УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.05.21

Х.Болорчулуун: Олонхи энэ чухал хуульд их хариуцлагагүй хандсан

“Монгол” HD телевизийн “Зочны цаг”-аар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцлоо.

-          Өнгөрсөн долоо хоногт “Газрын тосны тухай хууль”-ийн төсөл ороод гишүүдийн олонхийн санал авч чадалгүй унасан. Яагаад энэ хуулийн төсөл уначихав, Ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?

Газрын тосны тухай хууль анх 1991 онд батлагдсан байдаг. БНМАУ-ын хуулиудаас ганцаараа шинэчлэгдэж чадаагүй үлдсэн хууль. УИХ-аар хоёр ч удаа орох гэсэн ч орж чадалгүй унасан гашуун түүхтэй. Энэ удаа байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэж чуулганы эцсийн хуралдаанд олонхийн дэмжлэг авалгүй унасан. 64 гишүүн санал хураалтад оролцсон ч 32, 32 гишүүнээр тэнцэж нэг хүний саналаар унасан юм.

-          Сөрөг хүчний зүгээс олонхи ирцээ бүрдүүлж чадаагүй учраас Газрын тосны хууль унасан гэж тайлбарлаж байгаа?

Энэ бол үнэн. Олонхи энэ чухал хууль дээр их хариуцлагагүй хандсан. Нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой энэ хуулийг батлахын төлөө санаа тавьж, сайн анхаараагүй. Олон давхар дээлтэй гишүүд хурлаа хаяж гарсан байсан. Яагаад гэвэл картаа шургуулаад хаяад гарчихвал санал нь эсрэг болдог. Сөрөг хүчин бүгд эсрэг санал өгсөн. Иймээс энэ хууль олонхийн дэмжлэг авч чадаагүй.

-          МАН-ынхан одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай холбоотой учраас хамгаалаад үлдчихлээ гэдэг зүйл байгаа шүү дээ. Та үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

Энэ хууль БНМАУ-ын үеэс хойш цорын ганц үлдсэн. Үүнийг шинэчлэх, сайжруулах сонирхолгүй гишүүд парламентын,  ялангуяа удаан хугацаанд парламентад сууж байсан хүмүүс их байна. Эдгээр хүмүүс энэ хуулийг гаргахгүй, гаргасан ч сул байлгах, Монгол улсад ашиггүй байлгахын төлөө зүтгэж байгаа нь ажиглагдаж байсан.

-          Шалтгаан нь юу байна вэ?

Шалтгаан нь гадна, дотны олон нөлөөлөл байгаа байх. Тийм байдал ялангуяа ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх үед мэдрэгдэж байсан. Ер нь Монгол улс байгалийн баялаг, ашигт малтмалтай холбоотой, газрын тостой холбоотой хуулиа сайн гаргаж байж нийгэм, эдийн засагт түлхэц болно. Маш чухал хууль.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...