Д.Батмөнх: Монгол улсад усны нөөцийг бодитой тогтоох математик тоон загварын арга хэрэгтэй
"Усны Ассоциаци" ТББ-ын тэргүүн, Техникийн ухааны доктор, Д.Батмөнх
2014.06.02

Д.Батмөнх: Монгол улсад усны нөөцийг бодитой тогтоох математик тоон загварын арга хэрэгтэй

Манай улс байгаль дахь усны нөөцийг тогтоох хайгуул, судалгааны ажлыг Улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар жил бүр их, бага хэмжээгээр хийдэг. Хэн хүний анзаараад байдаггүй хэрнээ Монгол Улсын амин чухал болсон усны хайгуул, судалгааны ажлыг хэн, хэрхэн баталгаажуулдаг, ажлын арга зүй, тогтоогдсон нөөц баталгаатай эсэх зэрэг олон асуудал өнөөдрийг хүртэл маш их эргэлзээ дагуулсаар байгаад миний бие анхаарал хандуулж байна.

Байгалийн усны нөөцийг гадаргын ус ба газрын доорх усаар тооцож тогтоодог. Монгол орны байгалийн усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын ус, зөвхөн 2 хувь нь газар доорх ус гэж үздэг. Гадаргын усны 82 хувь нь нууран, 10.4 хувь нь мөстөл, мөсөн голд, 5.6 хувь нь гол, мөрөнд байдаг. Улсын хэмжээнд 2010 онд нийт хэрэглэсэн 553.0 сая. мЗ усны 80 гаруй хувь буюу 443.0 сая. мЗ усыг газар доорх уснаас ашигласан тооцоо бий.

Монголын усны нөөц

Энэ нь манай улс газар доорх усны нөөцөө үлэмж ихээр хэрэглэдэг болохыг харуулж буй бодит үзүүлэлт юм. Манай орны нийгэм, эдийн засгийн үндсэн хэрэглээ нь газар доорх цэнгэг усны нөөцийн олборлолтод суурилсан байна. Бид гадаргын усаар нийт хэрэглээнийхээ 20 хүрэхгүй хувийг, харин нийт нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газар доорх усаар хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангадаг.

Гэтэл байгалийн усны эргэлтээр маш удаан хугацаанд нөхөн сэргэдэг газар доорх усыг бид үлэмж хэмжээгээр ашиглаж байгаа нь эмгэнэлтэй явдал юм. Аль ч түвшинд бид газар доорх усныхаа нөөцийг үнэн зөв, баталгаатай, боломжит хугацаанд ашиглахаар тогтоох нь байгаль экологи, хүн ам, үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг улс орны амин чухал олон асуудалтай шууд холбоотой байдаг.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон орд газрыг ашиглах, хүн амын төвлөрөл, хот суурин газрын өргөжилт, зам харилцаа зэрэг олон асуудалтай холбоотойгоор усны хайгуул, судалгааны ажлын тоо, хэмжээ ихээхэн өсч байна. Тухайлбал, баг, сум, аймгийн төвийн усны нөөцийг тогтоохоос эхлээд томоохон аж үйлдвэрийн цогцолборын усан хангамжийн эх үүсвэрийг тогтоох зорилт шинээр тавигдах боллоо.

Ийм нөхцөлд бид газар доорх усны нөөцийг аль түвшинд судалж, ямар арга зүйгээр тогтоож байгаа, энэхүү арга, технологи бодит байдлыг бүрэн төсөөлж, илэрхийлж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг зайлшгүй хөндөх нөхцөл шалтгаан үүсээд байна. Ингээд газар доорх усны нөөцийг тооцох арга зүй ямар түвшинд байгааг та бүхэнд товч толилуулья.

