Шинээр оюутны байр барьж өгөхийг хүслээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, МОХ-ын Ерөнхийлөгч Х.Батсайхан
2014.05.19

Шинээр оюутны байр барьж өгөхийг хүслээ

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнгөрсөн оны  арван хоёрдугаар сард шинээр ашиглалтанд орсон мянган оюутны байрны үйл ажиллагаатай өнөөдөр  танилцав.

Шинэ ашиглалтанд орсон “Оюутны өргөө” дотуур байранд хувийн хэвшлийн болоод Төрийн өмчийн нийт 22 их дээд сургуулийн  960 оюутан амьдарч байгаагийн зэрэгцээ нэг оюутанд 4 мкв талбай оногдож байгааг Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун танилцууллаа. Давхар бүртээ утасгүй интернеттэй энэхүү дотуур байр нь  оюутнуудын хичээллэх орчин нөхцөл, тав тухыг хангах 40-60 оюутны багтаамжтай уншлагын танхимтай аж. Цаашид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тусламжтайгаар оюутнуудад зориулсан эрүүл мэндийн  болон бие бялдаржуулалтын фитнесс төв байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Мөн энэ үеэр  “Оюутны өргөө” шинэ дотуур байранд амьдарч байгаа оюутнууд тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд сэтгэл хангалуун байгаагаа  илэрхийлж байсан юм. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутан П.Энх-Ундрал хэлэхдээ, “Хичээл хийх, амралт чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэхэд таатайгаас гадна  багш нар оюутнуудын эрүүл мэндэд тун их анхаардаг. Нэг өрөөнд дөрвөн оюутан амьдардаг. Найман оюутны дунд нэг хөргөгч байдаг учир хүнсний эрүүл ахуйн чанар маш сайн” гэв.

“Оюутны өргөө” шинэ дотуур байр

“Оюутны өргөө” шинэ дотуур байрыг Монгол Улсын Гавъяат зөвлөх багш Г.Бадам хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэрээр, залуу үеэ зөв төлөвшүүлэхийн тулд сайхан орчин бүрдүүлж өгөх нь юунаас ч илүү чухал гэдгийг онцолсон юм. “Оюутны өргөө”  нэг, хоёрдугаар  дотуур байранд нийт дөрвөн багш ажилладаг байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Их, дээд сургуулийн захирлууд шинэ дотуур байр барьж байгуулах хүсэлтэй байдаг ч газар байхгүй гэдэг хүндрэлээс болоод ихээхэн гацаанд ордог. Тиймээс хуучин дотуур байруудыг нурааж газар дээр нь шинэ байр босгох санал  Монголын Оюутны Холбоонд цөөнгүй ирсэн байна. Залуу үеэ тав тухтай орчинд сургах, зөв төлөвшил хүмүүжил олгоход шинэ оюутны байраар хангах нь маш чухал. Оюутны дотуур байрыг шинэчлэх ажил хийгдсэнээр цаашлаад залуу гэр бүлд ч ач холбогдолтой. Учир нь цогц “Оюутны хотхон” бүрэн ашиглалтанд ормогц  залуу гэр бүлд шинэ баригдсан оюутны байр шилжин очих боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн Монголын Оюутны Холбооноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хуучин дотуур байруудыг шинэчлэх хүсэлт гаргасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн шинэ оюутны байрны дэргэд байршилтай 1981 онд анх ашиглалтанд орсон хуучны дотуур байрнуудын  өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.