Уг үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай
2014.05.28

Хятадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр удахгүй нээлтээ хийнэ

Хөтөлийн цемент, шохойн үйллдвэр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах уг үйлдвэртэй тэнцэх хэмжээний хүчин чадалтай хоёр ч үйлдвэр энэ оны сүүлээр ашиглалтад орох таатай мэдээ байна.

Гэвч Хятадын төрийн өмчит цементийн үйлдвэр Төв аймагт хэзээ мөдгүй нээлтээ хийх гэж байгаа нь үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сулруулахад хүргэж байна. 

Манай улс өнгөрсөн онд 2,2 сая тонн цемент хэрэглэсэн гэсэн тоо байна. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрээс дотоодын хэрэгцээний 30 орчим хувийг хангасан. Харин саяхан үйдлвэрийн шинэчлэл хийгдэж 50 хувьд хүргэх боломжтой болсон. Гэтэл өмнөх Засгийн Газрын үед Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр барих гэрээ байгуулсан учир уг үйлдвэр удахгүй нээлтээ хийх гэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:

Түрүүчийн Засгийн газрын үед байгуулсан хоёр улсын гэрээний дагуу баригдаж байгаа сая тонны хүчин чадалтай үйлдвэр. Гэхдээ бид Монголд олон цементийн үйлдвэр баригдаж буй учир клинкээр тээрэмдэх үйл ажиллагаа явуулж болох уу гэсэн саналыг тавьсан. Нөгөө талынхан саналыг судалж үзэж байгаа. Гэхдээ гадна, дотны хөрөнгө оруулалт гэж ялгах хэрэггүй. Бидэнд цементийн хэрэгцээ байна. Хамгийн гол нь үнийн нэгдмэл бодлоготой, чанарын хувьд өрсөлдөхүйц байх хэрэгтэй. Манай үндэсний үйлдвэрүүдийн хувьд бүтээгдэхүүний чанар, боловсон хүчний чадамж хангалттай байна.

Дашрамд дурдахад Монгол улс сүүлийн дөрвөн жилд цементийн импортод 450 сая доллар зарцуулсан байна.