай сайн барьж, ашиглалтад орууллаа. Тус компанийн хамт олонд болон олон айл өрхөд цахилгаан  гэрэл түгээдэг эрчим хүчний салбарын нийт ажилтан, ажиллагдсад талархал илэрхийлээд цаашид улам ихийг хамтдаа бүтээхийг хүслээ.

Засгийн газрын бүтцэд 2012 онд Эрчим хүчний яамыг шинээр үүсгэн байгуулсан нь сүүлийн жилүүдэд доголдолтой явж ирсэн энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт босоход ихээхэн хувь нэмэр болж байна гэж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил нээлтийн ажиллагаанд оролцохдоо хэллээ.

Мөн IV цахилгаан станцын 120 МВт-ын өргөтгөлийг ирэх аравдугаар сард хүлээж авна. Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах 300 MBт-ын хүчин чадалтай “Амгалан” дулааны станц 11 дүгээр сард ашиглалтад орно.

Дулааны V станцын гэрээг энэ сард багтаан байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Өмнөговь, Эгийн голд цахилгаан дулааны станц барьж байгуулах томоохон төслүүд хэрэгжиж байна. 2014 он бол эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын жил юм гэж М.Сономпил сайд онцоллоо.

Дулааны III цахилгаан станцыг ийн өртгөтгөснөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хүчин чадал нэмэгдэнэ. Ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийхэд санхүүжилт олдоно.

Засгийн газар, салбарын яам, аж ахуйн нэгж хамтраад нэг зорилгын төлөө ажиллаж чадвал амжилт олж болдгийг өнөөдрийн энэ арга хэмжээ харуулж байна гэж УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ. “Дулааны III станц” төсөл энэ өртгөө зургаан жилийн хугацаанд нөхөж, ашигтай ажиллаж эхлэх юм байна.