Дэлхийн залуучуудын чуулганы нээлт боллоо
Азид анх удаа Дэлхийн залуучуудын чуулган боллоо
2014.05.07

Дэлхийн залуучуудын чуулганы нээлт боллоо

“Дэлхийн залуучуудын чуулган 2014” Шри ланка улсын Хамбантото олон улсын цогцолборт нээлтээ хийв.

Нээлтийн ажиллагаанд дэлхийн 40 орны засгийн газрын залуучуудын сайд нар, 159 орны 1400 төлөөлөгч залуус оролцон Нэгдсэн үндэстний байгууллагын Мянганы хөгжлийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлох, эх дэлхийн олон мянган залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг тодорхойлохоор цугласан байна.

Чуулганы хүндэт зочиноор НҮБ-ын 68 дугаар Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жонн Аш,  Шри ланка улсын хаан Махинда Ражапакса, 40 орны залуучуудын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар оролцож тусгай хурлыг чуулганы үеэр зохион байгуулж улс орон бүрт залуучуудын асуудлаар тулгарч байгаа бэрхшээл, хийж хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаас хуваалцав.

Зураг 2: Монголын төлөөлөгчид Шри Ланка улсын хаан Махинда Ражапакса, НҮБ-ын төлөөлөгчдийн хамт

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн хэлэхдээ: “Залуучуудад орон нутгийн, үндэсний, дэлхийн түвшинд шийдвэр гаргахад идэвхитэй хэсэг байх боломжийг олгох хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Ахмед Алхендавий уламжилав.

Монгол улсаа төлөөлөн Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, чуулганы дэлхийн нүүр царай болсон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зөвлөх гишүүн Л.Жаргалдаваа, зохицуулагч Б.Баярбаатар, ХАХНХЯамны гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамсүрэн, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Дастин Бартер нар оролцож байна.

Монголын төлөөлөгчид чуулганы нээлтэнд оролцож төрийнхөө далбааг мандуулсан байна. Төлөөлөгчид Шри ланка улсын хаан Махинда Ражапакса, НҮБ-ын 68 дугаар Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жонн Аштай уулзаж монгол залуусынхаа мэндчилгээг хүргэжээ.

Чуулганы эхний өдөр нээлтийн арга хэмжээ болж өнгөрсөн бол өнөөдөр үндсэн чуулганы үйл ажиллагаа Коломбо хоты цогцолборт болж байна.