Энэ тухай БОАЖ-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/28 дугаар тушаалаар "Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл" -ийн аргачилсан заавар батлагдсан байдаг. Энэхүү зааврын дагуу "...Газар доорх усны нөөцийг хэмжээг зөвхөн баланс, гидравлик, гидродинамикийн /Аналитик/ аргаар А,В,С болон хэтийн төлөвийг Р зэргээр үнэлж тодорхойлохоор, харин нөөцийн үнэлгээнд нэмэлт тооцооны хэлбэрээр загварчлалын /Математик тоон загвар/ болон бусад хувилбарын аргыг хэрэглэж болно ..." гэж заасан байдаг.

Зааварт газар доорх усны нөөцийг тооцох орчин үеийн математик тоон загварыг үндсэн бус гэж үзсэн байна. Усны нөөцийн тооцоонд одоо ашиглаж байгаа аналитик аргууд нь математик талаасаа энгийн, нарийвчлал багатай байдгаас хэрэглэхэд учир дутагдалтай байдаг. Тухайлбал, тухайн ай савд орж буй хур тунадас, усны ууршилт, шүүрэлт, динамик нөхөн бүрдүүлэлт, газар доорх үндсэн урсац, голын ай сав дахь усны хуримтлалын өөрчлөлт зэргийг сайтар судлан тогтоож, тооцон гаргах боломжгүй юм.

Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны дэргэдэх Усны нөөцийн зөвлөлийн зарим нэг гишүүн тухайлбал, доктор Р.Баттөмөр орос сурах бичигт байдаг газар доорх усны нөөцийн 50 хүртэл хувийг 25 жил ашиглана гэсэн арга зүйг мөрддөг. Тухайн нутгийн газар доорх усны 50 хүртэл хувийг ашиглах арга зүй нь байгаль орчинд, ялангуяа говийн бүсэд хуурайшил, доройтол бий болгох харгис гэхэд хатуудахгүй арга, технологи болох юм.

Усны хэрэглээний хэтийн төлөв

Аливаа зүйл заавал эзэн холбогдогчтой байдаг бол доктор Р.Баттөмөр нь "Усны нөөцийн зөвлөл"-ийн гишүүнийхээ нэрийг овжиноор ашиглан олон жил усны компаниудыг дарамтлах, зөвхөн түүний зөвшөөрснөөр усны нөөц баталдаг цаасан дээр бичигдээгүй дүрмийг биечлэн үйлдэн түүндээ баясан төрийн байгууллагын ажилтнуудыг гүтгэн доромжлох, матах ажлыг ёс зүйгүй хийсээр байна.

Бид бүхэн ирээдүйгээ л боддог бол Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт бичигдэх, тавигдах ёстой. Өнөөдөр газар доорх усны нөөцийн 50 хүртэлх хувийг 25 жилийн хугацаанд ашиглах боломжтой хэмээн баталгаажуулж байгаа нь Усны тухай хууль, Төр болон хувийн хэвшлийн ус ашиглах санал болон байгаль орчны өөрчлөлтийг сайтар харгалзаагүй, зарим талаар саналыг боогдуулсан тоо болоод байна.

Энэ талаар судлаач миний бие өөрийн саналыг одоо л хэлэхгүй бол оройтож мэднэ. Тухайлбал, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт барихаар төлөвлөж буй Кокс-химийн үйлдвэр нь тасралтгүй 30 жил ажиллах технологийн горимтой бол 25 жилээр усны нөөцийг өгөх ямар ч боломжгүй юм.

Тооцоонд одоо мрдөж буй 25 жил гэдэг тоо бол байгалийн усны эргэлттэй огт хамааралгүй, социализмын үеэс мөрдөж ирсэн өрөмдмөл худгийн ашиглалтын хугацаатай холбоотой буюу эдийн засгийн утга агуулга илэрхийлдэг. Энэ мэт буруу хандлага, тоо, зарчим Монгол Улсын усны нөөцийг тогтоох маш хариуцлагатай ажилд одоо болтол амь бөхтэй оршиж байгаа нь цаашид усны нөөцийг бодитой тогтоох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг ханган хэрэгжүүлэхэд маш их тээг саад болоод байна.

