Л.Энх-Амгалан: Засгийн газрын буруугаас зарим объектууд баригдахгүй болсон нь харамсалтай
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.05.23

Л.Энх-Амгалан: Засгийн газрын буруугаас зарим объектууд баригдахгүй болсон нь харамсалтай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Ажлын хэсгээс төсөвт өртөг нэмэгдүүлэх 11 санал оруулахаар зарчмын зөрүүтэй санал оруулсан  байлаа. Гэвч үүнийг сөрөг хүчин урсгал зардлаа танана гэж яриад эргээд нэмэгдүүлж болохгүй гэдэг эсэргүүцэлтэй тулсан юм.  Тиймээс ажлын хэсэг төсөвт өртөг нэмэгдүүлэх саналаа татлаа. Ажлын хэсгийнхэн саналаа татаж авсны дараагаар гишүүд байр сууриа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Засгийн газар өргөн барьсан Төсвөө зөв тайлбарлаж, мэдээлэл өгч чадахгүй байна. Эдгээр объектуудыг хархад шинээр орж ирсэн объект байхгүй байна. Манай аймгийн Их булаг сумын эмнэлэгийн асуудал гэхэд төсөвт өртөг нь 2014 оны улсын төсөвт 850 сая гэж суусан. Гэтэл ЭЗХЯамны гаргасан жишиг зураг нь 1.5 тэрбум гэж гарчихсан. Тэгэхээр энэ 1.5 тэрбум төгрөгөөр нь явах шаардлага үүсэж байна. Ингээд Засгийн газрын алдаанаас болж зарим нэг ажлууд жилээр хойшлогдож байгаад харамсаж байна. 270 объектыг бүтэн 2 жилийн турш царцаж, царцаж сая нэг 140 объектийн хувь заяаг шидээд үлдсэн нь маш тодорхойгүй үлдэж байна. Хэрэв ажлын хэсэг энэ төслийг татах юм бол зургаадугаар сард Ч.Улаан сайдын хэлсэн төсвийн тодотгол зайлшгүй орж ирэх ёстой шүү.