Х.Бат-Ялалт: АТГ-т шалгагдаад байгаа хэргүүд эцэслэн шийдвэрлэгдсэн нь ховор байна
Иргэдийн шударга шүүх ТББ-ын захирал Х.Бат-Ялалт
2014.05.08

Х.Бат-Ялалт: АТГ-т шалгагдаад байгаа хэргүүд эцэслэн шийдвэрлэгдсэн нь ховор байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр“Гэмт хэрэгтэй тэмцэх, шалгах ёстой ЦЕГ, Авлигатай тэмцэх газар хэний төлөө ажиллаад байгаа нь тодорхойгүй байна. Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, эсвэл тэдний гэр бүл, хамаатан садан оролцсон хэргийг хууль хяналтынхан эцэслэн шийдвэрлэхгүй нуун дарагдуулдаг болоод байна" гэв. Энэ талаар болон бусад асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад ийм хариулт өглөө.

-АТГ-аас ямар хэргүүдийг эцэслэн шийдвэрлэхгүй байна вэ?

-Эрх мэдэлтэй хүмүүс гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл зөндөө байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр гарч байна. Гэтэл энэ хэргүүдийн асуудал яагаад шийдэгдэхгүй байна вэ гэдэг нь асуудал болж байна. Албан тушаалын гэмт хэрэг далд үйлдэгдэж байна. Энэ далд хэрэгтэй тэмцэх ёстой байгууллага нь ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрууд байдаг. Эдгээр байгууллагууд хэний төлөө ажиллаж байгаа юм бэ гэдэг асуултыг тавимаар байна.

Ялангуяа Ерөнхий сайдын охин, хүргэн нар нь гэмт хэрэгт холбогдсон байна. Хууль зүйн сайд нь гэмт хэрэгт холбогдоод байна. Энэ хэсгүүдийг шалгаж чадах чадвар байгаа юу гэдэг нь ард түмэнд эргэлзээ төрүүлж байна. Харин нөгөө талаасаа иргэд энэ гаж үйлдлийг хүлээн зөвшөөрөөд эхэлчихлээ. Даргын хэргийг шалгадаггүй, жирийн иргэдийн хэргийг шалгадаг гэсэн ойлголт нийгэмд бий болчихлоо.

АТГ хэн нэгний захиалгаар хүнийг барьж хорьдог газар болчихсон юм уу хардаад байгаа

-АТГ хүний эрхийг зөрчиж байгаа гэх яриа байдаг. Хэн нэгний захиалгаар прокурортой нийлээд хүнийг барьж хорьдог гэх асуудал байдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хэн нэгний захиалгаар ажиллаад байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлээд байгаа нь үнэн. АТГ-ынхан олон хэргийг шалгаж мөрддөг. Дуртай хүнээ барьж хорьдог. Гэтэл шалгагдаад байгаа тэр олон хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн нь ховор байна. Хэрэв шалгагдаж байгаа хүн нь ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийгээгүй нь тодорхой болоод шалгасан хэрэг нь хэрэгсэхгүй болж байгаа бол эргээд мэдээлэл хийх хэрэгтэй. Гэвч огт тэгдэггүй.

Хэдийгээр хэн нэгнийг хэрэгт холбогдуулан шалгах эрхтэй ч гэсэн сүүлийн үед гэм буруугүй олон хүний эрхийг зөрчөөд байх шиг санагддаг. Энэ бүгдээс харахад АТГ хэн нэгний захиалгаар хүнийг барьж хорьдог газар болчихсон юм уу хардаад байгаа. Тухайлбал, “Сод монгол” группын захирал Ц.Анандбазарыг 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших гэж байсан. Гэтэл гэнэтхэн л АТГ-аас авлигын хэргээр цагдан хорьсон. Түүнийг сонгуулийн дараа энэ хэрэгтэй холбоогүй юм байна гээд сулласан