Л.Алтангэрэл: Усыг зохистой ашиглахад хийх эхний алхам бол усны үнийг нэмэх
Нийслэлийн ЗАА-ны Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэлтэй ярилцлаа.
- Улаанбаатар хотын ус хангамжийн байдал ямар байна вэ?
Нийслэл маань усан хангамжийн дөрвөн эх үүсвэр ашигладаг. Энэ онд Яармаг, Гачуурт, Буян-Ухаагийн багахан хэмжээний усан хангамжийн нөөцүүд ашиглалтад орно. Ус сувгийн удирдах газарт харъяалагддаг дээрх дөрвөн эх үүсвэр хоногтоо орон сууц, аж ахуй нэгжүүдэд 170 мянган куб метр ус түгээж байна. Гурван том дулааны цахилгаан станци үйлдвэрлэлдээ хоногт 70-80 мянган куб метр гүний усыг хэрэглэдэг. Түүнчлэн 5000 гаруй гүний худаг бий.
Нийтэд нь аваад үзвэл нийслэлчүүд хоногтоо 300 мянга орчим куб метр усыг хэрэглэж байна.
Улаанбаатар орчмын усны нөөцийг хамгийн сүүлд 1981 онд Оросууд тогтоож байсан. Усны нөөцийн судалгааны хүчинтэй хугацаа нь дунджаар 20 жил байдаг бөгөөд тэр үедээ 20 жилийн туршид хоногт 280 мянган куб метр усыг ашиглаж болно гэсэн тооцоо гарсан. Түүнээс хойш гуч гаран жил болоход нэг ч судалгаа хийгдээгүй учраас нөөцийн судалгааг дахин хийх хэрэгтэй. Өнөөдөр хоногт ахуйн болоод техникийн усанд 300 мянгыг хэрэглэж байгаа нөхцөлд хэрэглээ нь нөөцөөсөө давах байдал ажиглагдаж байна гэсэн үг.
Чанарын хувьд нийслэл орчмын ус дэлхийд дээгүүрт орох цэнгэг, бохирдолгүй ус. Гэхдээ Монгол шиг зөвхөн газрын гүнээ усаа голлон ашигладаг орон тун цөөн. Олонхи орнууд усан боомт, усны цогцолбор барьж гадаргын усыг түлхүү ашигладаг. Гадаргын ус ашиглах нь экологийн таатай нөхцөл, ая тухтай амьдрах орчинг бий болгож усны нөөцийг нэмдэг.
- “Саарал ус” гэсэн ойлголтыг уншигчиддаа тайлбарлахгүй юу?
Саарал ус гэдгийг иргэд байтугай зарим усны салбарт ажилладаг хүмүүс ч өөрсдөө сайн ойлгодоггүй. Орон сууцаар жишээ аваад ярихад өнөөдрийн байдлаар бохир усны нэг, цэвэр усны нэг шугам татсан байдаг. Суултуурт хэрэглэсэн усыг хар ус гэнэ. Харин гар, аяга таваг угаасан ус, ваннад хэрэглэсэн бохир ус барилгын доор суурилуулсан тусгай төхөөрөмжөөр цэвэршүүлсний дараа саарал ус бий болдог. Тэрхүү цэвэршүүлсэн усыг суултуурын бочконд юмуу эсвэл ногоон байгууламж, талбайд ашиглахыг саарал усны ашиглалт гэнэ.
2020 он гэхэд Монгол улс гадаргын усыг түлхүү ашиглах зайлшгүй шаардлагатай тулгарна.
Өнөөдөр Монголд саарал усыг ашиглах барилгын норм, стандарт бий болоогүй. БХБ-ын яамны Барилгын хөгжлийн төвөөс саарал усны стандартыг гаргаж Стандарт хэмжил зүйн төвөөр баталгаажуулах ёстой. Үүний дараа баригдах барилгуудыг төрийн бодлогоор саарал ус ашиглах технологитой нь барих ажлыг хийх хэрэгтэй. Ингэж байж уг санаа хэрэгжиж, усыг хэмнэх нөхцөл бүрдэнэ.
