С.Бямбацогт: Бид үнэхээр супер Ерөнхий сайдыг томилсон байна
Ерөнхий сайд 50 тэрбумын багцын зарцуулалтаа тайлагнах үеэрээ нэлээд бухимдлаа. Харин түүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "супер Ерөнхий сайд" гэсэн нэр өгөв.
Шүүмжлэл сонсохгүй, үг авахгүй болтлоо "вакумдуулсан" Ерөнхий сайдад тэрээр ийм үг хаяглалаа.
"Бид үнэхээр супер Ерөнхий сайдыг томилсон байна. Орж ирээд л томилсон гишүүдээ загначихдаг юм байна. Манай сайд нар ажил хийж чаддаггүй учраас өмнөөс нь би ажлыг сайн хийчихье, тийм учраас надад 50 тэрбум төгрөг хуваарилаад өг гэж Ерөнхий сайд хэлсэн. Ерөнхий сайд ингээд хийчих юм бол ирэх жилээс сайд нарын багцад улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж батлахаа больё. Өнгөрсөн жилийн төсөвт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсны 500 тэрбум нь төсвийн тодотголоор хасагдсан. Өөрөөр хэлбэл, 500 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн.
Ерөнхий сайдын 50 тэрбумын ажил маш "гоё" хийгджээ.
Ерөнхий сайдын 50 тэрбумын ажил маш "гоё" хийгджээ. Тийм болохоор 1.3 их наядын хөрөнгө оруулалтыг Ерөнхий сайд дээр аваачаад тавьчихаж байя. Яагаад гэвэл супер Ерөнхий сайд шүү дээ. Бид асуудлыг цагааныг цагаанаар нь, харыг хараар нь ярьж байгаа. Зах барьсан, эрүүл мэндийн оношлогооны төв барьсан нь зөв. Буруу гэж хэлэхгүй байгаа. Харин шийдсэн арга барил чинь буруу, хууль зөрчжээ, арай илүү мөнгөөр авчихсан юм биш үү гэдгийг л хэлсэн. Тэгэхээр та урдаас "Та нар намайг харлууллаа" гэх юм. Зорилго нь аргаа зөвтгөхгүй ээ. Замын цагдаагийн торгуулийн машиныг таван саяар авсныг бид шүүмжилж байна. Ланд авах мөнгөөр 69 худалдаад авчихсаныг л бид танд сануулж байна.
Тендерийн хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооц гээд холбогдох байгууллагаас нь албан бичиг ирчихээд байхад л "Бид хууль зөрчөөгүй" гээд гүрийх юм. Гишүүдийн нэг тэрбумыг буруу гэсээр байгаад л болиулсан. Тэгээд супер Ерөнхий сайддаа 50 тэрбум төгрөг өгсөн" гэлээ.
Мөн тэрээр Долоон буудлын Должин эмээгийнд очих саналыг дахиад Ерөнхий сайдад тавив. Энэ бол ард иргэдийн хүсэлт болохыг ч С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад уламжлав. Бүх юм сайхан байна гэсэн эрх баригчдын ярианд ард иргэд итгэж нэг жил есөн сар тэвчээртэй хүлээснийг ч тэрээр хэлж, "Үнэхээр ард иргэдийн амьдрал муудаж байгаа эсэхийг хамт явж үзье. Долоон буудлын Должин эмээгийнд хамт очъё" гэсэн санал тавилаа.