Дэлхийн хуурай болон хагас хуурай бүс дэх улс орнууд газар доорх усны нөөцийнхөө 10 хувиас хэтрүүлэхгүй ашиглахаар төлөвлөдөг. Ийм бүс дэх ус хэрэглээг гол төлөв, хур борооны усыг хуримтлуулах болон усны нөөцийг өөр бүс нутгаас тээвэрлэн хангахаар шийдвэрлэдэг. Харин хур тунадас элбэгтэй Европын орнуудад газар доорх усны нөөцийг бараг ашигладаггүй зөвхөн ил задгай усны эх үүсвэрийг хуримтлуулан хэрэглээгээ хангадаг.

Миний бие байгалийн усны нөөцийн тооцоонд орчин үеийн арга зүйг яагаад ашиглахгүй, цааргалаад байгааг гайхдаг ч, цаанаа ямар нэгэн шалтгаантай учраас арга зүй, тэр битгий хэл Усны тухай хуульд  "2012 оны 05 дугаар сарын 17-нд томоохон өөрчлөлт орсон байх магадлалтай. Тухайлбал, Усны тухай хуулийн 21.1-д "...Усны нөөцийн хайгуул, судалгааны ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгоно ..." гэсэн заалтыг оруулсан байдаг.

Энэхүү заалт нь Монголд усны хайгуулын ажил эрхэлж байсан гадны аж ахуйн нэгжүүдэд цохилт болж, харин үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжиж өгсөн юм. Хуулийн энэхүү өөрчлөлтөөс өмнө Монголд усны хайгуул хийдэг гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд газар доорх усны нөөцийн тооцоондоо математик тоон загварыг нэвтрүүлж, тооцоог усны нөөцийн зөвлөлд танилцуулж байжээ.

Харин Усны нөөцийн зөвлөлд ажиллаж байсан нэр бүхий гишүүд математик загвар манайд таарахгүй, хэрэглэх шаардлагагүй гэж үзэн БОАЖ-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/28 дугаар тушаалаар "Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл"-ийн аргачилсан зааврыг мөрдөхөөр зааж усны тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан байдаг. Санал ч дэмжигдсэн.

Усны НӨӨЦИЙН ТОО, хэмжээгээ зөв тогтоохыг зөвхөн би биш олон улс шаардаад байгааг анзаарч, орчин үеийн стандартад нийцсэн арга зүйд шилжих нь зөв юм.

Дээрх зааврыг аль ч утгаар нь аваад үзсэн газар доорх усны нөөцийг социализмын үеэс хэрэглэж ирсэн арга, аргачлалаар тооцохоор боловсруулжээ. Уг нь хуулинд өөрчлөлт оруулахын өмнө бид загварын мэргэжилтнүүдийг бэлтгэж, гадны мэргэжилтнүүдийн хийж байсан математик тоон загварыг эзэмшсэн бол дэвшил болох байлаа.

Гэтэл яг өнөөдрийн байдлаар боловсон хүчний болон бодлогын хувьд харин ч ухарсан түвшинд очсон нь маш харамсалтай. Тэр битгий хэл энэ заалттай холбоотой гадаадын хөрөнгө оруулалт буурсан байх өндөр магадлалтай. Хамгийн энгийн жишээ бол үйлдвэр, уул уурхайн гадаад хөрөнгө оруулагчид усны нөөцийн тоо хэмжээнд эргэлзэж эхэлсэн байдаг.

Математик тоон загварын программ хангамж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй бөгөөд бидний уламжлалт аргаар бодсон усны нөөцийн тоо хэмжээнд гадны хөрөнгө оруулагч нар эргэлзэж л таарна. Тиймээс гадныхан усны нөөцийн тооцоонд орчин үеийн арга зүй хэрэглээгүй л бол хүлээн зөвшөөрдөггүй. Цаашлаад дотоодын хөрөнгө оруулагчдад олон улсын санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэх боломж олдохгүй.