- Улаанбаатарын хэмжээнд усыг зохистой ашиглах ямар арга замууд байна вэ?
Төв цэвэрлэх байгууламжид хоногт 170-190 мянган куб метр усыг цэвэршүүлээд юунд ч хэрэглэхгүй Туул гол руу юүлдэг. Уг усыг ТЭЦ-үүдийн технологийн хэрэгцээнд ашиглавал хоногт 80 мянган куб метр ус хэмнэх болно.
Энэтхэг дэх усны гачигдал
Түүнээс гадна газрын өнгөн хэсгийн усыг ашиглах боломж бий. Төрийн Ордноос хойш Зуун айл хүртэл, Зүүн Сэлбийн орчимд газрын өнгөний ус элбэг бөгөөд газрын гадаргаас ердөө 1,5 метрт байдаг. Өөрөөр хэлбэл зуун айлын орчимд ухсан хоёр метрийн гүнтэй жорлонгийн нүхний 50 см нь хөрсний устай. Уг хөрсний ус ямар ч ашиглалтгүй Сэлбээр дамжаад Туул гол руу гардаг. Энэ усыг цэвэршүүлээд ногоон байгууламжид ашиглах боломж бий.
Мөн усыг дахин ашигласан уул уурхай, автомашины угаалгын газар гэх мэт аж ахуй нэгжүүдэд төлбөр, татварын уян хатан бодлоготой хандвал усны хэмнэлт гарч ирнэ.
Иргэдийн дадал хэвшил усны зохистой хэрэглээнд чухал үүрэгтэй. 150 грамын стакантай усаар шүдээ угаах уу, эсвэл крантаа гоожуулж орхиод 15 литрээр угаах уу гэдэг бол цэвэр дадлын асуудал. Дээр нь усыг хэмнэдэг тоног төхөөрөмж, технологиудыг ашиглах хэрэгтэй. Тухайлбал орон сууцны давхар бүрийн усны даралтыг ялгавартай өгснөөр доод давхруудад их усыг дэмий зарцуулахгүй байхаар зохицуулдаг технологи ч бий.
- Усны үнийг ямар байдлаар нэмэх нь зүйтэй вэ?
Өнөөдөр Монголд ус үнэгүй байна. Нийслэл хотын хувьд цэвэр ус дөрвөн том эх үүсвэрээс иргэдийн крантанд хүргэсэн үйлчилгээний төлбөрийг иргэдээс авдаг. Усыг зохистой хэрэглэх, үнэ цэнэтэй болгох эхний алхам бол усны үнийг нэмэх буюу усыг үнэтэй болгох цаг болсон.
- “Ус” хөтөлбөрийн үр дүнг мэргэжилтний үүднээс дүгнэвэл?
Монголд нэг сонин тогтолцоо бий. Засгийн газраас дунд, урт хугацааны үндэсний хөтөлбөрүүд баталдаг мөртөө хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгдөггүй. Ус хөтөлбөр хэрэгжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь энэ. Өнөөдөр усны нэгдсэн бодлого алга. Яам болгон өөрийн амбицаар усны асуудалд ханддаг.
- Уул уурхайд гүний усыг ихээр хэрэглэх нь ямар үр дагаварт хүргэх вэ?
Говь нутгийн гүний усны нөөцөөр шороо угаачихаад дараа нь яаж хүн амьдруулах гээд байгааг би ойлгодоггүй. Хэрэв Говийн усны нөөцийг шавхчихвал нэгэн том эмгэнэл бий болно. Уул уурхайд усыг зохистой ашиглах ганцхан зам бол дахин ашиглах.
Ер нь нэг зүйл нэмээд хэлэхэд дэлхийд ирээдүйн ихэнх дайн тулаан уснаас болж гарна гэж бодож байна. Монголчуудын хувьд одоохондоо мэдрээгүй учир ус байнга элбэг байх юм шиг санагддаг. Усны асуудалтай бид ойрын хэдэн жилд зайлшгүй тулгарна.