Олон улсын ямар ч банк томоохон үйлдвэр эрхлэгчдээс усны нөөцийн баталгаа шаарддаг. Үүний тод жишээ бол Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн нэгэн зөвлөх үйлчилгээний тухай зарлал юм. Зарлалд, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн гүний усны нөөцийн тайланг олон улсын стандартад нийцүүлэн батагаажуулах зөвлөх үйлчилгээ авахаар заажээ.

Эндээс нэг зүйл ажиглагдаж буй нь БОНХЯ-ны дэргэдэх "Усны нөөцийн зөвлөл" Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын усны нөөцийн тайланг хэлэлцэж мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий зөвлөл мөн. Гэтэл зөвлөлийн баталгаажуулсан тайланг хэн нэгэн дахин баталгаажуулах шаардлагатай болж байгаа нь тун ойлгомжгүй болчихлоо.

Эндээс "Усны мэргэжлийн зөвлөл"- ийн баталсан арга зүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэсэн дүгнэлт гарахаар байна. Бид яах ёстой юм бэ. Хэний бодлого зөв, хэн тайланг эцсийн эцэст баталгаажуулах вэ. Хэрэв бид арга зүйдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий математик тоон загвар ашиглахаар заасан бол асуудал огт үүсэхгүй байлаа.

Харин одоо усны нөөц бодох математик загвар ашигласан тайланг "Усны нөөцийн зөвлөл"-өөс баталгаажуулах болов уу, арга зүйд таарах уу, эсвэл уламжлалт аргаар бодсон нь зөв гэж үзэх үү. Олон асуудал үүсч байна. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргад тулгуурлах нь маргаангүй зөв гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ.

Дээр дурдсан томоохон уул уурхай, аж үйлдвэрийн цогцолбор зэрэг ихээхэн ус хэрэглэгчийн эх үүсвэрийн усны нөөцийг зөвхөн математик тоон загвар ашиглан бодохоос өөр гарц, боломжгүйг хөгжлийн чиг хандлага харуулаад байна. Математик тоон загвар хэрэглэх цаг нь ч болсон, ер нь ч оройтох хандлагатай байна.

Тоон загварын арга нь байгалийн нөхцөлийг / өрөмдлөг, геофизик, геологи, гидрогеологи, геоморфологийн судалгааны өгөгдөхүүн дээр үндэслэн/ загварт адилтган оруулж, загварын талбайн дотоод, гадаад хил хязгаарыг тогтоож, гадаргын ба агаарын мандлын усны харилцан хамаарлыг тооцож, хил заагаар орж ирэх усны хэмжээ, ус шүүрэлтийг орон зайн гурван хэмжээсийн дагуу тогтоож, улирал, жил гэсэн цаг хугацааны өөрчлөлтийг тооцон дөрвөн хэмжээст математик тоон загвар боловсруулах программ хангамж ашиглахад оршиж байгаа юм.

Доктор Д.Батмөнх усны асуудлаар дагнан судалгаа явуулж, нийтлэл бичдэг.

Загвар нь усны нөөцийг тогтоосон хугацаанаас хойш улирал, жилээр сайжруулах олон давуу талыг агуулж байдаг. Загварын тусламжтайгаар тухайн ордын ус ашиглалтаас үүсэх байгаль орчны (орчны хуурайшилт, өвс ургамлын гарц, гар худгуудын усны түвшин) болон газар доорх усны түвшингийн еөрчлөлтийг тогтоох, усны динамик нөхөн бүрдүүлэлтийг тооцох, ажиглах, ордын усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх олон давуу талтай.

Эл сэдвийн дор үлдээж, дуугүй өнгөрч болохгүй бас нэг чухал сэдэв бол газар доорх усны хайгуул судалгааны ажлын техникийн даалгавар боловсруулах ажилд ноцтой дутагдал оршиж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг ихэнх газар доорх усны хайгуулын техникийн даалгаварт ажлын тоо, хэмжээг тодорхой заадаггүй /газар нутгийн хэмжээ, цооногийн гүн, эхний болон эцсийн голч гэх мэт/ нь ажлыг олон жил дамжуулан хийх, эцсийн үр дүнг тодорхой бус болгох, хөрөнгө мөнгө үрэгдүүлэх боломж нээлттэй хэвээр байна.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны "Усны газар"-аас 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр боловсруулагдсан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Бор хөөвөрийн говьд "Сайншанд аж үйлдвэрийн паркийн усан хангамжид зориулсан газрын доорх усны нарийвчилсан хайгуулын гидро-геологийн судалгаа"-ны ажлын техникийн даалгавар байдаг.

Энэхүү даалгаварт Бор хөөвөрийн говьд судалгааны ажил хийнэ гэж заасан байтал "Сайн усны говьд" судалгаа хийгдсэн тухай тайлан "Усны нөөцийн зөвлөл"-д орж ирж байх жишээтэй. Даалгаварт анхнаасаа ажлыг тодорхой зааж өгөөгүй, хяналт сайн тавиагүйн балаг энэ юм. Зөвлөлийн гишүүд ч ямар даалгавартай байсныг сайн ойлгоогүй байдаг.

Хэрэв Аудитын байгууллага сүүлийн хоёр жилд хийгдсэн усны хайгуул, судалгааны ажлуудын техникийн даалгавар, ажлын эцсийн үр дүнг харьцуулан үзвэл ихээхэн сонирхол татах биз ээ. Уг нь техникийн даалгаварт заасан ажлыг төсөв зохиох дүрмийн дагуу үнэлэх, тооцох боломж байх ёстой.

Гэтэл яагаад ч үнэлэх боломжгүй техникийн даалгаварууд одоо ч боловсруулагдсаар байгаа нь анхаарал татдаг. Хайгуулын шатны аль ч ажил байсан геофизикийн хайгуулын ажлын хэмжээ, өрөмдөх цооногийн гүн, голч зэрэг бодитой хэмжээг тусгаж оруулах боломжтой юм.

Техникийн даалгаварт байх ёстой наад захын үзүүлэлтүүдийг оруулж өгөөгүйн улмаас хөрөнгө оруулалт дутагдах, ажил зогсох, он дамжин санхүүжих гэх мэт сөрөг үр дагаварууд үүсгэдэг. Судлаачийн анхаарлыг татаад байгаа асуудлын гол нь, хэн энэ бүхнийг зохион байгуулалтад оруулж, хууль дүрэм, нөхцөл байдлыг тодорхойгүй болгоод байгаад усны салбарынхан, Төр захиргааны байгууллагууд анхаарал хандуулах цаг нь болжээ.

Хэрэв бид цаашид цеөн хүний одоогийн арга барил, ёс суртахуун, зохион байгуулалтад автах аваас нийгэм, олон нийтэд маш том эрсдэл авчрах аюултай үзэгдэл үргэлжилсээр байх болно. Усны асуудал бол улс орны хэмжээний чухал асуудал гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ гэдэгт миний бие судлаач, эрдэмтэн хүний хувьд итгэлтэй байна.

Бид хариуцлагагүй байдал гэдгийн ард нуугддаг хэсэг бүлэг хүмүүсийн жижигхэн эрх ашгийг анзаарч, эх орныхоо хөгжил, ирээдүйг нэгдүгээрт тавимаар байна. Өөрийн гэсэн толгойгүй утсан хүүхалдэйнүүд олширвол улсын хөгжил уруудахын шинж энэ яах аргагүй мөн юм.

Монгол улсад усны нөөцийг бодитой тогтоох олон улсад зөвшөөрөгдсөн математик тоон загварын аргыг хэрэглэж эхлэхийг өнөөгийн бодит байдал буюу ирээдүй шаардаад байна. Орших уу, эс орших уу гэдэг чинь явж явж устай холбоотой асуудал юм шүү дээ. Тэгээд ч усны НӨӨЦИЙН TOO, хэмжээгээ зөв тогтоохыг зөвхөн би биш олон улс шаардаад байгааг анзаарч, орчин үеийн стандартад нийцсэн арга зүйд шилжих нь зөв юм.